“Оршуулгын газрын эмх цэгц, эрхзүйн шинэчлэлийг хийцгээе” Нийтийн өргөдөл санаачлагч, Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Д.Гансаруулын 2013 онд Баян-Өлгий аймгаас бэлтгэсэн цуврал нийтлэлийг нэгтгэн хүргэж байна. Уг цуврал нийтлэлийг Өдрийн сонины архиваас авлаа.
ӨДРИЙН СОНИН (2013 оны 12 сарын 17)
“Манай онгоц 15 минутын дараа Өлгий хотын нисэх онгоцны буудалд газардана” гэж онгоцны үйлчлэгч залуу зарлалаа. Баян-Өлгий аймгийн төвийг дээрээс нь нэг хараад, зургийг нь дараадахъя гээд нүүрнээс яльгүй том цонхонд дух, хамраа наалаа.
Энэ эгшинд “…Миний нутгийн бараа юу даа…” гэж нэгэн дууны хэсэг өөрийн эрхгүй ороод ирлээ.
Алтайн хөх уулс үүлс яран, мөнх цаст оргилууд нь алсаас цайрна. Сүр бараатай гэж. Ховд гол нүүрсний судал шиг харлан гялалзана, тээр дор. Гол Өлгийн дээхнэ хоёр салаалж арал үүсгэнэ. Уг арлыг Хуст арал гэнэ.
Баруун хойхно байх хар уул бол Бөхөн. Тэмээний бөх шиг болохоор ингэж нэрлэсэн домогтой. Бөхөнгийн хөндийд байрлах нисэх онгоцны буудалд буулаа. Гадаа хасах таван хэм хүйтэн. Өнтэй гэж хэлэхэд ч багадмаар бараг намраараа. Эргэн тойронд хүрээлсэн уулс хүрэнтэнэ. Цаанаас нь өндөр хайрханууд дүнхийнэ, зулай нь цастай.
Тийм ээ, энэ баруун хязгаарын жижигхэн хот бол миний өссөн төрсөн төрөлх тоонот минь билээ. Би энд хүн болж арван хэд хүртлээ шороотой гудамжаар нь өдөржин хөөцөлдөн тоглож өссөн сөн.
Хорин жилийн дараа төрөлх аймагтаа ирэхэд өөрийн эрхгүй,
Газрын холоос цайвалзсан
Ганган цагаан хот байна аа
Ганцхан насанд заяасан
Миний нутгийн бараа юу даа…хэмээн аяланхан дуулж уярлаа.
Булган, Хэнтий, Хөвсгөл, Сэлэнгэ гээд модтой, ойтой газруудад модоор “зодож” барьсан шувуун нуруутай байшин сав, бэлдээд тавьчихсан торх хаа сайгүй л тааралддаг даа. Харин Баян-Өлгий аймгийн байгалийн тогтоц уур амьсгалаас улбаалж модны асуудал хүндрэлтэй гэдэг нь айлуудын хашаа байшингаас илээхэн харагдана. Социализмын үед яахав бусад аймгуудаас нэгдсэн журмаар мод татаж, бэлтгэчихсэн модоор хашаа, байшингаа барьдаг байж. Гэтэл айлууд хашааны банзнуудаа түлээд дуусчихсан учир бүгд болоок цохиод хашаа барьж, шохойдчихож. Байшингууд нь ёотон шиг дөрвөлжин дөрвөлжин, цагаан.
Ажлын цаг тарахаас өмнө аймгийн музейд очлоо. Гэтэл нэг хасаг бүсгүй өөдөөс төрөлх хэлээрээ ярина. Юу гэж байгаа нь мэдэхгүй юм хойно “Монголоор ярина уу” хэмээн гуйлаа. Тэгтэл “Ажалын цаг дуусн” гэв. Хараахан хаах цаг нь болоогүй байгаа гэдгийг тайлбарлавал “Бажай оруулий” гэлээ. Тайлбарлагч нь байдаггүй. Тасалбар тасалж өгсөн хижээл насны хасаг эр тайлбарлагч хийхээр боллоо. Музейн барилга гурван давхар. Нэгдүгээр давхарт байгаль, амьтны, хоёрдугаар давхарт түүх, нийгэм, дээд давхарт нь түүх, ёс заншлын үзмэрүүдээ байрлуулжээ. Зохион байгуулагч эр жаахан халамцуу “Ийшээ явна аа. Маршрут нь ийшээ” гээд дагуулж явлаа. Бүгдийг нь нэг бүрчлэн тайлбарлаж буйгаас нь үзвэл энэ хүн энд олон жил ажиллаж байгаа туршлагатай нэгэн аж. “Одоо ийшэй. Маршрутаараа явна аа. Кэдүүлээ” гээд л.
Зарим үзмэрийн хажууд ирээд үүх түүхээс нь эхлүүлээд бүгдийг заана. Тэгтэл үүдэнд таарсан өнөө эмэгтэй түүний ханцуйнаас татаж “Суурважлагч, суурважлагч” гэх нь сонсогдов. Халамцуу эр үгийг нь үл тоон үргэлжлүүлэн дагуулж явсаар. Толбо нуурын тулалдааны дүр зургийг үзүүлсэн үзмэр ихэд сонин. Тулалдаан хэрхэн өрнөж буйг үзүүлсэн том хөргийн урдуур тулалдааны талбараас олдсон эд зүйлс, тэндээс авчирсан шороо чулуугаар бодит юм шиг л талбай засчээ.
Богд хааны шинэ төрд дагаар орохоор Жүнисбай, Түнкебай тэргүүтэй 400 өрх ардын өргөсөн хүсэлт бичиг байна. Ийм бичгийг хасгууд 1912 оны долдугаар сарын 14-нд өргөж байжээ. Үүнээс өмнө эдгээр ардууд харьяа аймаг, хошууны ноёдод энэ хүсэлтээ өгүүлсэнд эс зөвшөөрсөн учир ийн Богд эзэнд хандсан түүхтэй гэнэм. Богд эзэн өршөөнгүй сэтгэлээр хандаж дагаар орох гэсэн эдгээр ардын хүсэлтийг зөвшөөрч хишиг хүртээсэн байдаг. Ийм хоёр түүхийн сурвалж музейн хананд өлгөөтэй байх аж.
Хишиг гэдэг бол монголчуудын хувьд хууль ёсоор бус сайхан сэтгэлээр өөрийнхөө үнэт зүйлээс тодорхой хэсгийг өгөхийг хэлнэ. Халх ёсонд хишиг хүртээх гэж том заншил бий. Зочин тавагтай идээнд зөв гараа хүргэж тухайн айлын буянаас хишиг хүртдэг. Ингэхээр газар нутагтаа амьдрах зөвшөөрөл олгосон гэдэг нь маш том хишиг хүртээсэн хэрэг юм. Ийм сайхан өгөөмөр сэтгэлийг өгүүлсэн түүхэн баримт энэ музейн хойморт байна.
Баян-Өлгий аймгийн уугуул иргэд болох урианхайчуудын түүхийг өгүүлсэн үзмэр цөөхөн харагдав. Урианхай эрэгтэй, эмэгтэйчүүдийн өмсгөл, дээл, гутал төдийхнөөс өөр зүйлгүй. Харин Чингэс хааны үеийнх гэж тайлбарласан эмээл анхаарал татав. Бас хасгийн хүүхдийн эмээл ихэд сонин. Эмээл дээр мордуулангуут бүдүүн гуяаар нь дардаг модон даруулгатай. Хөлийг нь сэрүүнд дааруулж жиндүүлэхгүй байх дулаан ууттай санж.
Музейгээс гараад аймгийн төвөөр алхаж, энүүгээр тэрүүгээр юм сонирхлоо. Төв талбайгаар нь явж, хойно нь байрлуулсан тайзан дээр гарч ойр орчмын зургийг нь гэрэл зургийн аппаратандаа буулгав.
Нар улбар туяа татуулан уулсын цаагуур бөхийлөө. Жавар тээсэн жиндүүхэн салхи хүзүү, чих хайрна. Жиндэж эхэллээ.
Улаанбаатарт хазгайдуухан тавиад өмсчихөд сайхан л харагддаг малгай минь чих дардаггүйг сая л мэдлээ. Баян-Өлгийн хувцасны их дэлгүүр гэсэн нэртэй дэлгүүрт орлоо. Малгайн тасагт очоод бүчтэй ноосон малгай худалдаж авав. Эндхийнхэн бараагаа Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн-Бээжин гэсэн чиглэлээр явж авчирна. Тээврийн зардал их ч юмны үнэ нь нийслэлийнхтэй харьцуулбал арай хямд. Ороолтоор толгойгоо донжтойхон ороосон эмэгтэй ойртож ирээд “Хэзээ ирэв” гэнэ. “Өдөр буулаа” гэчихлээ. “Аан. Ямар ажлаар явж байна” гэж байна. “Өө ойр зуур, эх орныхоо баруун нутгаар юм сонирхсон шиг ээ явж байна” гэж хэллээ. “Оюутан уу” гэж байна. “Үгүй” гэж хэлээд холхон шиг очоод бараа үзэж байгаа дүр үзүүлэв. Тэгтэл хажууд явсан хүнээс миний нас, шүд, ажил төрөл, ахан дүүсийг сураглаж, хаанахын хүүхэд вэ гэж асууж. Төрийн албанд ажилладаг, шижигнэсэн сайхан хүү нь эр биед хүрч, эхнэр авах цаг нь болсон гэнэ. Хүүтэй хүн хүүхэн хардаг гэдэг дээ. Тэр эмэгтэй хүүдээ эхнэр болох бүсгүй эрж байгаа нь тэр гэнэ. Удам судар нь таарвал намайг хүүтэйгээ танилцуулах хүсэлтэйгээ хэлжээ. Хөлөөс толгой хүртэл харж, хаашаа явна харц нь дагана. Тухайн үед ийм яриа болсныг мэдээгүй, дараа нь сонссон билээ.
