АЗИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ШАГНАЛТ СЭТГҮҮЛЧ Д.ГАНСАРУУЛ: Ахмадууд тэтгэврийн доод хэмжээг 1.500.000 төгрөг болгохыг шаардаж зургадугаар сараас аравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл Төрийн ордны баруун хаалганы гадна, хуучин хашааны суурин дээрх цардмал дээр өглөө 11:00 цагаас 17:30 цаг хүртэл 37 өдрийн турш суулаа. Тэмцлийн олон хэлбэр байдгийн нэг нь ЧИМЭЭГҮЙ СУУЛТ. Тэд энэ удаад уг хувилбарыг сонгож 37 өдөр Төрийн ордны үүдийг нар, бороо, салхи, жаврыг эс тоон сахив.

Тэдний тавьсан шаардлагыг эрх баригчид таягдан няцааж “Мөнгө байхгүй, боломжгүй” гэх үгээр амыг нь тагласаар ирэв.
Өдөрт ихдээ 70, 80 ахмад, оргил үедээ 100 гаруй цуглаж байсан бол суултаа тасралтгүй үргэлжлүүлсэн 20 гаруй тууштай ахмад байлаа. Тэднийг Ц.Алтанзул гэх өндөр настан түүчээлж байв. Баянхонгор, Сэлэнгэ, Увс, Ховд зэрэг аймгаас ахмадын төлөөлөл ирж, хотын ахмадуудтайгаа нийлж зунжин, намаржин Төрийн ордны гадаа борц болтлоо сууцгаав.

Ахмадууд өнөөдөр жагслаа, маргааш өглөө тэтгэврийг нь шууд 1.5 сая болгох боломжгүй. Олон үе, шаттай яриа хэлцэл, хэлэлцээр, бүр шаардан тулгалт зэрэг үйл явц дамжиж байж үр дүн гарна.
С.Эрдэнэбат, Д.Энхтуяа, Б.Пүрэвдорж зэрэг арваад тооны УИХ-ын гишүүн чуулганы хуралдаан дээр ахмадуудынхаа дайсан үг, захиасыг уламжилж “Тэтгэврийг нь нэмээд өгөөч” гэхийг олонтаа сонслоо. Эдгээр гишүүн тус бүртээ зохих хууль, журмын дагуу ахмадуудынхаа тэтгэврийн доод хэмжээг 1.500.000 төгрөг болгуулахын төлөө хичээж зүтгэж байна аа.




Харин нөгөө талд Ерөнхий сайд, Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Монголбанкынхан гэсэн бул хар чулуунууд “Байхгүй, боломжгүй” гэх үгсээ давтсаар.
Чимээгүй суултад тасралтгүй суусан ахмадуудын бие чилээрхэж, бас ойрмогхноос нийт нутгаар сэрүүсч байгаа, мөн эрх баригч нам даргын суудлаасаа болж гурвалжин дөрвөлжин хэрүүл зодоонтой байгаа тул жагсаалаа түр завсарлуулж байгаагаа дуулгалаа. Энэ хугацаанд тэд олон улсын хүний эрхийн байгууллагууд болон НҮБ-д хандах бололтой.

Ахмадууд аа! Та бүхэн хангалттай сайн байлаа. Нийгэм, олон нийт та бүхнийг хоёр улирал дамжиж харлаа. 37 хоногийн турш та бүхэнд чих тавилаа. Та нар үнэхээр зоригтой, тууштай юм аа.
Хүн эрхтэй. Хүн бүр эрхтэй. Гэвч эрхтэй гэдгээ мэдэх нь хамгаас чухал. Эрхтэй гэдгээ мэдээд эрхийнхээ төлөө эвлэлдэн нэгдэж, төр засагтаа үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж, хэрхэн тэмцдэгийг та бүхэн харууллаа. Ахмадуудаас багш, эмч нар ч үлгэр авч Фэйсбүүк групптээ “Ахмадуудаа, хараач. Хэдүүлээ ахмадууд шигээ тэмцье л дээ” гэхийг нь уншсан!

Хэдийгээр одоогийн байдлаар тэтгэврийн доод хэмжээг 1.500.000 төгрөг болгуулаагүй байгаа ч ахиц гарсаар байна.
“Тэтгэвэр амьдралд хүрэхгүй байна” гээд дэмий халаглаад суусангүй, та нар. Гарч ирээд тэмцлээ, үйлдэл хийлээ. Энэ бол том амжилт, ялалт!
Хүн боловсролтой, эрүүл, зөв байх нь нэн тэргүүнийх ч бас нэг чухал зүйл бол эрхээ мэддэг, эрхийнхээ төлөө явдаг, эрхээ хамгаалж чаддаг байх. Монголын ахмадууд 2 улирлын турш хүний эрхийн хичээл заалаа. Эрхээ мэддэг, тэмцдэг ахмадуудтай байх сайхан юм аа… Баярлалаа.





