Монголын үндэсний бөх бол монгол түмний олон зуун жилийн түүх, уламжлал, ёс жудаг, бахархлыг өөртөө шингээсэн үндэсний өв соёл билээ. Бөх хүн гэдэг зөвхөн хүч чадлаараа бус, биеэ авч явах байдал, ёс жудаг, харилцаа хандлагаараа ч ард түмэндээ хүндлэгддэг.
Гэтэл Монголын үндэсний бөхийн холбооноос гаргасан гар ариутгах тухай тайлбарын үг хэллэг, найруулга нь бөхчүүдийн нэр хүнд, хүн чанар, соёлын талаар таагүй ойлголт төрүүлэхээр болжээ. Эхлээд МҮБХ-ны тайлбар гэх доромжлолыг уншицгаая.
ТАЙЛБАР
Монгол үндэсний бөх бол олон зууны турш бидэнд уламжлагдан ирсэн үнэт өв соёлын нэг бөгөөд НИЙГМИЙН ХӨГЖИЛ, ЦАГ ҮЕТЭЙГЭЭ НИЙЦЭН ХӨГЖИЖ БАЙХ ЁСТОЙ.
Үндэсний бөхийн барилдаан 6-8 цаг ЗАВСАРЛАГАГҮЙ үргэлжилж бөхчүүд хүчийг шавхан (давхар золгох, тэгш барилдаанд шуудагны барьцтай) барилдаж байгаа энэ үед ариун цэвэрт зайлшгүй АНХААРАХ шаардлагатай.
МҮБХ энэ жилийн Улсын баяр наадмаас эхлэн амжилттай барилдсан бөхчүүдийг үзэгч олон нийт болон барилдаан хамтран зохион байгуулагчидтай барилдааны дараа гар барин талархал илэрхийлэхэд АРИУТГАЛЫН БОДИСООР ГАРЫГ АРЧУУЛЖ байгаа болно. Энэ нь тухайн бөхийг болон бусдыг ч таагүй байдалд оруулахгүй зайлшгүй шаардлагатай ахуйн соёлын нэг.
МҮБХолбоо нь Монгол бөхийн өргөө болон бусад зал танхимын (орон нутагт зохиогдох барилдаануудад) бүх шатны барилдаанд ГАР АРЧИХ ДАДЛЫГ хэвшүүлэх ажлыг хэрэгжүүлж ажиллана.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО гэжээ.

Энд гар ариутгахын эсрэг байр суурь илэрхийлэх гэсэнгүй. Олон хүн цуглардаг, олон цаг үргэлжилдэг спортын арга хэмжээний үеэр эрүүл ахуйн шаардлага хангах нь мэдээж зөв. Харин энэ зөв ажлыг тайлбарлаж буй арга хэлбэр нь анхаарал татаж байна. МҮБХ юу юун дээр алдав. За, эхэлье.
Нэгдүгээрт, «Ариун цэвэрт зайлшгүй анхаарах шаардлагатай» гэжээ. Бөхчүүд өнөөг хүртэл ариун цэвэртээ анхаардаггүй байсан мэт ойлгогдож болно.
Хоёрдугаарт, «Ариутгалын бодисоор гарыг арчуулж байгаа болно» гэсэн нь бөхчүүд өөрсдөө ариун цэврээ сахих чадваргүй учраас холбооноос гар арчуулж байгаа мэт өнгө аястай.
Гуравдугаарт, «Гар арчих дадлыг хэвшүүлэх ажлыг хэрэгжүүлнэ». Энэ тайлбар бол өөрөө асар бүдүүлэг. Бөхчүүдэд гар арчих дадал, соёл байхгүй байсан гэсэн шууд бус утга агуулж байна.
Дөрөвдүгээрт, «Тухайн бөхийг болон бусдыг ч таагүй байдалд оруулахгүй» гэжээ. Бөхчүүдийн гар бусдад таагүй мэдрэмж төрүүлдэг гэсэн ойлголт төрүүлж болзошгүй.
Ингэж бичсэнээрээ холбоо нь бөхчүүдийг ариун цэвэр сахидаггүй, гараа арчиж заншаагүй, бусдад таагүй байдал үүсгэдэг хүмүүс мэтээр олон нийтэд ойлгуулах эрсдэл бий болголоо.
Бөхчүүд бол холбооны зохион байгуулж буй аливаа арга хэмжээний нэгэн хэрэглэгдэхүүн биш. Тэд бол үндэсний бөхийн гол цөм, олон жилийн хөдөлмөр, хичээл зүтгэл, биеийн хүч, тэсвэр тэвчээрээ зориулж яваа тамирчид. Тэдний нэр хүнд, эрхэм чанар, хөдөлмөрийг хүндэтгэх нь холбооны үндсэн үүргийн нэг байх ёстой.
Хэрэв гар ариутгах шаардлагатай гэж үзэж байгаа бол үүнийгээ орчин үеийн эрүүл ахуйн стандарт, олон нийтийн эрүүл мэнд, харилцан хүндэтгэлийг дэмжсэн зохион байгуулалтын шинэчлэл гэж тайлбарлахад л хангалттай байлаа.
Харин бөхчүүдэд байхгүй соёл, дадлыг холбооноос бий болгож байгаа мэтээр ойлгогдох үг хэллэг хэрэглэх нь зохисгүй.
Шинэчлэл хийх нэрээр уламжлалаа тээгчдээ дорд үзэж болохгүй. Эрүүл ахуйг эрхэмлэх, бөхчүүдийн нэр хүндийг хүндэтгэх хоёр хоорондоо зөрчилдөх зүйл огт биш.
МҮБХ бөхчүүдээс соёл шаардахаасаа өмнө өөрийнхөө харилцаа, хандлага, тайлбар мэдэгдлийн найруулгад ч мөн адил соёлтой, хүндэтгэлтэй хандах хэрэгтэй.
Үндэсний бөхийн хөгжил гэдэг зөвхөн шинэ журам, шинэ зохицуулалт нэвтрүүлэхийн нэр биш. Харин бөхчүүдээ хүндэтгэж, тэдний нэр хүндийг хамгаалж, уламжлал ёс жудгаа орчин үеийн хөгжилтэй зөв хослуулахын нэр юм, Магал аа!
Д.Гансаруул