Гутлын их дэлгүүрээр нь орлоо. Гутлын үнэ харин хотынхтой ойролцоо. Өндөр өсгийтэй, гялгар, арьсан, дэгжин гуталнууд. Доод давхарт нь шинэ жилийн даашинзнууд зарж байна. Худалдагч охин “Би Эрээнээс авчирсан. Бүгдэнгээс нь нэг нэгийг авчирсан. Эрээнд угаасаа нэг нэг байсан байхгүй юу” гэнэ. Гялзсан шигтгээтэй, өндөр өсгийтэй туфль байна. “Өлгийчүүд ийм гутал өмсөхгүй байх оо. Чи аваач. Хотын хүнд яг зохино” гэнэ.
Эндээс гараад зах руу явлаа. Багш, эмч, захиргаанд ажилладаг эмэгтэйчүүдийг эс тооцвол бүсгүйчүүд нь гар хийцийн эсвэл дотоодын үйлдвэрийн намхан ултай, түрийтэй гутал өмсөнө. Бүсгүйчүүд өндөр өсгийтэй гутал авбал тэр дор нь өсгийг нь төмөрлүүлнэ. Уулархаг газрын хөрс шороо нь чулуурхаг учир баргийн өсгийг тэсгээхгүй. Энэ нь морь маланд ч хамаатай. Захын үүдэнд морины тах зарж байна. Том жижгээсээ хамаарч үнэ нь наймаас арван хоёр мянган төгрөгийн үнэтэй. Их гүйлгээтэй бараа гэнэ. Морьд, хүүхнүүд нь тахтай байгаа нь амьдарч байгаа нутаг нь хэр онгон дагшин, байгалиараа байгааг илтгэх буюу нөгөө талаар аймгийн төвд нь явган хүний зам хомс гэдгийг хэлж байна.
Баахан эрчүүл биллиард тоглоно. Нэг ширээн дээр хоёр гурваараа. Зарим ширээнд бүр олуулаа тойрч тоглоцгоох юм. Зургийг нь авбал тэд шуугилдаж, шүгэлдэж бөөн юм боллоо. “Хээе. Нааш ир” гэж дуудаад л. “Наашаа хар даа” гээд л. Ганцаараа явсан бол айх байж шүү. Эндхийнх биш, хотоос ирсэн хүмүүсийг нутгийнхан андахгүй. Тэр дундаа хотоос бүсгүй хүн ирвэл эрчүүлийн нүд унаж, харц шидлэх нь энгийн үзэгдэл гэнэ. Хуурцаг зардаг сүүдрэвчний хажуугаар өнгөрвөл их л сайхан ая дантай хасаг дууг эрэгтэй хүн дуулна. Домбор, бөмбөр, цахилгаан хөгжим хослуулан сайхан дуулжээ.
Баян-Өлгийн монголчууд хот гэлтгүй Монголд хит болоод байгаа “Хар хархан харц” дууг сүүлийн үед их сонсч байгаа аж. Машиндаа, гар утсандаа, утасны дуудлагандаа энэ дууг тавьж, сонсоно, сонсгоно.
Зах тарах цаг болсон ч хүний хөл тасрах шинжгүй. Энд тэнд л наймаа ярьсан хүмүүс. Хасгаар ярих учир юу ярьж байгаа нь ойлгомжгүй. Мэдээж наймаагаа ярьж байсан байх.
Наймаачид павилионуудаа хааж, унаа тэргэндээ суух нь суугаад, явган нь алхана.
Энд явж байгаа машинууд хотод бараг үзэгдэхээ болиод байгаа “Эксель”, “Элентра” гээд хуучны машинууд. Бас хуучин микро автобуснууд.
Мотоцикль, микро, таксинууд ийш тийш хүн зөөнө. Эд бүгдийг эндхийнхэн такси гэнэ. Хол ойроосоо хамаарч мянгаас гурван мянгаар явна. Замын хөдөлгөөний дүрмийг төдийлөн баримталдаггүй нь олон зүйл дээр харагдав. Жолооч нар нь бүс зүүхгүй. Улаан гэрэл асвал зогсч, ногоон гэрэл асвал явдаг гэдгийг л мэддэг бололтой. Түүнээс биш энд дүрмээрээ явна гэх ойлголт бараг үгүй. Хэрвээ хоёр нөхөр мөргөлдөж, шүргэлцвэл дүрэм яриад нэмэргүй. Аль болох л тохиролцох хэрэгтэй.
Машинд суугаад бүс зүүвэл инээлдэх юм. “Зөв, зөв хотын хүн соёлтой байдаг юм. Бүс зүүх ёстой гэдгийг харуулаад өг” гэцгээнэ.
Захаар, төвөөр алхахдаа монгол үг ганцыг ч сонссонгүй. Өнөө бэр сураглаж буй настай эмэгтэйг эс тооцвол шүү.
Өлгийд амьдардаг монголчуудтай уулзлаа. Тэдний яриа нь гоморхсон. Өөрсдийгөө хаягдсан, мухардсан хүмүүс гэж үзэцгээх юм. Төрсөн нутаг, эх орондоо амьдарч байж ийн гомдоллох нь сонин. “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд ирэхээр дандаа л казахын ард түмэн минь сайн байна уу гэдэг. Энд монголчууд амьдардаг гэдгийг мэддэггүй. Тэгж мэндчилэхээр яасан их гомддог гээч. Үнэндээ бол бид үндэсний баатрууд” гэж өөрсдийгөө тодорхойлно. “Бид чинь монгол гэдгээ мэдрүүлэх гэж гадуур гарахаараа дээлээ өмсдөг” гэцгээнэ.
Өлгийн ихэнх албан байгууллагын хурал, шуурхай яриа энэ тэр нь бүгд казах хэлээр явагдана. Бүр захиргааны ажил нь хүртэл. Хэрвээ хотоос хүн очвол Баян-Өлгий аймгийг Казахстан улсын нэг хэсэг л гэж харж болохоор.
Нэгэн залуу хэдэн жилийн өмнө Баян-Өлгийд ажлаар машинтайгаа ирж л дээ. Машин нь эвдэрч, эндээ л томд тооцогдох ганц засварын газарт очиж, гадна нь гурав хоножээ. Тэгтэл монгол дээл өмссөн монгол хүнийг хараад гүйхээрээ ирээд уйлахын наагуур “Энд монгол хүн байдаг гэж үү. Би гурав хонолоо. Машин засуулах гээд. Урдуур дайраад л оруулчих юм. Болохгүй бол машинуудын урдуур нь хөндлөн хэвтчихье гэж бодож байлаа. Ашгүй монгол хүн таарлаа” гээд өнөө хүнийг царайчилж, хажуунаас нь салахгүй баахан дагажээ. Их л сүрхий сэргэлэн шар залуу байж. Тэрээр “Би эртээд нэг ирээд бас олон хоносон. Тэгэхэд би “Хорлоо” гэдэг ганцхан монгол үг олж сонсч билээ. Тэр Хорлоо эгч байгаа болов уу” гэж гэнэн цайлганаар асууж байжээ.
Монгол, казах үндэстэн зэрэгцэн амьдардаг Баян-Өлгий аймагт шашин, ёс заншлын зөрүүнээс болоод үл ойлголцол, биесээ хавчих үзэгдэл их байдаг гэнэ. Энэ талаар уугуул монгол иргэд нь их олон жишээ ярина. Тэгэхээр нөгөө талаас нь хасгууд “Монголчууд архичин, залхуу болохоор нутгаасаа нүүсэн” гэж ирээд л муулна. Тэгэхээр монголчууд нь “Энэ хасгууд чинь наашаа харж монголоор ярьчихаад цаашаа харж, хасгаар “Муу илжгүүд, гэдгэрүүд” гээд л муулж “Манайхан, манайх” гэж бүхнийг өмчилдөг” хэмээн гомдоллох. Бас “Хасаг гэж дуудвал бөөн юм болдог. Уг нь эд нар чинь хасаг юм шүү дээ” гэцгээнэ. Ийм хоёр өөр зүйлийг сонсоод яамаар ч юм бэ дээ гэж мухардахаар.
Төр засгийн бодлого Баян-Өлгий аймагт ирээд хасаг иргэдэд шингээд уугуул монголчуудад хүрдэггүй гээд “Үнэндээ бид чинь Монголдоо мартагдсан монголчууд. Та нар хувиа хичээсэн юмнууд. Улаанбаатарт уул уурхайгаа яаж идэж уух вэ гэж хэрэлдээд суугаад байдаг. Бид чинь эх орноо манаж байгаа хүмүүс. Бид яахав өнгөрсөн улс. Үр хүүхдүүд минь яах болж байна” гэнэ.
Хасгууд нь болохоор “Монголчууд залхуу. Дан байшинд амьдардаг. Биднийг хар. Хоёр давхарт амьдардаг. Энд амьдарч болоод байна” гэх.
Иймэрхүү яриаг очсон өдрийнхөө орой яасан ч ихийг сонсов. Хэнийх нь ч зөв юм. Толгой эргэмээр.
Баасан гариг. Хотод баасан гаригийг залуус өндөр “үр дүнтэй” өнгөрүүлдэг. Харин энд тийм зүйл үгүй. Оройн есөн цаг гээд л нам жим болно. Хотын төвд Монголд хамгийн өндөрт тооцогддог дахин дамжуулах станцын өндөөр гэгчийн антенны улаан гэрлүүд үзэмжтэйеэ анивалзана.
