АНУ-ын Moderna болон Merck компаниудын хамтран бүтээж буй хорт хавдрын хувийн тохируулгатай mRNA вакцин III үе шатны эмнэлзүйн туршилтаар эерэг үр дүн үзүүлж, хавдар дахих эсвэл нас барах эрсдэлийг 42 хувиар бууруулсан байна.
2026 оны аравдугаар сарын 22-нд танилцуулсан INTerpath-001 туршилтын дэлгэрэнгүй үр дүнгээр, өвчтөн бүрийн хавдрын генийн онцлогт тохируулан боловсруулсан intismeran autogene вакциныг Keytruda дархлаа эмчилгээтэй хавсран хэрэглэхэд ийм үр дүн гарчээ. Судалгаанд мэс заслаар хавдраа бүрэн авахуулсан, дахилтын өндөр эрсдэлтэй меланома буюу арьсны хорт хавдартай 1,137 өвчтөн хамрагдсан байна.
Хоёр жилийн үр дүн

Туршилтын дүнгээр вакцин болон Keytruda эмчилгээг хавсран хэрэглэсэн бүлгийн өвчтөнүүдийн 82.2 хувь нь хоёр жилийн хугацаанд хавдар дахилгүй амьдарсан бол зөвхөн Keytruda эмчилгээ хийлгэсэн бүлэгт энэ үзүүлэлт 70 хувь байжээ.
Мөн хавдар биеийн алслагдсан эрхтэнд тархах эсвэл нас барах эрсдэл 38 хувиар буурсан байна. Судалгааны үндсэн үр дүн статистикийн хувьд ач холбогдолтой байсан ч өвчтөнүүдийн нийт амьд үлдэх хугацааны мэдээлэл одоогоор бүрэн боловсроогүй байна.
Вакцин хэрхэн үйлчилдэг вэ?

Энэхүү эмчилгээ нь хүн бүрд ижил найрлагаар үйлдвэрлэдэг уламжлалт вакцинаас ялгаатай. Эхлээд өвчтөний хавдрын эдэд генетикийн шинжилгээ хийж, тухайн хавдарт өвөрмөц мутацуудыг тодорхойлно. Үүний үндсэн дээр өвчтөнд тусгайлан тохируулсан mRNA вакцин боловсруулж, дархлааны системийг хавдрын эсүүдийг таньж, устгахад чиглүүлдэг байна.
Одоогоор туршилтын шатанд байна
Судлаачид уг үр дүнг хавдрын эмчилгээг өвчтөн бүрийн онцлогт тохируулах шинэ чиглэлийн чухал ахиц гэж үзэж байна. Гэсэн хэдий ч энэ нь бүх төрлийн хорт хавдрыг эмчлэх вакцин гэсэн үг биш бөгөөд одоогийн судалгааны үр дүн нь тодорхой үе шатны меланоматай өвчтөнүүдэд хамаарна.
Вакцин хараахан өргөн хэрэглээнд батлагдаагүй бөгөөд үйлдвэрлэгчид зохицуулах байгууллагуудтай зөвшөөрөл авах асуудлаар хэлэлцэж эхэлжээ. Цаашид урт хугацааны үр дүн, аюулгүй байдал болон бусад төрлийн хавдарт хэрэглэх боломжийг үргэлжлүүлэн судлах юм.
Ч.ДӨЛГӨӨН
Эх сурвалж: Merck болон Moderna компанийн 2026 оны аравдугаар сарын 22-ны албан ёсны мэдээлэл; Европын Хавдар судлалын нийгэмлэгийн ESMO 2026 хурлын судалгааны үр дүн.





