Танд “МОНГОЛ ЦАХИМ СОНИН”-ы нийтлэлийг хүргэж байна.
Монголын ахмад настнууд Төрийн ордны гадаа бүтэн жилийн турш тайван жагсаж, тэтгэврийн бодлогыг бодит амьдралтай уялдуулахыг шаардаж байна. Тэдний тэмцэл тавдугаар сарын 9-нд нэг жилийн ойндоо хүрэх гэж байгаа ч эрх баригчдаас дорвитой хариу өнөөг хүртэл ирсэнгүй.Тэтгэврийг 80 мянган төгрөгөөр нэмсэн шийдвэр гарсан ч энэ нь ахмад настнуудын амьдралд бодит өөрчлөлт авчирсангүй. Өнөөдөр дундаж тэтгэвэр 600–700 мянган төгрөгийн хооронд байгаа бөгөөд үнийн огцом өсөлт, ялангуяа хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн нөхцөлд энэ хэмжээний орлогоор амьдрах боломж улам хумигджээ. Зах зээл дээр махны үнэ килограмм нь ойролцоогоор 10 ам.долларт хүрсэн нь ахмадуудын амьжиргаанд шууд дарамт болж байна.


Ахмад настнуудын энэхүү нөхцөл байдал нь зөвхөн нийгмийн халамжийн асуудал төдий бус, хүний эрхийн асуудал болж хувирчээ. Нийгмийн хамгааллын бодлого бодит амьдралаас тасарч, ахмад настнуудын нэр төртэй амьдрах боломж хумигдаж байгаа нь тэдний суурь эрх хангагдахгүй байгааг илтгэнэ. Түүнчлэн бүтэн жилийн турш тасралтгүй үргэлжилсэн тайван жагсаалд төрөөс бодит хариу өгөөгүй нь иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, оролцох эрхийг үл хэрэгсэж буй хэлбэр гэж үзэх үндэслэлтэй юм.
Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн орны хувьд Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактаар хүлээсэн үүргийн дагуу иргэдийнхээ нийгмийн хамгааллыг хангах, зохистой амьжиргааны түвшинг баталгаажуулах үүрэгтэй. Мөн Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад зааснаар иргэд тайван жагсах, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй бөгөөд төр эдгээр эрхийг хүндэтгэх ёстой.Гэтэл бодит байдал дээр нэг талд олон сая ам.долларын авлига, хулгайн асуудал яригдаж, их наядын төсөвтэй төслүүд батлагдаж байгаа бол нөгөө талд ахмад настнууд амьжиргаандаа хүрэлцэх тэтгэвэр хүсэж, бүтэн жилийн турш жагсаж байна. Энэ зөрүү нь нийгмийн бодлогын тэнцвэр алдагдсаныг илтгэж байна.

Ахмад настнуудын дуу хоолойг анхнаас нь хүргэж ирсэн MOJO TV сайт уг асуудлыг олон улсын түвшинд хүргэхээр болжээ. Тус сайт ахмад настнуудын эрх зөрчигдөж буй асуудлаар Нэгдсэн Үндэстний Байгууллага болон олон улсын хүний эрхийн байгууллагад хандахаар үе шаттай ажил төлөвлөсөн байна. Энэ хүрээнд ахмадуудаас гарын үсэг цуглуулж, баримтжуулсан мэдээллийг нэгтгэн өргөдөл хэлбэрээр хүргэх ажлыг эхлүүлэхээр болжээ.
MOJO TV сайтын хувьд төр болон ахмад настнуудын хооронд тэтгэвэр, нийгмийн даатгалын асуудлыг хэрхэн тохирох нь бодлогын маргаан гэж үзэж байна. Харин ахмад настнууд бүтэн жилийн турш, дөрвөн улирлын турш тасралтгүй тайван жагсаж байхад тэдний дуу хоолойг үл тоож буй нь анхаарал татах ёстой асуудал юм.
Иргэд үзэл бодлоо илэрхийлж, тайван жагсах нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын хүний эрхийн суурь зарчимд хамаардаг бөгөөд ийм удаан хугацаанд үргэлжилсэн жагсаалыг үл тоох нь бодлогын маргаан бус, хүний эрхийн асуудал болж байна.Төр иргэдийнхээ дуу хоолойг сонсох ёстой. Тэд бүтэн жил ярьсан. Одоо төр сонсоод ахмадуудын талд шийд гаргах цаг болсон.
МОНГОЛ ЦАХИМ СОНИН