ХОЁРДУГААР ХЭСЭГ
Өглөөний нарны элч туяа Өлгий хотын баруунтаах уулсын оройд тусахад гэрээс гарлаа. Айлуудын яндангаас гарах утаа жаварт цохиулаад мөд дэгдэх шинжгүй.
Өмнө нь Хуст арал нэртэй байсан төрөлх гудмаараа алхлаа. Хүүхэд байхад их л өргөн гудамж байсансан. Гэтэл газар өмчлөл эхэлснээс хойш айлууд хашаагаа тэлснээр гудамжууд нарийсчээ. Иргэдийн хурал нь саяхан хуралдаж уг гудамжны нэрийг Ах Хустав гээд хасгаар сольчихож.
Унаагаа хүлээх зуур ойр хавиа баахан сараачлав. Мусульманы шашны сүмүүдийн оройд залрах хавирган сар бүхий бэлгэ тэмдэг утаан дундаас энд тэнд сарайна. Монголчуудын хувьд бурхан шашнаа шүтэх нөхцөл туйлын хязгаарлагдмал аж. Аймгийн урдхан байх Шар нуурын хөтөл дээр суварга босгожээ. Анх энэ суваргыг босгох гэж эндхийн монголчууд их л хөл хөөр болж, олон өдөр сэтгэл уужим суужээ. Гэтэл хэд хоногийн дараа шүтэж босгосон суваргыг нь эвдэлж сүйдэлсэн байна. Үүнд эндхийн монголчууд ихэд бухимдаж хотоос холбогдох албаны хүмүүсийг нь дуудаж нэг хэсэг бөөн шуугиан болжээ.
Өлгийчүүдийн яриагаар суваргыг шөнө дундын үед эвдэлж, сүйтгээд дээр нь элдвээр бичиж сараачсан байжээ. Үүнийг монголчууд Улаанбаатар, бусад аймгуудаас ирсэн элэг нэгтнүүддээ хэлж санаа нь амардаг бололтой. Баян-Өлгий аймгийн хэмжээнд бурххны шашны ганцхан хийд байдаг нь Буянт сумын төвд байна. Аймгийн төв ганц хийд барих гэж зүтгээд нэмэр тусыг олохгүй л байгаа гэнэ. “Тэнд хийд барих гэж байгаа” гэж бүгд л аймгийн урд зүг рүү заах юм. “Баян-Өлгийд ганц том хийд барьчихвал бидний нэг том хүсэл биеллээ гэсэн үг. Засгийн газрын бодлогоор ганцыг барьчихад яадаг байна. Гэтэл Турк, Казахстаны санхүүжилтээр олон зуун мусульманы сүм баригдсаар байна” гэж халаглана. Өнгөрсөн сард тохиосон зулын хорин тавны билэгт өдөр Баян-Өлгийн монголчууд зурагтаар дамжуулсан хурал номоо даган баясч, зул барьжээ. Ер нь Цагаан сар, билэгт сайн өдрүүдэд ингэж л ариусна. Хэрвээ яалтгүй ч ном уншуулж, засал хийлгэх болвол лам багшаа хаанаас ч хамаагүй өөрсдөө очиж авчирна.
“Ядаж аймгийн төв нэг хийдтэй болчих юмсан. Тэгвэл өдөр бүр очиж бурханд мөргөхсөн. Үгүй ядаж монголчуудтайгаа тэнд уулзаж, арц хүжний анхилуун үнэрт суунгаа сэтгэлээ уудалмаар байна” гэх нь өрөвдмөөр ч юм шиг.
Хүчний байгууллагуудын дарга нарыг монгол хүнээр сольсонд хасгууд нэг хэсэг баахан эгдүүцжээ. Монгол дарга нартай болсонд монголчууд ихэд баярлаж, амьсгал авахад жаахан уужим санагдах болсон гэнэ.
“Биднийг ийм хэцүү амьдардаг гэдгийг та нар мэддэг гэж үү”, “Биднийг марталгүй ирж байгаад баярлаж байна”, “Энд монголчууд амьдардгийг үнэхээр мартаагүй гэж үү” хэмээн хүүхдийнхэрхүү горьдсон харцаар харцгаана. Миний нэрийг, бидний нэр усыг битгий бичээрэй. Хасгууд мэдчихвэл ажил дээр хавчаад муулж бөөрөлхөөд байдаг юм гэнэ.
Монгол, хасаг хоёр хүний тэтгэвэрт гарах нас нь боллоо гэхэд монголыг нь шууд гаргачихаад өнөөхийг нь хүсэлтээр нь цааш ажиллуулдаг гэнэ. Тэгээд суларсан тэр орон тоонд хасгаа авна. Энэ бол Баян-Өлгий аймгийн хэмжээнд бүр ёс юм шиг тогтсон гэнэ. Энэ талаар гомдол гаргаж, заргалдвал аягүй бол тэтгэмжийн мөнгөгүй хоцорчихож ч магад гээд дуугүй л яваад өгдөг аж. Улаанбаатарт магистр төгсөөд ирсэн монгол залуус ажилд орох гэж элдэв өргөдөл, анкет, шалгалтад ороод тэнцэнэ гэж ёстой гонжийнжоо гэнэ. Харин төгсөөд ирсэн хасгуудад ийм зовлон үгүй. Тэгээд л арга тасраад монгол үр хүүхдүүд амьдралаа хөөгөөд буцчихна. Ийм жишээг орсон айл болгон ярьж “Монгол төрийн бодлого хаана байна. Энэ төрд бодлого байна уу” гэж хариулт нэхсэн нүдээр харна.
Ингэхээр хасгууд “Монголчууд амар хялбар амьдрах гээд л төв рүү явчихдаг. Түүнээс биш энд ажил олдоно оо, олдоно. Хамгийн гол нь залхуутай л холбоотой. Ямар ч хүн төрсөн нутгаа орхихыг бодохгүй. Бидэнд л лав Улаанбаатар руу явах бодол байдаггүй. Энэ бол бидний эцэг өвгөдийн нутаг” гэнэ.
Ийм яриа, хөөрөө сонсоод суутал морин цаг өнгөрөх дөхчихсөн байв. Унаа ч ирлээ. УАЗ-469 машин. Орос ах нарын энэ машин эндхийн бартаа ихтэй замд шалгарсан хүлэг.
Өнөө жил Толбо сум руу зам тавьжээ. Аймгаас тэр замаар гарлаа. Шар нуурын хөтөл дээр Өлгий гэсэн бичигтэй хөшөөт самбар бий. Ойролцоо нь замын цагдаагийн пост байрладаг юм байна. Постын дээхнэ өнөө эвдүүлж, сүйдлүүлсэн ч буцаад төрхөө олсон суварга эрхэмсгээр оршино. Суваргыг Бурхан багшийн сэтгэлийн бэлгэдэл хэмээдэг бол сүм дуган бол түүний бие, сэтгэл, хэлний цогц бэлгэдэл нь гэдэг. Ийм тусыг санаж монголчууд аймагтаа суварга босгосон нь энэ. Нарны туяа алтадсан орой тэргүүнд нь тусч нүд гялбуулам.
Толбо нуурын тулалдааныг монголчууд бид бүгд мэддэг, дуулсан. Хасбаатарын цэргүүд 45 хоногийн турш бүслэлтэд орж, элдэв бэрхшээл туулж, өл залгуулахын тулд эмээлийн гөлөм, муур хүртэл идэж байсан санаанд багтамгүй хэрнээ эрэлхэг түүх бий. Тэр тулалдаан болсон түүхт газраас арваад километрийн наанаас баруун гар тал руу зам салаад Өмнө голд ирлээ.
Уулсын бэлд намар, оройд нь өвөл харагдана. Намраараа байгаа хайрхнуудын цаанаас цаст хайрхад мишэлзэх шиг. Нар, хөх тэнгэрийн юугаар ч илэрхийлэшгүй хослол энд бүрэлдэж, цээжээ дүүртэл мянгантаа амьсгалаад ханамгүй тийм их хүсэл төрж, ханаа шийрлээд амьдраад, амьсгалаад баймаар эзэн хүний шунал ундарсныг нуугаад яахав.
Замд малаа хариулсан монгол малчид тааралдлаа. Өвөлжөө тавлаг, мал тарган байгаа гэж монгол хүний амны бэлгээр угтаж, хэрэг зоригийг асууна. Ер нь Буянт сумын нутаг нэрнээсээ авахуулаад буянтай хэмээж, өсч төрж насаа элээж, эцэст нь хөрсөнд нь шингэх эх нутгаа магтана. Хотын сонин асууна. “За цаагуур чинь сонин юутай. Яриад байгаарай” гээд л тамхи гаргаж ирээд хөөрөлдөх янзтай. Бүр тухалж суучихаад юм шалгаана. Нарны голтойд зорьсон газартаа хүрч, олон хүнтэй учрах ёстой болохоор учраа хэлээд салцгаалаа. Эзэрлэг хайрхны овоо бол Баян-Өлгий аймгийн уугуул иргэд болох урианхай, дөрвөд, тувачууд эрт дээр үеэсээ шүтэж ирсэн тахилгатай уул нь. Энэ аймгийн хүн амын 92.2 хувь нь хасаг, 7.8 хувь монгол гэсэн ийм харьцаатай болохоос өмнө буюу социализмын үед уг овоондоо наадам хийдэг байж. Тэр үед энэ харьцаа эсрэгээрээ байсан болохоор мэдээж жинхэнэ монгол үнэртсэн монгол наадам болдог байсан нь тодорхой.
