ИРГЭНИЙ ПОСТ: Оройн дээд Очирдарийн хувилгаан Богд гэгээнтэн залснаар дэлгэр сайхан оронд минь дээдийн номын хур бууж, олдохуйяа бэрх чөлөө учрал бүрдэж буйн юутай сайхан 🙏🙏🙏
Монгол хүн болж төрөх, тэр дундаа Монголчууд бидний дундаас Аравдугаар Богд маань тодорсон нь сүсэгтэн олны хувьд билэг дэмбэрэлтэй, түүхэн үйл явдал мөнөөсөө мөн билээ. Тиймээс маш олон хүн богдынхоо гэгээн дүрийг нь харж мэлмийгээ баясган, бараалхан мөргөж барилдлагаа жигдлэх, айлдвар сургаалийг нь сонсож ерөөлөө жигдлэх чин хүсэл дүүрэн буй. Тэдний нэг нь би.
Гэвч сүүлийн хоёр, гурван жилийн хугацаанд Аравдугаар Богдтой холбоотой олон арга хэмжээ хаалттай болж, сүсэгтэн олонтой уулзуулах нь битгий хэл олон нийтээс хэтэрхий тусгаарлаж байгаа нь илт анзаарагдах болжээ.
Том ном, сүнчойны үеэр Богд залрах үед Төрийн хамгаалалт гэх нэрийн дор хамгаалалтын ажилтнууд сүсэгтэн олонтой хүндэтгэлгүй, зохисгүй харьцаж байхыг хараад халаглаад өнгөрдөг.
Богд гэгээн балчир тул хүүхдийг олон нийтийн өмнө ил гаргахгүй байх нь ар гэрийнхний хүсэлт болов уу гэж ойлгодог байлаа.
Гэвч хоёр, гуравхан хоногийн өмнө Рэнсэлд мөргөх ёслолын үеэр оочирлож байхдаа шал өөр дүр зураг үзээд, үнэхээр гол зураад, уйлмаар санагдсан шүү.
Богд гэгээний төрсөн аав, ээж, ар гэрийн төлөөлөл болсон хүмүүсийг хүртэл мөргүүлэхгүй, зураг авахыг нь хориглож, утсаа хураалгахыг шаардаж байгааг хараад гайхах сэтгэгдэл үнэхээр төрсөн. Ар гэрийнхэн нь болов уу гэлтэй хэсэг хүмүүс ховор тохиох түүхэн үйл явдлыг хувийн дурсамж, архивдаа зориулж зураг авах хэрэгтэйг тайлбарлаж байхыг хараад гайхшралаа барав. Ар гэр нь хүртэл дарамтад байдаг юм байхдаа, энэ яг ямар дүр зураг вэ?
Эргээд бодоход өнгөрсөн жилийн Өндөргэгээн Занабазарын 390 жилийн ой, Даншиг наадмын үеэр Богд гэгээнийгээ залран хэмээн битүүхэн горьдоод очсон хүмүүс олон. Богд гэгээнтэй зайлшгүй холбоотой, чухал үйл явдал шүү дээ. Аравдугаар Богд гэгээн Монгол орондоо бодитой заларч, байсаар атал түүний оронд өөр хүүхдийг орлон тоглогч болгоод олон нийтийн өмнө гаргасан энэ яг ямар учиртай юм бэ?
Даншиг наадам бол Богд гэгээний өлмий бататгахын тухайд зориулан хийдэг уламжлагдан ирсэн шашин, соёлын өвөрмөц ёслол. Гэвч жил бүрийн даншиг наадмаар Богд гэгээнтэн бус, төрийн өндөр албан тушаалтнууд наадмын хойморт заларч буй дүр зураг илүү тод харагдах болсон. Энэ үйл явдал, дүр зураг Даншигийн мөн чанар яг мөн үү? Яг хэн хойморт нь залрах ёстой вэ?
Үндсэн хуулиндаа бид “Төр нь шашнаа хүндэлнэ. Шашин нь төрөө дээдлэнэ” гэсэн зүйл заалттай ард түмэн шүү дээ.
Гэтэл 2026 оны 6 сарын 7-ноос 6 сарын 9-ны хооронд болсон номын үеэр бидний амар амгалангийн орон болсон Гандантэгчэнлин хийд дотор Төрийн хамгаалалт нэртэй буу шийдэм барьсан хүмүүс, шоронгийн харгалзагч аятай сүсэгтнүүдтэй харилцахыг өөрийн биеэр мэдрээд, айдас дүүрэн мөргөж үздэг л юм байна. Одоо чинь энх цаг шүү дээ.
Энэ яг төрийн хамгаалалт уу? Дарамт уу?
Түүхэндээ ч шашны хэрэгт төр хэт оролцож байсан эмгэнэлт үе Монголчууд бидэнд байсан шүү дээ.
Гэвч өнөөдөр бид шашин шүтэх, эс шүтэх эрхтэй, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ардчилсан, эрх чөлөөт нийгэмд амьдарч буй хүмүүс. Бидний хувьд шашин, сүсэг бишрэлийн асуудалд төрийн оролцоо ямар байх ёстой талаар эргэн бодож, нээлттэй хэлэлцэх цаг болсон мэт санагдана.
Бид Богд гэгээндээ мөргөмөөр байна 🙏
Даншиг наадамдаа залрахыг залбиран хармаар байна 🙏
Дээдийн номын үест энэ төрийн хамгаалалт нэртэй дарамт, шахалт, хүнд сурталгүйгээр Богд гэгээнтэйгээ ном сонсох хувь заяандаа талархан номоо сонсмоор байна 🙏
Төрөө хүндэтгэн, шашнаа дээдэлж, өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн иргэн П.Одонтуяа





