Эхлэл Улс төр У.Хүрэлсүх: Монгол Улсын газар нутаг бол хэн дуртай нь дураараа эзэмшиж, хүссэн газраа хөшөө дурсгал, бунхан бий болгодог газар биш
Улс төр

У.Хүрэлсүх: Монгол Улсын газар нутаг бол хэн дуртай нь дураараа эзэмшиж, хүссэн газраа хөшөө дурсгал, бунхан бий болгодог газар биш

Хуваалцах
Хуваалцах

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэр аймгийн удирдлагууд болон шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нартай уулзлаа.

Ерөнхийлөгч тодорхой асуудлуудаар үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:
  • “Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй. Энэ бол Үндсэн хуулийн зарчим. Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, үндэсний эв нэгдэлд хохирол учруулах аливаа ёс бус үг, үйлдлийг энэ цаг мөчөөс эхлээд таслан зогсоох ёстой.
  • Эх хэлээ мэддэг байх нь эх орондоо эрхээ эдэлж, үүргээ биелүүлж, эх орныхоо иргэн байхын баталгаа мөн. Монгол Улсын иргэн бүр төрийн албан ёсны хэл болсон монгол эх хэлээ сурч эзэмших үүрэгтэй. Монгол хэлээ хүүхэд бүрд багаас нь зааж сургахад төр засаг, аймаг орон нутаг, боловсролын салбар онцгой анхаарч ажиллах ёстой.
  • Монгол Улсын газар нутаг бол хэн дуртай нь дураараа эзэмшиж, хүссэн газраа хөшөө дурсгал, бунхан бий болгодог газар биш. Мэдээж өвөг дээдсийнхээ зан үйлийг хүндэлж, өтгөс буурлынхаа хойчийг хүндэтгэн үдэх нь хүний ёс. Гэхдээ өвөлжөө, хаваржаа, бэлчээр, түүх, соёлын дурсгалт газар, байгаль орчны онцгой бүсэд оршуулгын зан үйл хийх нь хуулиар хориотой. Энэ хууль эрх зүйн орчныг улсын хэмжээнд нэгдсэн зохицуулалтад оруулж, ард иргэдэд ойлгомжтой, тодорхой болгох ёстой. Үүнд төрийн тэргүүн онцгой анхаарах болно.
  • Уул ус, газар нутаг, засаг захиргааны нэр бол хэн нэгний дур зоргоор өөрчилдөг зүйл биш. Энэ бол өвөг дээдсээс уламжлагдан ирсэн түүх, соёл, газар нутгийн дархлаа юм. Тиймээс төрийн хууль тогтоомжийг ягштал биелүүлж, иргэдэд сурталчлан таниулж, аливаа хууль зөрчсөн үйлдлээс ард иргэдээ хамгаалж ажиллахыг үүрэг болгож байна.
  • Улс орны эв нэгдэлд төрийн түшээдээс эхлээд иргэн бүрийн хүлээх үүрэг, хариуцлага маш чухал. Төрийн түшээд нь үг, үйлдлээрээ ард иргэдээ талцуулах бус нэгтгэх ёстой. Иргэн бүр ч мөн адил хэлсэн үг, хийсэн үйлдэл бүрээрээ улс орныхоо эв нэгдэлд хувь нэмэр оруулах учиртай.
  • Төрийн албанд хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах ёстой. Түүнээс биш нутаг ус, гарал үүсэл, танил талаараа төрийн албыг хашиж, намын харьяаллаар гадуурхаж болохгүй. Тиймээс төрийн албанд ажиллах хүсэл сонирхолтой иргэдэд хуулийн хүрээнд ажиллах нөхцөлийг бүрдүүлж төрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ёстой.
  • Эцэст нь хэлэхэд үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, үндэсний эв нэгдэлд хохирол учруулах аливаа ёс бус үг үйлдлийг энэ цаг мөчөөс эхлээд таслан зогсоох ёстой. Үүнийг төрийн тэргүүн хатуу анхааруулж байна. Эс тэгвээс төрийн хууль таныг дуудах болно” гэлээ.

Ерөнхийлөгч дээрх үүрэг, даалгаврын хүрээнд аймаг, орон нутгийн удирдлага, холбогдох газруудтай хамтран ажиллахыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга A.Бямбажаргалд үүрэг болголоо.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын...

TVУлс төр

У.ХҮРЭЛСҮХ: Монголчууд бидний эрхэм дээд үнэт зүйл, эрхэмлэн дээдлэх оройн дээд шүтээн бол Их Эзэн Чингис хаан юм

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ: Монголчууд бидний эрхэм дээд үнэт зүйл, эрхэмлэн дээдлэх...

Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж байна.Тэрбээр тус аймагт хүрэлцэн...