Эхлэл Мэдээ Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцлээ
МэдээУлс төр

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцлээ

Хуваалцах
Хуваалцах

Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн (2025.04.03)-ийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын есөн гишүүний өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх, эсэх тухай хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Чуулганы үдээс өмнөх хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хууль санаачлагчийн илтгэлийг, Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд төслүүдийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг тус тус танилцуулсан юм. Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуув.

Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг хуулийн төслийг дэмжих боломжгүйгээ илэрхийлээд, төсөлд тусгагдсан харилцаа нь Хууль тогтоомжийн тухай хуулиар бус захиргааны эрх зүйн хүрээнд шийдвэрлэх асуудлууд болохыг онцолсон юм. Тэрбээр орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд хуулиар хуваарилагдсан эрх мэдлийг Улсын Их Хуралд төвлөрүүлэх эрсдэлтэй байна гэсэн юм. Түүний асуултад Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар хариулахдаа, холбогдох хуулиудаар нэгэнт хуваарилагдсан эрх мэдлийг энэ хуулиар өөрчлөх, хязгаарлах зүйл байхгүй. Харин эрх мэдлийг хуулиар хүлээн авсан субьект цаашаа өөр этгээдэд хуулиас давсан журмаар эрх мэдлийг дахин хуваарилахгүй байх тухай асуудлыг тусгасан гэсэн юм. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан манай улсад өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр 920 гаруй хууль, 3500 орчим журам байгааг дурдаад, аливаа хууль, эрх зүй, засаг захиргааны хэм хэмжээ тогтоох асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн, шийдвэрлэдэг байх ёстой гэлээ. Хуулиар эрхээ авчихсан гээд хуулиас давсан журам гаргаад байж болохгүй бөгөөд үүнийг цэгцлэх зорилгоор Д.Цогтбаатар нарын Улсын Их Хурлын гишүүд энэ хуулийн төслийг санаачилсан гэдгийг тодотгов. Мөн хууль, эрх зүйн зохицуулалт уян хатан байх ёстой гэсэн үзэл баримтлалаар хуулийг ихээхэн ерөнхий баталж, нарийвчилсан харилцааг журмаар зохицуулахаар заадаг жишиг өнөөдрийн энэхүү хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болгосон гэсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг боловсруулахдаа хуулиар тогтоосон нөхцөл шаардлагыг хэрхэн хангаж ажилласан, холбогдох салбарын аж ахуйн нэгжүүд, иргэд, олон нийтийн саналыг авсан эсэх, хуулиас давсан дүрэм, журам баталж, хүнд суртал, завхрал үүсгэсэн албан тушаалтнуудад хариуцлага ногдуулж байгаа эсэх, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар эдийн засгийн харилцаанд үл ойлголцох үүсэх эрсдэл бий эсэхийг асууж хариулт авсан Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, яаралтай горимоор өргөн барьж, батлуулсан хууль тогтоомжийн зайлшгүй шаардлагад хийсэн судалгаа, үнэлгээ дүгнэлт бий эсэх, ийм горимоор төсөл өргөн мэдүүлэхийг хэрхэн хязгаарлах зэрэг асуудлыг хөндсөн юм. Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан хуулийн төслийг боловсруулахдаа олон нийтийн хэлэлцүүлгийг заавал хийдэг байх зохицуулалтыг хэрхэн баталгаажуулж байгааг тодруулсан бол Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа албан татвар, төлбөр хураамж тогтоох асуудлыг зөвхөн Улсын Их Хурал шийдвэрлэх тухай заалт хэрэгжих боломжтой эсэхийг нягталж, орон нутгийн хэмжээнд шийдвэрлэх асуудлуудад чөдөр тушаа болох эрсдэл бий эсэхээс болгоомжилсан байр суурь илэрхийлсэн юм. Мөн тэрбээр хууль хэрэгжихгүй байгаа явдлыг шинжлэн судалж, шалтгаан нөхцөлийг тогтооход анхаарах нь зүйтэй гэсэн юм.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг захиргааны хэм хэмжээ тогтоох Засгийн газрын эрхийг хязгаарласан нь ямар учиртайг, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудад хор уршгийн судалгаа хийсэн, эсэхийг болон хууль, Улсын Их Хурлын шийдвэрийг эс хэрэгжүүлсэн сайд, дарга нарт оногдуулах хариуцлагыг тодорхой болгох, гол хуулийн үзэл баримтлалаас өөр нэмэлт, өөрчлөлтүүдийг боловсруулах, батлахаас сэргийлэх хязгаарлалтын зохицуулалтын энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр тусгах боломжтой эсэхийг асууж Хууль зүйн байнгын хорооны дарга болон ажлын хэсгийг гишүүдээс тодорхой хариулт авав. Мөн Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан түүний асуултад хариулт өгч, хууль тогтоомжууд хэт ерөнхий, зохицуулах ёстой харилцаагаа иж бүрэн зохицуулж чадахгүй байгаа учир хэрэгжилт нь хангалтгүй байгааг дурдан, үүний зэрэгцээ хууль тогтоомжийн хоцрогдлыг арилгах ажил өөрөө хоцрогдолтой буюу цаг үеэсээ хоцроод байна гэлээ.Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал аливаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг боловсруулахдаа иргэдийн утга учиртай, хариу үйлдэлтэйгээр оролцоог бодитой хангах байдалд ямар ахиц гарах болон хүний эрхийн хязгаарлалтын талаарх хуулийн сахиулах байгууллагын албан хаагчид, иргэдийн ойлголт, мэдлэгийг сайжруулах шаардлагатайг баримтаар жишээлэн ярьсан юм. Хэлэлцэж буй хуулийн төсөлд аливаа хууль тогтоомжийн төслийг боловсруулахдаа эрх ашиг нь хөндөгдөх хэсэг, бүлгийн саналыг заавал авч тусгах, мөн олон нийтийн хэлэлцүүлгийг цахимаар бус бодитойгоор хийх зохицуулалтуудыг тусгаж буйгаа хууль санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар тайлбарлав.

Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх талаарх санал хураалтыг чуулганы маргааш (2025.04.04)-ийн нэгдсэн хуралдаанаар явуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээУлс төр

Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар...

МэдээУлс төр

Монгол, Туркменистаны бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовын төрийн...

МэдээУлс төр

ТББХ: “МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДАД ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ ТУХАЙ” УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ 73.9 ХУВЬ НЬ ДЭМЖЛЭЭ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2025.06.02/-ийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын...