Канадын “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани Монгол Улсад хэрэгжүүлэх “Зуун Мод” молибден-зэсийн төслийн эдийн засгийн урьдчилсан үнэлгээний үр дүнг танилцуулжээ. Үнэлгээгээр төслийн бүтээн байгуулалтын эхний хөрөнгө оруулалтыг 686.8 сая ам.доллар байхаар тооцсон байна.
Тус төсөл нь молибден, зэсийн ордыг ашиглах зорилготой бөгөөд уурхайн ашиглалтын хугацааг 34 жил байхаар төлөвлөжээ. Төслийн хүрээнд жилд дунджаар 9,000 орчим тонн молибден, 12,700 тонн зэс олборлох боломжтой гэж тооцоолсон байна.

Мөн төслийн татварын дараах цэвэр өнөөгийн үнэ цэнийг суурь хувилбараар 745 сая ам.доллар гэж үнэлжээ. Бүтээн байгуулалтын эхний хөрөнгө оруулалтыг гурван жилийн хугацаанд хийхээр төлөвлөсөн байна.
Компанийн мэдээлснээр, “Зуун Мод” төслийг цаашид хөгжүүлэх, хэрэгжүүлэх боломжит түншүүдтэй хэлэлцээ хийж байгаа аж.
“Зуун Мод” молибден-зэсийн төсөл нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт, Улаанбаатар хотоос баруун өмнө зүгт ойролцоогоор 950 км-т байрладаг. Тус төсөл нь “Эрдэнэ Ресурс”-ийн Баянхөндий алтны уурхайгаас зүүн тийш 35 км орчим зайд оршдог.
“Эрдэнэ Ресурс”-ийн хөгжүүлэлтийн захирал Жон Лайонс хөрөнгө оруулалтын эцсийн шийдвэрийг ойрын хоёр жилд гаргах боломжтой хурдасгасан төлөвлөгөөний хүрээнд 2031 онд молибден, зэс олборлож эхлэх зорилттой байгаагаа танилцуулжээ.
Эх сурвалж: Erdene Resource Development Corp, GlobeNewswire, InvestMETS, Shanghai Metals Market