Эзэрлэгийн нурууны хажуугаар өнгөрч явтал морио хөтлөөд хонио тууж явсан хасаг залуутай таарлаа. Нас нь хорь дөнгөж хүрч яваа болов уу. Жолооч түүнтэй хасгаар ярина. “Монгол хэл мэдэх үү” гэж монголоор асуухаар “Мэдэхгүй” гэж монголоор хариуллаа. Баруунтаах сүрлэг хайрхныг юу гэдэг вэ гээд асуувал “Жостама” гэв үү дээ нэг тиймэрхүү үгээр нэрлэлээ. Ихээ зосон будагтай. Нэгэн үе зосыг нь бага сагаар авдаг байсан Зост хайрханыг тэгж нэрлэдэг болчихож. Ойр хавийн газар усны нэрийг бүгдийг нь хасгаар хэлнэ.
Дээд их хаалгатын даваан дээр ирлээ. Эндээс ойр орчмыг бүхэлд нь харж болох аж. Алс холд байх хэрнээ дэргэд ч юм шиг харагдах Цаст хайрханы орой сүртэй сайхан санж. Тэр зүгээс цэнгэг агаар, эрх чөлөө мэдрэгдэнэ.
Давааны бартаатай, огцом эргэлттэй бэрх замаар уруудсаар Буянт голын гүүр давж Буянт суманд ирлээ. Алс хязгаарын сум болохоор айвуу тайван, дуу чимээгүй. Хүмүүс нь ч аажуу уужуу алхаатай. Хэн ирж вэ гэсэн шиг бүгд нааш саравчлан харцгаана. Эхлээд монгол айлуудаар орлоо. Бусад сумд монгол, хасаг иргэдийн тоо саяхныг болтол ойролцоо байснаа одоо 4000 хүнээс 1500 хүрэхтэй үгүйтэй нь л урианхай, дөрвөдүүд байна.
Хийд нь хаалттай байлаа. Нэг айлд цай цүй болоод сууж байтал гаднаас “Мал тоолнаа” гээд нэг хасаг залуу ороод ирлээ. Нэрийг нь М.Серикбол гэнэ. Багийн нийтийн хурлын дарга гэнэ. Цүнх, хавтаснаасаа бичиг цаас гаргаж ирэх гэж баахан будлиад гэрийн эзний хэлсэн бог, бод, төл гэдгийн учрыг нэг л ухахгүй байгаа бололтой. Гэрийн эзэн энд бич, тэнд бич гэж зааж өгөх. Буруу бичсэнээ баллаж, цоохорлох. Уг нь төрийн ажлыг хийж яваа хүн сэн.Түүнтэй хөөрөлдөх янзтай хэдэн юм асуулаа.
-Та багийнхаа нийтийн хурлын дарга юм байна. Та манай төрийн тогтолцоог ямар байна гэж боддог вэ. Ямар байвал зүгээр бол гэвэл,
-Мээдэкү. Болжин гэж боддуу гэснээ Монгол Улсыг Казахстан шиг Ерөнхийлөгчийн засаглалтай, Н.Назарбаев шиг ерөнхийлөгчтэй байвал хөгжинө гэж үздэг гэлээ. Юм асуувал ер ярих шинж алга. “Мээдэкү” гээд мөрөө хавчина. Өлгийн төвд суварга сүйдэлсэн хэргийн тухай сонирхвол сахилгагүй хүүхдүүдийн л хийж байгаа үйлдэл гээд гэрийн эзэдтэй хасгаар яриад эхэллээ. Та яагаад хасгаар яриад явчихав аа. Би ойлгохгүй байна. Намайг муулаад байна уу, сайлаад байна уу би мэдэхгүй. Та монголоор ярьж болохгүй юу гэлээ. Гэрийн эзэгтэй шинэ буцалсан цайнаас аягалж өглөө. Тэгтэл М.Серикбол хурдан хурдан оочлоод яах ийхийн зуургүй гараад явчихлаа. Их л аягүйдчихэв бололтой. Гэрийн эзэдтэй “Явж явж сурвалжлагчтай таарчих гэж. Яасан их юм шалгаадаг юм” гэж уцаарлан хасгаар ярьсныг гарсных нь дараа сонсов.
Тэгтэл гэрийн эзэн “Та нар манайд ирснээрээ амьдралд минь толбо үлдээлээ. Та нар яахав буцаад явчихна. Энд үлдэж байгаа биднийг бодсонгүй юу. Та нарыг бид л дуудсан болж таарна. Маргааш бөөн юм болно” гэснээ “Монголд төрийн бодлого гэж байдаг юм уу. Энд чухам юу болдгийг мэддэг юм уу. Баян-Өлгийн уугуул иргэд нутаг усаа орхиж явснаас болж үлдсэн ахан дүүс бид чинь цөөнхийн цөөнх болчихоод байна, төрсөн нутагтаа. Хэрвээ тэд нүүгээгүй байсан бол бид өнөөдөр ийм байдалд байхгүй” гээд гомдсон ч юм уу, уцаарласан ч юм уу ер нь яриа таарах шинжгүй болчихлоо. Уг нь монголчууд алсаас зочин ирвэл ерөөл дэмбэрэлтэй үгсээ хэлэлцэн хол ойрын сониноо хуваалцдагсан. Гэтэл би энэ айлд ирснээрээ толбо үлдээчих гэж байх уу.
Буянт суманд хоёр үндэстний хоорондох асуудал бусад сумдыг бодвол илүү хүчтэй өрнөдөг гэдэг нь эхний орсон айлаас л мэдрэгдлээ. Дараа дараачийн орсон айлууд эхлээд иймэрхүү маягтай, үгээ цэгнэсэн шинжтэй өгүүлнэ. Тэгснээ монгол хүмүүс юм хойно учраа олоод ярилцахаар яаж зовж байгаа, ямар хавчлаган дунд амьдарч байгаагаа бүгдийг нь ний нуугүй ярьж “Хэзээ гэрт орж ирээд дээрэлхээд унахыг нь мэдэхгүй. Иймээ тиймээ юм болбол миний яасан ийсэн нь хэнд ч хамаагүй, хэн ч мэдэхгүй л өнгөрнө. Бид ийм л орчинд амьдарч байна. Ингээд биднийгээ гээд ороод ирж байгаад баярлаж байна. Биднийг мэнд байгаа гэдгийг сониноороо дамжуулаарай. Биднийг урд зүгийнхэн (Баян-Өлгий аймгийнхан эх орныхоо баруун хязгаарт амьдардаг ч бусад аймгийнхан, Улаанбаатарт байгаа монголчуудаа урд газрынхан гэж хэлдэг) мартаагүй юм байна. Бид өөрсдийгөө төрөөсөө хаягдсан хүмүүс гэж боддог байснаа одоо хаяя” гээд сэтгэлээ уудлаад төр засагтаа хэлэх үгсээ дайна.
Бас МҮОНТ-ээр гарсан “Босго тотго” кинонд хасгийн түүхийг гаргасан нь хүмүүст хэрэгтэй зүйл болсныг нэгэн дуугаар хэлцгээнэ.
Тэд өөрсдийгөө эх орныхоо газар шороог хамгаалж байгаа нэргүй баатрууд гэж хөөрхөн омогших. Уг нь ийм тодотголыг тэртээ дайны үед л гарч байсныг уран зохиолоос уншиж байсан билээ. Тэгтэл ийм тайван цагт ингэж өөрийгөө баатар гэж хэлэх хүмүүс эндхийнхнээс өөр байхгүй байх аа. Яагаад баатар болдог билээ гэвэл тэд ёс заншил, хэл ус, нутаг усныхаа нэрийг монголоор нь авч үлдэхийн төлөө сэтгэл, зориг юугаан бүгдийг нь зориулж амьдарч байгаа гэнэ. Гэхдээ тэдгээр иргэд жаахан дэгсдүүлээд байна уу гэсэн хар төрж байснаа энд нуух юун. Яагаад гэвэл Монгол гэдэг улс төртэй, тэр төр нь хуультай, хууль цаазыг гүйцэтгэдэг байгууллагатай ардчилсан орон. Ямар феодалын нийгэмд байгаа биш. Хэн дуртай нь хэн нэгнийг дээрэлхвэл хуулийн хариуцлага хүлээлгээд өгөх хатуу төр байдгийг бүгд мэднэ. “Монгол төрийн уурга урт, хуйв уужим” гэсэн эртний үг бий. Үүнийг ч ард түмнүүд мэддэг. Хэзээнээсээ эвтэй найртай хөршлөөд ирсэн иргэдийн уламжлалт түүхэн харилцаа байна. Тэгтлээ хоорондоо эвдрэлцсэн гэж буруугаар ойлгочих вий гэсэн эмзэглэл төрж байлаа. Ингээд эндхийн хасаг иргэд дундаа хийсэн бүтээсэнтэй, ярих зүйлтэй яриа хөөрөөтэй, өөрийгөө Ардчиллын алтан хараацайнуудын нэг гэж хэлсэн Ө.Хунанбайгийнх руу очлоо.
ГУРАВДУГААР ХЭСЭГ
Хүү нь бололтой хорь гаруй насны хар хүү “Тийм ээ. Хунанбайгийнх мөн” гээд байшин руугаа дагуулж орлоо. Гэрийн эзэгтэй цай аягалж, хормын төдийд л ширээгээ ааруул, чихэр, боорцгоор дүүргэж дайллаа. Аягатай цайндаа нэг ааруул хийчихээд сууж байтал гэрийн эзэн орж ирлээ. Өвөлжөө тавлаг сайхан, мал хуй өнтэй сайн өвөлжиж байгаа тухай ярина. Ө.Хунанбай сумынхаа АН-ын дарга бөгөөд Буянтад намаа 12 жилийн турш ялуулсан нэгэн гэнэ. 1975 онд тавдугаар ангид байхад гэр нь энд шилжиж иржээ. “Манайхыг энд ирэхэд нэг хашаанд хэдэн гэрүүд л байсан. Казах айлууд ирж байшин барьж суусан юм. Монголчууд тэр хүртэл байшин барьж мэддэггүй байсан юм шүү. Ингээд сумын айлууд жижиг ч гэсэн өөрсдөдөө тохирсон байшинд амьдрах болсон” хэмээлээ.
