Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2026 оны аравдугаар сард Монгол Улсын хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 13.4 хувь, өмнөх сараас 1.1 хувиар өсчээ.
Энэ нь иргэдийн худалдан авах чадвар буурч, амьжиргааны өртөг нэмэгдэж байгааг илтгэнэ. Тухайлбал, өнгөрсөн жил 1 сая төгрөгөөр авч байсан бараа, үйлчилгээний багц энэ жил ойролцоогоор 1 сая 134 мянган төгрөгийн үнэтэй болж байна.
Инфляцын өсөлтөөс хамгийн ихээр хүнс, тээвэр, боловсролын зардал нэмэгдэх нь өрхийн төсөвт хүндээр тусна. Ялангуяа бага, дунд орлоготой өрхүүд орлогынхоо ихэнх хувийг өдөр тутмын хэрэглээнд зарцуулдаг тул үнийн өсөлтийг илүү хүчтэй мэдэрнэ.
Үүний улмаас иргэд хүнсний хэрэглээгээ танах, хуримтлал үүсгэх боломжгүй болох, зээл төлөлтөд хүндрэл учрах, хүүхдийн боловсрол болон эрүүл мэндийн зардлаа хязгаарлах эрсдэлтэй.
13.4 хувийн инфляц бол зөвхөн бараа бүтээгдэхүүний үнэ өссөн асуудал биш. Энэ бол иргэдийн хөдөлмөрөөр олж буй орлогын үнэ цэнэ буурч, амьдралын чанарт сөргөөр нөлөөлж буй эдийн засаг, нийгмийн томоохон сорилт юм.
Иймд төр засаг үнийн өсөлтийг хязгаарлахын зэрэгцээ иргэдийн бодит орлого, худалдан авах чадварыг хамгаалахад чиглэсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Ч.ДӨЛГӨӨН, Д.САРУУЛ





