АНУ-ын тарифын бодлого Уолл Стрийтийг донсолгож, хөрөнгийн зах зээл уналтад орлоо. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шинэ тарифт бодлого дэлхийн зах зээлд хүчтэй нөлөө үзүүлж, хөрөнгө оруулагчдын дунд хямралын айдас төрүүллээ.
Пүрэв гаригт Нью-Йоркийн хөрөнгийн биржийн Доу Жонсын индекс 1,570 нэгжээр буюу 3.7%-иар огцом унасан бол, өргөн хүрээний S&P 500 индекс 4.36%-иар буурч, есдүгээр сараас хойшхи хамгийн бага түвшиндээ хүрсэн байна. Мөн технологийн салбар давамгайлсан Nasdaq индекс 5.6%-иар унаж, 2020 оны гуравдугаар сараас хойшхи хамгийн муу үзүүлэлтээ харууллаа.
Глобал зах зээл ч мөн адил огцом буурсан байна. Европын STOXX 600 индекс 2.34%-иар унаж, Германы DAX индекс 2.29%-иар буурчээ. Ази тивд Японы Nikkei 225 индекс 2.77%-иар, Хонг Конгийн Hang Seng индекс 1.52%-иар тус тус уналттай гарсан байна.
Трампын импортын бараанд ногдуулсан өндөр тарифууд нь худалдааны түнш орнуудын эсэргүүцэлтэй тулгарч, дэлхийн эдийн засгийг тогтворгүй байдалд хүргэж болзошгүй гэсэн болгоомжлол хөрөнгө оруулагчдын дунд үүсээд байна. Үүний нэг жишээ нь АНУ-ын долларын ханш буурсан явдал юм. Тарифын бодлогын нөлөөгөөр долларын ханш өсөх магадлалтай ч хөрөнгө оруулагчид АНУ-ын урт хугацааны өсөлтөд саад болохуйц шийдвэр гаргаж байна гэж үзсэн нь ханшийг сулруулжээ. Энэ үед хөрөнгө оруулагчид аюулгүй хөрөнгө оруулалтын хэрэгслүүд рүү хошуурч байна.
Алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрч, унц нь 3,160 ам.доллар давлаа. 10 жилийн хугацаатай АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж огцом буурч, өнгөрсөн аравдугаар сараас хойшхи хамгийн бага түвшиндээ хүрсэн байна. Алтны үнэ энэ өглөө 3,100 ам.доллараас дээш хадгалагдаж, 2023 оноос хойш 19%-иар өссөн бөгөөд 1986 оноос хойшхи хамгийн сайн улирлын өсөлтийг үзүүлжээ. АНУ-ын зах зээлийг хамгийн ихээр уналтад оруулсан компаниуд нь олон улсын нийлүүлэлтийн сүлжээнд хамааралтай томоохон корпорациуд байлаа. Apple (AAPL) хувьцаа 8.7%-иар унасан бол, Nike (NKE) 12.7%, Best Buy (BBY) 15.3%, Ralph Lauren (RL) 17.4%-иар тус тус унажээ.
АНУ-ын энэхүү шинэ тарифын бодлого богино хугацаанд хөрөнгийн зах зээлд сөргөөр нөлөөлж, дэлхийн эдийн засагт тодорхой бус байдал үүсгэж байна. Хэрэв АНУ болон түүний худалдааны түншүүдийн хооронд худалдааны зөрчил гүнзгийрвэл энэ нь зах зээлд урт хугацааны тогтворгүй байдал авчрах эрсдэлтэй юм.
Ч.ДӨЛГӨӨН
Эх сурвалж: CNN