Казахууд архи уухыг их цээрлэнэ. Ялангуяа ахмад настай, өөрөөсөө ах, эгчмэд хүний дэргэд сархад хүртэнэ гэдэг дээд зэргийн буруу зүйл. Ө.Хунанбай “Архи уухгүй сайхан амьдардгийг манай казахууд харуулж байна. Гэтэл монголчууд аав, ээж, нөхөр, бэр нь гээд бүгд хамтдаа архи ууж найрладаг. Манай ёсонд тийм зүйл ерөөсөө байдаггүй. Монголчуудын архи уудаг бас нэг шалтаг бол эрийн гурван наадмын нэг төрөл болох сур харваа юм. Ер нь монголчуудад найрлах олон баяр байна” гэж монголчуудын архи ууж байгааг шүүмжиллээ. Гэхдээ казахууд огт архи уудаггүй гэж хэлж болохгүйг тэрээр хэлээд “Харин найз нөхдөөрөө сайхан наргиж, цэнгэх үе байлгүй яахав” гэсэн юм. Тэрээр “Үнэндээ манай сумын хэдэн цагаан байшингийн паарыг хөлдөөчихгүй галлаж, дулаан байлгадаг хүмүүс бол хэдэн казах залуучууд шүү. Монгол залуус бол архидаад маргааш нь ажилдаа ирэхгүй” гээд амьдрал бол тэмцэл байх ёстой гэв. Казахууд ажилсаг. Өдөр шөнөгүй ажилладаг. Харин монголчууд хэтэрхий тайван амьдардаг гэж үздэг гэнэ. Ө.Хунанбай казахууд монголчуудын хувьд саяхан хаяа залгасан хөрш биш Чингэс хааны үед байсан хөршүүд хэмээлээ. Монголчууд казах гэхийг босоо бичгээрээ бичихдээ з, с үсгийг нь андуурч, буруу бичсэнээс хасаг гэдэг үг гарсан. Биднийг хасаг биш казах гэдэг хэмээн тайлбарлав. Шашин нь өөр ч бусад зүйл нь монголчуудтай адил. Яагаад гэвэл монгол, хасаг хоёр нэг гаралтай. Тарваган тахал гараад л тарцгаачихсан гэх түүх ярина. Буянт сум Баян-Өлгий аймгийн бусад сумтай харьцуулбал монгол, хасаг хоёр хоорондоо ажлын байр, шашнаасаа болж сүрхий “тэмцэлддэг” гэдэг. Үүнийг Ө.Хунанбай няцааж, ухамсар муутай хүмүүс л хоорондоо зодолддог. Манай суманд тийм зүйл болдоггүй. Харин Алтай сумын Улаан хаданд л тиймэрхүү зүйл гардаг гэсэн гээд тус сумын талаар өөрийнхөө бодлыг хуваалцлаа.
Казахстан руу хасгууд бөөнөөрөө нүүсэн 1990-ээд оны эхэн үед тэнд хоёр, гурван настай очсон хүүхдүүдийн ихэнх нь одоо эрийн цээнд хүрч салбар салбарт хүчээ үзсэн лидерүүд болсон гэнэ. Казахстанд очсон казахууд “Хятадын, Оросын, Монголынх” гээд тус тусдаа гудамж, хороололд амьдардаг аж.
Хасгууд ерээд онд Монголоос нүүхдээ “Одоо энэ бидэнд хэрэггүй” гээд Монгол Улсын сүлдтэй мөнгөн дэвсгэртийг хилийн зурвас дээр урж байсан түүх байдаг аж. Гэтэл тэгж явчихаад буцаад ирэхэд нь Монгол орон хүлээгээд л авсан билээ. Ө.Хунанбай “Дэлхий даяарчлагдаж байна. Хаана амьдрал байна. Тэнд очдог жамын дагуу казахууд ийн нүүдэл хийсэн” гээд “Төрсөн нутаг, дассан газраасаа манай казахууд дахиад нүүхгүй ээ. Тэглээ ч энэ газарт, аав, ээж, өвөг эцгийн минь шарил байгаа” гэлээ.
Ө.Хунанбай парламентын засаглалыг эсэргүүцдэг аж. Учир нь дөрвөн давхар байшин бариад нэг давхрыг нь дуусгаж байтал сонгууль болоод өнөө барилгын ажил нь зогсоно. Тэгээд өөр нам гарч ирээд барилгын ажлыг дахин үргэлжлүүлэх ч урьдын адил дөнгөж дахиад нэг давхрыг нь барьж байтал сонгууль эхэлчихнэ. Ингээд ганц байшин барих гэж олон намын нүүр үздэг жишээг яриад “Монгол Улс Казахстан шиг Ерөнхийлөгчийн засаглалтай болмоор юм” гэв. Тэгэхгүй бол парламентад янз янзын хүн орж ирээд байна гэх.
Гэрийн эзэнтэй ийн хөөрөлдөж суутал түрүүнээс хойш нөхрийнхөө хажууд сууж, яриаг нь чагнаж байсан эзэгтэй “Босго тотго” гэж нэг кино МҮОНТ-ээр гарлаа. Тэр кинонд казахуудын түүхийг мушгиж, буруу гаргасан. Үүнээс болж хотод сурч байсан хүүхэд маань ирэхдээ их л эвгүйцсэн байна лээ. Түүх гуйвуулснаас болж хүүхэд залуус хоорондоо эвдрэлцвэл яана хэмээн их л чангахан дуугаар бухимдаж байгаагаа илэрхийлэв.
-Та нарт үндэсний цөөнх гээд ихээхэн анхаарал хандуулдаг. Гэтэл та бүхэн энэ давуу байдлаа ашиглаад нутгийн уугуул иргэдийг хавчих болсон юм уу. Үүнийг та юу гэж бодож байна вэ хэмээн Ө.Хунанбайгаас асуувал,
-Баян-Өлгий аймгийн хүчний байгууллагуудын дарга нарыг монгол болголоо. Казахуудын дотор тэр зэргийн дарга хийчих толгойтой хүмүүс бий. Монгол Улс биднийг хөөгөөд “Та нар яв” гээд байх шиг санагдах боллоо. Ерөнхийлөгчид гомдолтой байна гэх аж.
Хэнээр дарга тавихаа нэгэнт төр гэж байгаа юм хойно төр нь л мэдэх хэрэг гэж хичнээн хэлээд ойлгох янз алга.
Ингээд тэднийхээс гарлаа. Жолооч маань араас орж ирж “Нарны голтойд эртхэн газар дөхье” гэж хэлээгүй бол гэр бүлийн хоёрын гомдол тээсэн яриа хөөрөөнөөс нь бултаж чадахгүй л байлаа.
УАЗ 469 машины маань яндангийн жийрэг тасраад жолооч тэрийг нь засаад хэсэг саатлаа. Нар уулын цаахнуур бөхийх үеэр Буянт сумаас гарав. Сайран дундуур, хавцлын замаар явсаар гэгээ тасрах үест Алтай суманд ирсэн юм. Хааяа нэг нохой хуцахаас өөр чимээгүй. Харанхуйн дунд айлуудын цонхны гэрэл ёлтойно. Харин сумын клуб хөл хөдөлгөөнтэй. Гадна нь баахан 69 машин байна. Ардчилсан холбооны баярын хурал, бүжиг болж байгаа сурагтай. Сумынхан бүгд клубтээ цугласан учир гудамжинд ганц ч хүн харагдсангүй. Хурал есөн цаг дөхүүлээд тарлаа. Залуучууд нь үлдээд бүжиглэхээр болж. Хөгшид настайчуул нь гэр гэрийн зүг ач зээгээ дагуулаад тарцгаана.
Шинийн сарны туяа хаана ч хүрэхгүй. Тэрүүхэн тэндээ сүүмийнэ. Гудмуудаар гар чийдэн, гар утасны гэрэл тусгасан хүмүүс сугадалцаж, гангар гунгар ярилцсаар явцгаана.
Эндхийн уугуул монгол иргэн, нэгдлийн даргаар ажиллаж байсан өндөр настныд хүрч очлоо. Үр хүүхдүүд, ач зээ нар нь замчилж, нохойг нь хорьж, гар чийдэн тусгасаар өвөөгийнх рүүгээ оруулав. Мэнд усаа мэдэлцэж, ойр зуурын сонин хачин ярилцаж хэсэг суулаа.Түүний яриа мөн л монгол, хасаг хоёр ястны хоорондох зарим үл ойлголцлын сэдэв рүү орчихлоо. “Хүүхдүүдэд ажил олдоход маш хэцүү. Хоёр даргын ядаж нэг нь монгол хүн баймаар байгаа юм. Тэгэхгүй бол монгол хүүхдүүд сургууль төгсч ирээд нутагтаа үлдэж, голомтоо сахих ямар ч нөхцөл алга. Ажил хүлээж, хайж хоёр гурван жил гэртээ суусаар сүүлдээ залхаад төв барааддаг” гэлээ. Тэрээр газар усны нэрийг казахаар өөрчилж байгаад эмзэглэдэг гэнэ. “Ю.Цэдэнбал дарга Баян-Өлгийд уул, газар, усны нэрийг өөрчлөхгүй, монголоор нь дуудаж, бичих албан даалгаврыг тухайн үед гаргаж байсан. Тэр даалгаврыг дахин энэ үед сэргээмээр байгаа юм” хэмээн саналаа хуваалцлаа. Алтай, Буянт гэлтгүй бүх сумдын нутгийн уул усны нэр хасаг болжээ. Ийм үед монголчуудыг нэгдүүлж, монгол газраа уугуул нэрээр нь үлдээхэд Бурханы шашны сүм хийдтэй болох нь хамгийн зөв арга гэж үздэг аж.
