Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших (2026.10.30) хуралдаанаар Иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан Оршуулгын газрын эмх цэгцийг хангах эрх зүйн шинэчлэлийг хийх хуулийн төсөл санаачлах тухай нийтийн өргөдлийг хэлэлцсэн талаарх Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо.

Байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, О.Саранчулуун, С.Замира, П.Сайнзориг, Х.Баасанжаргал, Б.Пүрэвдорж, Ж.Галбадрах, О.Номинчимэг нар оршуулгын зан үйл, уламжлал заншил, шашин шүтлэг, үндэстний онцлог, мөн оршуулгын газрын төлөвлөлт, зохион байгуулалт болон холбогдох дүрэм, журмын талаар асуулт асууж, үг хэлсэн байна. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу уг асуудлаар хууль тогтоомжийн төсөл, бодлогын баримт бичиг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахыг Улсын Их Хурлын даргад санал болгож, шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзжээ.

Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Б.Бейсен, Д.Бум-Очир, С.Зулпхар, мөн Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт нар асуулт асууж, үг хэлж, иргэн Д.Гансаруул, Гандантэгчинлэн хийдийн гавж лам Д.Алтаншагай болон ажлын хэсгийн бусад гишүүдээс хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүд энэ талаарх хуулийн төсөлд тусгагдалгүй орхигдсон асуудал бий эсэх, ард иргэдийн дунд өрнөсөн маргаантай асуудлыг эцэслэх, үндэстэн, ястан, зан үйлээр ялгаварлан гадуурхахгүй байх зохицуулалт тусгах, бурхан болоочийг хүндэтгэх, хамгаалах тухай олон улсын эрх зүйн хэм хэмжээг сахиж мөрдөх, түүх, археологийн судлагдахууны хувьд оршуулга, түүний зан үйлийг хүний эрхийн мэдрэмжтэйгээр нарийвчлан зохицуулах зэрэг асуудлыг хөндөж ярьсан юм. Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт оршуулгын зан үйлийг цэгцлэхдээ үндэстнүүдийн зан үйл, уламжлал, дэг ёсыг хэрхэн уялдуулан шийдвэрлэх нь зүйтэй талаар асууж, хариулт авсан юм. Гавж лам Д.Алтаншагай, өргөдөл гаргагч Д.Гансаруул нар бурхан болоочдыг оршуулах уламжлал болон нийтийн өргөдөлд санал авах үед олон нийтээс илэрхийлж байсан нийтлэг саналуудын талаар тодорхой тайлбар өгөв гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.





