Хятад улс АНУ-ыг тарифын шинэ арга хэмжээгээ нэн даруй цуцлахыг шаардаж, өөрийн эрх ашгаа хамгаалахын тулд хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн худалдааны түншүүддээ өндөр тариф ногдуулсан нь олон улсын худалдаанд томоохон эрсдэл дагуулаад байна.
Хятадын Худалдааны яамны мэдэгдэлд “АНУ олон улсын худалдааны хэлэлцээрүүдийн хүрээнд бий болсон тэнцвэрт байдлыг үл тоомсорлож, олон жилийн турш олон улсын худалдаанаас ихээхэн ашиг хүртэж ирснийг үл хэрэгссэн үйлдэл гаргалаа” гэж дурджээ.
Аналистуудын үзэж байгаагаар Хятад улс АНУ-ын шинэ тарифын бодлогоос хамгийн бага хохирол амсах улс байж магадгүй. Худалдааны яамны мэдээлэлд “Хятад энэ шийдвэрийг тууштай эсэргүүцэж байгаа бөгөөд өөрийн эрх ашгийг хамгаалахын тулд хариу арга хэмжээ авах болно” гэж онцолжээ. Энэ нь дэлхийн хамгийн том эдийн засгуудын хооронд өрнөж буй худалдааны дайныг улам хурцатгаж, олон улсын хангамжийн сүлжээнд томоохон өөрчлөлт авчрах магадлалтай.
Трамп Хятадын бараанд 34%-ийн тариф ногдуулахаа зарласан бөгөөд үүнээс өмнө 20%-ийн тариф тавьж байсан тул нийт татварын хэмжээ 54%-д хүрлээ. Тэрээр сонгуулийн сурталчилгааныхаа үеэр 60%-ийн тариф тогтооно гэж амлаж байсан юм. Шинэ тарифын дагуу Хятадын бүх экспортлогчид 10%-ийн суурь татвар төлөх шаардлагатай бөгөөд энэ нь 4-р сарын 9-нөөс хэрэгжих “харилцан тариф”-ын нэмэлтээр улам нэмэгдэх аж.
АНУ-ын шинэ тарифын бодлогын улмаас Хятадын экспортын бараанд ногдох дундаж татвар 76%-д хүрэх төлөвтэй байна гэж Вашингтоны Петерсоны олон улсын эдийн засгийн хүрээлэнгийн ахлах судлаач Чад Браун дүгнэжээ. Мөн Трамп “de minimis” гэх худалдааны цоорхойг хаах тушаалд гарын үсэг зурсан бөгөөд энэ нь Хятад, Хонконгоос АНУ руу бага үнэтэй барааг татваргүй оруулж ирэх нөхцөлийг үгүй хийх арга хэмжээ юм.
2017 онд худалдааны дайн эхлэхээс өмнө Хятад улс АНУ-аас 154 тэрбум ам.долларын бараа импортолж байсан бол өнгөрсөн жил энэ хэмжээ 164 тэрбум ам.доллар болж өссөн талаар Хятадын гаалийн мэдээ харуулж байна.
Ч.ДӨЛГӨӨН
Эх сурвалж: Reuters