Настай хүмүүс үхэхдээ хонх дамрын дуу сонсоод одохсон хэмээцгээнэ. Нэг айлаас хөдөлж, нөгөө айлд орсоор цаг 22 цаг болчихов. Баян-Өлгий аймагт асуудал шийдэх гэж ирсэн албаны хүмүүсийг хасгууд угтаж аваад хэд хоног сайхан дайлж цайлаад, онгоцонд суулгахдаа баруун гарт нь каз, зүүн гарт нь цүнхийг нь бариулаад, толгой дээр нь тоорцог тавиад явуулчихдаг. Ийм хүндлэлийг мэдэрсэн өнөө албаны хүн үнэн төрхийг бодитоор нь харж чадалгүй өнгөрчихдөг гэнэ. Хэрвээ асуудлыг шийдэхээр хотоос ирж байгаа эрхмүүд эхлээд уугуул монголчуудтайгаа уулзаад юу болж байгааг асууж байхыг хүсч байлаа.
Наадам. Ямар гоё наадам болдог билээ. Тавдугаар сарын сүүлээс л наадмын яриа хөөрөө эхэлж, зургадугаар сар гарангуут бөхчүүд галд гарч, Төв цэнгэлдэхийн зүлэг ногоог усалж, сандал хайсыг нь будаж янзлаад бүгд л том жижиггүй наадамдаа бэлтгэдэг. Сэтгэл цаанаа л нэг баясалтай болж, наадмаар яаж наадахаа ярьж, төлөвлөөд л. Шинэхэн дээл зэхэж эхэлнэ.
Харин Баян-Өлгийд ийм наадам болдог үе хэдийнэ ард хоцорсон гэнэ. Буянт, Алтай, Өлгийн монголчууд “Монгол наадам үзэхсэн. Монголчуудтайгаа хамт сайхан наадахсан” гэцгээнэ. Монголдоо байж монгол хүн ингэж ярина гэдэг нүгэл байгаа даа хэмээн гайхвал “Нээрэн гэм” гээд чухам яаж нааддагаа ам уралдан өгүүлнэ. Наадмын нээлт эхэлснийг мэдэгдье гэж монголоор ганц өгүүлбэр уншчихаад л хасгаар баахан мэндчилгээ дэвшүүлнэ. Ингээд бөхийн барилдаан эхэлнэ. Монгол бөх давбал монголчууд уухайлна. Хасаг бөх давбал хасгууд баярлаж, шуугилдана. Хэрвээ үзүүр түрүүнд монгол, хасаг хоёр бөх үлдвэл наадмын төгсгөл хэцүүднэ. Монгол бөх давахаар цөөхөн хэдэн монголчууд нь биесээ тэвэрч, нүдэндээ нулимстай баярлана. Энэ үед хасгууд наадмын талбайг хаяад явчихна. Заримдаа чулуу, ундааны сав хүртэл шидэх нь бий. Ингээд хаалтын ёслолгүй шахуу наадам болж хувирна. Ерөнхийдөө ийм хагас, тал, оромдсон төдий наадацгаадаг учир эндхийн монголчууд “Монгол наадам үзэхсэн” гэж бие биедээ ярьцгаадаг аж.
Монголчууд хасаг, казах гэж хоёр янзаар ярьж бичдэг. Угтаа манай билгүүн номч, эрдэмтэд, хэл судлаачдын алдартай толь бичгүүдэд хасаг гэж тусгажээ. Казах гэдэг нь Казахстан улсын нэрнээс үүдэлтэй, социализмын үед гарч ирсэн нэршил юм байна. Хасаг гэж бичих нь зөв сонголт гэдгийг Алтай сумын өндөр настнууд, тухайн үед төр засагтаа өндөр алба хашиж явсан хүмүүс зөвлөсөн юм.
1860-аад оны үед ах дүү хоёр хасгаар ахлуулсан зуун өрх анх манай нутагт хөл тавьж байжээ. Хасгууд манай улсад дагаар оръё гэхэд нь манай ноёд шийдэж өгөхгүй баахан цаг хожсон гэнэ. Ингээд хасгууд олон жилийн дараа Богд эзэнд хүсэлт гаргасан байдаг тухай тэмдэглэлийн эхэнд өгүүлсэн билээ.
Алтайн урианхайчууд МЭӨ 384 оны үед Алтайн ар, өвөрт нутаглаж байсан түүх буй. Ингэхээр Баян-Өлгийн уугуул иргэд гэдэг нь маргашгүй үнэн. Алтай суманд монгол, хасаг хүүхэд залуус гар зөрүүлж, зодолддог үзэгдэл мэр сэр гардаг аж. Үндэсний цөөнх гээд хасгуудыг хэтэрхий харж үзэж байгаа нь тэдний ухамсар дорой зарим хүмүүсийг элдэв ааш зан гаргах үндэс нь болж байгааг залуус хэлж байв. Монгол Хасаг адилхан Монгол Улсын иргэд , хасаг гээд хэн ч гадуурхаагүй байхад хэтэрхий гэмээр нялуун бодлого хүмүүсийн занг эвдээд байна гэж хэлж байгаа нь үнэний ортой бололтой. Уугуул урианхайчуудаас гадна тува, дөрвөд, халхууд Баян-Өлгий аймагт бий. Эдгээр иргэдийн эрх ашгийг ер авч хэлэлцдэггүйд гомдолтой байдаг аж. Төрийн шагнал, одон медальд Монгол хүн Баян-Өлгий аймгаас төдийлөн тодорхойлогддоггүй гэнэ. Хасгууд хоорондоо “Монголчуудын нутаг нь уужим, өөрсдөө хонь шиг номхон, тайван” гэж ярьдаг аж. Тийм ээ, ийм сайхан тайван ард түмэн энэ дэлхий дээр ховор байдаг. Үүнийг ч хасаг хүмүүс үнэлдэг болоод эргэж буцаад нүүж ирээд байгаа хэрэг. Алтай сумын зарим залуус, залуу гэр бүлийнхэнтэй ийн уулзаад өвөлжөө, нутаг ус ярилцаж суутал цаг ойртчихлоо. Эндээ хоноглоод өглөө эрт аймгийн төв оръё гэвэл жолооч “Өглөө машин тэрэг асахгүй бөөн юм болно. Дулаан гараашид хонодог машин муу зан сурчихсан байдаг юм. Өглөөний жаварт хүйтэн төмөртэй ноцолдоно гэдэг баахан яршиг. Гараад шидчихье” гэлээ. Ингээд унаандаа суулаа.
Жолооч,
“Мэлмэрүүлэн чиг уйлаад яахав
Мэнд амар суувал уулзана шүү дээ хө…” гээд исгэрэх, дуулах хослуулан жолоогоо зална. Хээрийн зам хэдий муруй ч туулаад гарахаар шулуун болчихно. Шөнийн тэнгэр цэлмэг, хамба хилэн мэт гүн хар огторгуйд одод шигтгээ адил анивалзан мишилзэнэ. Долоон бурхан од энүүхэн хаяанд ирчихсэн мэт.
Жолооч “…Өндөр тэнгэрийг мөрлөсөн
Үүлэн цэнхэр уулс байна аа хө
Үргэлж наддаа зүүдлэгдсэн
Миний нутгийн бараа юу даа хө…” хэмээн дуулна. Түүнийг дагаж дууллаа. Дуугаа хичнээн өндөрсгөсөн ч уул өөд мацаж байгаа машины моторын дуунаас илүү гарч чадсангүй. Машин өгссөөр. Жолоочоос “Зам тонгойх нь уу” гэж асуувал “Газрын холоос цайвалзсан, Ганган цагаан хот байна аа хө” гэснээ “Тонгойно оо, мөдхөн” хэмээн дууны аянд тааруулан уянгалуулан хэлэв.
Машины гэрэлд туулай орж ирчихээд гарч чадалгүй хий дэмий дагаж, давхиснаа бөлтөсхийгээд дэрс дундуур далд орно. Зарим нь машины урд гүйснээ хариугүй дайруулахын наана бултаж амжина.
Жолооч ардын дуунуудын хэсгээс исгэрэн энхэл донхлыг сурамгай гэгчийн гаргана. Машины цонх цантаж эхэллээ. Жолоочийн өгсөн тоосны цагаан алчуураар шилийг нь хичнээн сайн арчсан ч төд удалгүй буцаад л цайрчихна.
“За байз оо хө. Энэ хавиар л хар зам руугаа орно доо” гэж жолооч ийш тийш зам хараачилна. Хар замын өндөр даланд тулж ирээд буцна. Шил битүү цантаж, жолооч жижиг зайгаар урд замаа олж харна. Хар замтай нийллээ. Өлгийн төв рүү дөхөхийн хэрээр цонхны цан арилна.
ДӨРӨВДҮГЭЭР ХЭСЭГ
Өглөөгүүр Өлгийн төвөөр баахан алхлаа. Цамбагарав хайрхны нэрээр нэрлэгдсэн супер маркет, хүнсний дэлгүүр, зочид буудал байна. Бүгд нэг эзэнтэй. Эзэн нь мундаг ажилсаг, монгол залуу бий. Их хөдөлмөрч. Өлгийн төвд эднийхээс гадна тува эзэнтэй үйлчилгээний газрууд ч хэд хэд байдаг гэж хүмүүс ярина. Цамбагарав гэснээс уг хайрхан оршдог Алтанцөгц суманд өнтэй өвөл болж байгаа гэнэ. Тэр сумынхан нутаг устайгаа хэтэрхий ширүүн дориун, өөриймсөг бус харьцаж, олон зууны турш хөндөгдөөгүй ариун дагшин газруудын доорх баялгийг нь авч, булаг шандыг нь олноор ширгээж байгаа тухай ярив. Гадныхантай нийлж Тэхтэд тэсэлгээ хийж, ойр хавийн байгалийг сүйтгэж байгаад анхаарал хандуулж байгаа ганц дарга байхгүй байгаа аж.
Нутаг усны нэр бүхэлдээ хасаг болжээ. Хос Улиас гэдэг газрыг Кос Терк гэж нэрлэчихсэн бол Улаан харганыг Ризил Хараган, Өлөнтийн хөтлийг Өлөөн Моенак гэх зэргээр нэрлэдэг болоод удаж байгаа аж. Энэ мэт маш олон нэрийг хасаг болгочихож. Гэтэл миний унаж төрсөн бууц, хүй минь цөглөсөн Цагаан түнгийг Акшй гэж нэрлэчихсэнийг дуулаад дуу алдлаа. Юу гэнэ ээ гээд хэдэн удаа асууснаа одоо санахгүй байна. Дуунд хүртэл мөнхөрсөн сайхан нутаг шүү дээ. Хадлангийн асар их нөөцтэй, айлууд тарган тавтай намарждаг өгөөмөр баян хангайн нэрийг өөрчилчихсөнд итгэсэнгүй. Арай ч дээ гэж хэлэхээс өөр үг тухайн үед амнаасаа унагаж чадсангүй. Уг нь би Монгол нутагтаа унасан. Гэтэл одоо Акшй гэх газарт төрсөн хүн болж таарч байна уу даа.
Зоогийн газруудынх нь цэсэнд урьд нь сонсоогүй хоолны нэр байна. Казахстанд амьдарч байгаад ирсэн хасгууд тэнд хийж, идэж сурсан хоолоо манай нийтийн хоолны салбарт оруулж ирсэн нь энэ. Казах маягаар чанасан мах, жигнэсэн гурил, тугалган цаасанд болгосон төмс бүхий. Зоогийн газрын тогооч нарын яриагаар саяхныг болтол монголчууд барагтай бол ресторанаар үйлчлүүлдэггүй байж. Харин хүчний байгууллагуудын дарга нар монгол болсноос хойш монголчуудын дотоод уур амьсгал илтэд сэргэж, хоёр, гурваараа орж ирж хоол унд идэх нь элбэгшсэн аж. Ресторанд орос, казах маягийн хоол захиалаад суух зуураа зарим монголчуудтай ярилцлаа. Эндхийн хүн амын хэд нь хасаг вэ. Боловсролын газарт нь ганц ч монгол хүн ажилладаггүй болохоор Баян-Өлгий аймаг боловсролын түвшингээр дандаа 21 дүгээр байрт ордог гэсэн. Үнэн үү. Төрийн байгууллагуудын шуурхай, хурал зөвлөгөөн гээд бүх ажил нь хасаг хэлээр явдаг гэсэн. Тийм үү гээд асуухаар монголчууд маань хулбаганаад ширээнд наалдахын наагуур бөхийгөөд “Цаана чинь манай ажлын казах эмэгтэйн охин байна. Сүрхий хараад байна” гэнэ. Эргээд хартал хоёр хүүхэн цоо ширтэж байв. Тэнд суусан хасгууд бүгд миний ярихыг түрүүнээс хойш чагнаж байж. Бүгд халбага, сэрээгээ ширээн дээрээ тавиад, гараа урдаа аваад бидний зүг рүү толгойгоо гэлжийлгэчихсэн байв. Ресторанд “Хар хархан харц” дуу намуухан эшиглэнэ. Хоолоо идчихээд гарахаар хаалга руу дөхлөө. Эргэж харвал өнөө хүмүүс дагаж харна. Хаанаас хэн ирчихээд юу яриад байна вэ гэсэн сэжиглэсэн харцаар ширтэж байгаа нь хэнд ч илт. Яагаад энэ хүмүүс ийм их эмзэг догшин байна вэ. Шүүмжлэх, шүүмжлүүлэх нь хаана ч байдаг зүйл. Тэгтэл энэ аймгийнхан өөрсдийнх нь тухай бичихээр казахуудыг доромжиллоо гээд л орилолдоод унах юм. Юунаас тэгтлээ айгаад, юунд тэгтлээ цочоод эмзэглээд байна вэ? Бас юуг тэгтлээ нуугаад байна вэ гэсэн бодол төрж байгааг хэлмээр байна.
Гарахдаа зөөгч болон тогооч нарт “Баярлалаа” хэмээн хэнд ч дуулдахаар талархал илэрхийлэв. Тэндээс гараад зах орлоо. Махны захаар нь явлаа. Адууны давсалсан мах бол эндхийн брэнд. Адууны махыг давслаад гэдсэнд нь чихээд хатаасан махыг монголчууд андахгүй. Каз бүхлээрээ 25 мянган төгрөгийн үнэтэй байна. Худалдагч авгай нар нэгнээсээ өрсч ирээд л “Минийхийг ав. Гоё амттай. Нэлийсэн их өөхгүй. Хар даа. Гаднаас нь харагдаж байгаа биз дээ” гэнэ.
Бөөний худалдааны гудамж байна. Нэг дэлгүүрт нь орлоо. Улаанбаатарт ч төдийлөн харагдаад байдаггүй Оросын том том чихрүүд байна. Өрмөнцөртэй, шоколадтай, цэлцгэнүүртэй, хан боргоцойтой гээд зүсэн зүйлийн чихэр. Баян-Өлгийд Турк, Казахстанаас хүнсний бүтээгдэхүүн их ирдэг гэнэ. Турк шоколад, чихэр элбэг санж. Орсон айл бүхний тавагт өнгө өнгийн цаастай чихрүүд алаглана.
Сар гаруйхны дараа Цагаан сараа тэмдэглэнэ. Эндхийн урианхайчууд “Дээр үеийнх шиг тэгж баярлахаа больсон. Хэдхэн айлуудаар ороод л боллоо. Өмнө нь яасан сайхан байсан юм бэ. Ах дүүсийнхээрээ гурван өдөр яваад ч дуусгадаггүй байлаа. Дуу хууртай, наадам наргиатай уйлбал уйлаад, дуулбал дуулаад сэтгэлээ онгойлгочихдог байж. Одоо хэнд ч юугаа ярих вэ. Ажил гэрийн хооронд л явна. Өөр явах маршрут, ярих хүн байхгүй” гэцгээж өнгөрсөн амьдралаа хүүрнэнэ. Гэхдээ яах вэ байгаа хэдэн монголчууд маань чадлынхаа хэрээр шинэ оноо угтана. Ширээгээ идээ шүүсээр дүүргэж, сав суулгаа цагаан идээгээр бялхааж, эрчүүл нь шинийн нэгний өглөө балиндаа гарна. (Урианхай эрчүүд шинийн нэгний өглөө нар мандахаас өмнө ойролцоох шүтлэгтэй хайрханы овоон дээрээ сан тавьж, гал тахих ёслол үйлдэн, тэнгэр хангайдаа мөргөдөг. Үүнийг балинд гарна хэмээдэг болой.)
Хотлоороо, гудамжаараа нийлж Цагаан сарын буузаа чимхэх гэж шөнө дунд хүргэдэг, халуун дулаан уур амьсгалтай тэр мөчөө дурсан ярьцгааж “Тэгэхэд мөн ч гоё байж дээ, тийм үү” хэмээн шүүрс алдана.
Цагаан сар нь нэг иймэрхүү өнгө төрхтэй даруухан болж өнгөрөх бол хасгуудын Наурызын баяр сүртэй гэж жигтэйхэн болно. Хотоос Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, хэвлэл мэдээллийнхэн ирээд “Казахын ард түмэн минь сайхан баярлаарай” гээд өгсөн хоол ундаар нь цадтал дайлуулж, тоорцог малгайг нь өмсч, бүргэдтэй нь зургаа авахуулж хөөрцөглөөд ингээд л буцаад онгоцондоо гар далласаар суугаад нисчихнэ. Гэтэл тэр олон хүний дунд гунигтайхан харцаар ширтэж, зүрхэндээ горьдлого тээн зогсч байгаа монголчууд байгааг хэн ч анзаарахгүй. Үүнд л эндхийн монголчууд голдоо ортол гомддогоо дахин дахин хэлнэ. Бид шоовдорлогдсон хүмүүс гэж өөрсдийгөө хатуу гэмээр нэрлэхээр хэтэрхий гутранги бодолтой юм уу гэж бодогдохоор.
Товлосон цагтаа аймгийн захиргаан дээр очиж, Засаг дарга Х.Дармен руу утас цохилоо. Ирснээ дуулгав. Туслах нь бололтой залуу эелдэгхнээр мэндчилнэ. Засаг даргын өрөөнд орлоо. Тэгтэл миний дараахан охиноо дагуулсан тавь гаруй насны нэг эмэгтэй орж ирэв. Засаг даргатай төрөлх хэлээрээ ярьцгаана. Юу гэж ярьж байгааг нь ерөнхийд нь гадарлаж байв. Казахстанд амьдарч байгаад Монголд иржээ. Дагуулж яваа охин нь хорь гаруй насных. Ажилд оруулах санаатай. Ажилд оруулахаар хөөцөлдөж байгаа байгууллагад нь 55 нас хүрсэн, тэтгэвэрт гарах цаг нь болчихсон хүмүүс байна. Тэднийг гаргаад охиныг минь ажилд оруулж болох уу гэнэ. Хариуд нь Засаг дарга тийм зүйл байж болохгүй. Хууль ч байхгүй. Хэрвээ тэр хүмүүс хүсэлт гаргавал жар хүртлээ ажлаа хийх боломжтой. Танай охиныг анхааралдаа авъя. Ажлын байр гарвал холбоо барья гэлээ.
Тэднийг гарсны дараа Х.Дармен даргатай ярилцлаа.
-Аймгийн хэмжээнд өвөлжилтийн байдал ямархуу байна вэ?
-Тал газарт орсон цас арилсан. Уулаараа цастай байгаа. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр өмнөх жилээс ахиу цас орох төлөвтэй. Өнгөрсөн өвөл уулархаг нутгаар зутрах шинжтэй хавартайгаа золгосон. Энэ жил ч тийм байдал давтагдах магадлалтай байгаа ч өвөлжилтийн бэлтгэл бүрэн хангагдаж, нөөц, дотоод бололцоогоо ашиглан өвс тэжээлээ бэлтгээд байна.
-Баян-Өлгий аймагт үйлдвэрлэл хөгжиж байгаа зүйл төдийлөн харагдсангүй. Талхны хэдэн цех л байхыг харлаа?
-Орлогоо нэмэгдүүлэх, ажилгүйдлийг багасгах олон ажил хийхээр төлөвлөөд байгаа. Танд л тэгж харагдаж байгаа болохоос биш манайд жижиг дунд үйлдвэрүүд хөгжиж байгаа. Ялангуяа барилгын материалын үйлдвэрүүд ашиглалтад орсон. Сэндвичэн хавтан, цонх, тоосгоны үйлдвэрүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Тоосгоны найман үйлдвэр аймгийн төвийнхөө хэмжээний хэрэгцээг бүрэн хангаж ажиллаж байна. Уул уурхайн салбарт ч ахиц гарч ирэх онд хэд хэдэн томоохон ажлууд эхлүүлэхээр болоод байгаа.
-Аймгийн хэмжээнд ажилгүйдлийн тоо их байгаа гэсэн үү?
-8000 гаруй хүн ажилгүй. Түүнээс ажил идэвхтэй хайж байгаа 2000 гаруй хүн бий. Энэ жил тэдний 900 орчим нь түр болон бүр ажлын байртай болоод байна.
-Баян-Өлгий аймаг улсаас маш их татаас, халамж авдаг гэдэг. Иргэд нь халамжид орох сонирхолтой байдаг гэсэн. Үнэн үү?
-Халамж амьдралын эх үүсвэр нь болсон гэж үзэх нь харьцангуй ойлголт. Сургууль соёл төгсөөд ирж байгаа хүүхдүүд нутагтаа төвлөрөх бодолтой байдгийн зэрэгцээ ийш тийш, өөр аймагт ажиллах нөхцөл нь бага. Сургуулиа төгсөөд аль болох л нутагтаа ирж ажиллах эрмэлзэлтэй байдаг. Үүнээс болж ажилгүйчүүдийн тоог ихэсгэж харагдуулаад байгаа юм. Жишээ нь, өнөө жил давхардсан тоогоор багш мэргэжилтэй 700-гаад, хууль, эрхзүйч мэргэжилтэй 350, нябо, эдийн засагч мэргэжилтэй 350 хүүхэд ажилгүй гэж бүртгэгдээд байна. Сургуулиа төгсөнгүүтээ бусад аймагт ажиллахгүй, нутагтаа ирж ажиллах хүсэлтэй байдгаас ажилгүйдлийн тоо нэмэгддэг.
-Нутагтаа буцаж ирээд байгаа хүүхдүүдийн ихэнх нь казах. Уг нь тэд Монгол Улсын иргэн учир хаана ч, аль ч аймагт очиж ажиллаж болно. Тэднийг тухайн газруудад орон сууцтай болгож, нийгмийн асуудлыг шийдээд өгвөл ажиллах нь тодорхой болов уу. Иймэрхүү байдлаар энэ асуудлыг шийдэх боломж бий юу?
-Казах хүүхэд болохоороо бусад газарт очихгүй байгаа юм биш. Бусад аймагт, орон нутагт иймэрхүү ажилгүйдэл байгаа. Казах хүүхэд газар мэдэхгүй байгаа даа ч биш. Хуучин илгээлтийн эзнээр үйлдвэрүүдэд ажиллуулж, орон нутагт суурьшуулж асуудлыг шийддэг байсан. Гэтэл зах зээл болоод энэ ажил зогссон болохоор хүүхдүүд ингээд нутагтаа төвлөрөөд байгаа юм.
Оюу толгойд ч юм уу, БНСУ-д ажиллах хүчээр гаргах асуудлыг ярьж байгаа ч цөөн тооны хүн л ажилтай болж байна. Үүнийг шийдэх нэг арга нь орон нутаг, бүсийн хэмжээнд ажиллах уул уурхайд Баян-Өлгий аймгийн иргэдийг түлхүү ажиллуулахыг дэмжих хэрэгтэй.
-Казах залуучуудын боловсролын асуудал их хөндөгддөг. Нийгэмтэйгээ хөл зэрэгцэхэд боловсролтой байх нь чухал шүү дээ?
-Баян-Өлгий аймгийн боловсролын салбар сул, боловсон хүчний асуудал дутмаг талаар яригдаж байгаа. Боловсролын салбарын ажлыг дүгнэхээ элсэлтийн шалгалтаар дүгнэх нь өрөөсгөл асуудал. Боловсролын салбарын ажлаа чамлаж байгаа ч сайжруулах тал дээр ажил зохион байгуулж байгаа.
Казах хүүхдүүд өөрсдийнхөө үндэсний хэлээ ч хүртэл төгс сурч чадахгүй байна. Хуучин бол долоо, наймдугаар анги хүртлээ казах хэлээ үзчихээд дараа нь монгол, орос хэл үздэг байсан. Эхлээд эх хэл дээрээ суурь боловсрол аваагүйгээс холимог асуудалд орсон. Хүүхдүүдэд хоёр, гуравдугаар ангиас нь монгол хэл заачихаж байгаа юм. Эх хэл дээрээ суурь боловсрол аваагүй хүүхэд хичнээн юм заагаад сурахгүй гэв.
Энэ үеэр Засаг даргын өрөөнд Казахын үндэсний өмсгөлөө өмссөн өвөө ороод ирлээ. Үүдэнд нь суусан хөгшчүүлийн нэг бололтой. Гэтэл араас нь туслах залуу сандраад өвгөнд учирлаад түр гараад хүлээж байхыг хүслээ. Өвгөнийг тохойноос нь түшээд өрөөнөөс түрж гаргав.
Засаг дарга яриагаа цааш үргэлжлүүлнэ.
-Аймгийн хэмжээнд монгол, казах хэлний аль аль нь дутмаг заагддаг. Эх хэлээ эзэмшээгүй байж дараагийн хэл сурна гэдэг бүтэшгүй.
-Монгол Улсын албан ёсны хэл нь монгол хэл. Энэ хэлээр төрийн ажил болоод бичгийн хөтлөлт нь явдаг. Гэтэл Баян-Өлгий аймгийн бүхий л шатны байгууллага нь казахаар ажлаар явуулах юм?
-Төрийн ажлыг явуулахдаа монголоор ярьж болно оо. Гэхдээ ажлын байран дээр казах хүн байвал казахаар ярьж ойлголцдог. Төрийн албанд казах монгол хэлний ялгаа байхгүй. Харин бид монгол хэл дээрх зарим төрийн албыг казах хэл дээр болгож, казахаар цэвэрхэн яриарай гэж гэдэг шаардлага тавьж байгаа. Харин төрийн албан бичиг монгол хэлээр явж байгаа.
-Статистик мэдээгээр Баян-Өлгий аймгийн хүн амын хэдэн хувь нь монгол, хэдэн хувь казах вэ?
-7.8 хувь монгол хүмүүс. 92.2 казах хүмүүс байдаг юм. Ийм харьцаатай байгаа үед бид заавал “Чи төрийн албандаа ч гэсэн монгол хэлээр ярь”, “Хоорондоо монголоор ярь” гэх нь өрөөсгөл асуудал. Тэгж болохгүй. Харин төрийн албаны хүмүүстээ монгол хэлээр ярихыг шаарддаг. Бүх үйл ажиллагаа монгол хэлээр явагддаг гэлээ.
Ингээд Засаг даргын өрөөнөөс гарлаа. Онгоц өдөр нисэх учир чемодан саваа бэлдлээ. Өдрийн 15 цагийн үед онгоцондоо суув.
Хорин жилийн дараа төрсөн нутагтаа ирээд буцаж байгаа минь энэ. Хэдхэн хоногийн өмнө онгоцноос буухад төрж байсан сэтгэгдлээс тэс өөр зүйл сэтгэлийг минь эзэмдэн эмзэглүүлж, цээжний далдын нэг мухарт юунд ч юм зовних мэдрэмж төрж байлаа. Онгоц газраас хөөрөх үед Өлгий хот, эргэн тойрны уулс, нуруу, гол, нууруудын зургийг аппаратандаа буулгаж,
Алсын газрын зэрэглээ нь хө
Адуу шиг мал шиг торолзоно
Алиа хонгор хүүгээ
Айсуй байхад нь баярлалаа хэмээн өөртөө дуулсаар Өлгий хотын зүгээс нүдээ салгасан билээ.
Д.ГАНСАРУУЛ. 2013, ӨДРИЙН СОНИН





