Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.03/ Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцож үг хэллээ.
Эрхэм хүндэт ОХУ-ын Ерөнхийлөгч, ноён Владимир Владимирович Путин,
Эрхэм хүндэт төр, засгийн тэргүүн, эрхэмсэг зочид, хүндэт төлөөлөгчид, хатагтай, ноёд оо,
Та бүхэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, амар амгалан, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн шинэ төвүүдийн нэг болон эрчимтэй хөгжиж буй Ази, Номхон далайн бүс нутагт онцгой байр суурь эзэлдэг Алс Дорнодод жил бүр зохион байгуулагддаг Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байгаадаа баяртай байна.
Энэхүү нэр хүндтэй чуулга уулзалтад Монгол Улсыг оролцохыг урьсан эрхэм хүндэт Владимир Владимирович Путин Танд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Энэ удаагийн чуулга уулзалтыг “Алс Дорнод: хүний сайн сайхны төлөөх хөгжил” хэмээх утга төгөлдөр сэдвийн дор зохион байгуулж буй нь хөгжлийн эцсийн зорилго нь хүн, түүний сайн сайхан амьдрал, ирээдүйн боломж байх учиртайг тод томруун илэрхийлж байна.
Бидний хувьд хөгжил гэдэг нь зөвхөн эдийн засгийн үзүүлэлтийн өсөлтөөр хэмжигдэх бус, иргэн бүрийн амьдралын чанар дээшилж, залуу үеийн ирээдүйд итгэх итгэл нэмэгдэж, улс орнууд хоорондын харилцан ойлголцол, итгэлцэл бэхжих үйл явц юм.
Иймээс худалдаа, хөрөнгө оруулалт, тээвэр логистик, эрчим хүч, технологи, хүний хөгжлийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж, бүс нутгийн эдийн засгийн уялдаа холбоог улам бататгах нь бидний нийтлэг эрх ашиг хэмээн үзэж байна.Хатагтай, ноёд оо,Өнөөдөр олон улсын харилцаа, дэлхийн эдийн засгийн орчин урьд өмнөхөөсөө илүү ээдрээтэй, сорилт ихтэй цаг үед байна.
Үнийн хэлбэлзэл, нийлүүлэлтийн сүлжээний тасалдал, тээвэр логистикийн хүндрэл, төлбөр тооцооны тогтолцоонд гарч буй өөрчлөлт, геополитикийн зөрчилдөөн зэрэг нь улс орнуудын тогтвортой хөгжилд шинэ сорилт болж байна.
Ийм цаг үед бид ялгаатай байдлаа улам тодотгохоос илүүтэй нийтлэг эрх ашгаа эрэлхийлж, харилцан итгэлцэл, тэгш эрх, харилцан хүндэтгэл, зөвшилцөлд тулгуурласан хамтын ажиллагааг бэхжүүлэх учиртай.
Монголчууд бид “Эвтэй бол хүчтэй” хэмээн эртнээс эрхэмлэн хэлж ирсэн. Өнөөдөр энэ мэргэн санаа улс үндэстнүүдийн харилцаанд урьд өмнөхөөсөө илүү үнэ цэнтэй болж байна. Ялгаатай байдлаа хүндэтгэн, нийтлэг эрх ашгаа эрхэмлэж чадвал бидний хамтын хүч бүс нутгийн энх тайван, тогтвортой хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна.
Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай баримталж ирсэн бөгөөд улс орнуудын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүндэтгэсэн хамтын ажиллагааг бүс нутгийн энх тайван, тогтвортой хөгжилд хүрэх чухал нөхцөл гэж үздэг.Монгол Улс газар зүйн онцгой байршил, байгалийн баялаг, залуу бөгөөд чадварлаг хүний нөөцийн давуу талдаа түшиглэн бүс нутгийн эдийн засгийн интеграцид идэвхтэй оролцож, тээвэр, логистик, эрчим хүч, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин,Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо,Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалт нь Алс Дорнод төдийгүй Ази, Номхон далайн бүс нутаг, Евразийн өргөн уудам орон зайд хүний сайн сайхан, тогтвортой хөгжил, эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ боломжийг нээсэн чухал индэр болж байна.Энд хэлэлцэж буй санаачилга, төсөл, шийдэл бүхэн ард иргэдийн амьдралд бодит үр өгөөж авчрахуйц, улс орнуудын харилцан итгэлцлийг бэхжүүлсэн, урт хугацаанд тогтвортой хамтын ажиллагаанд чиглээсэй хэмээн хүсэж байна.Монгол Улс ийм хамтын ажиллагаанд өөрийн хувь нэмрээ оруулахад ямагт бэлэн байна.
Монголчууд “Саахалт айлын санаа нэг” хэмээн эрхэмлэн хэлдэг. Олон зууны турш зэрэгцэн оршиж, сайн хөршийн ёс, харилцан хүндэтгэлийг эрхэмлэн ирсэн Монгол, Оросын ард түмний харилцааны үнэ цэнэ ч үүнд оршдог.Энэхүү итгэлцэл, найрамдал, харилцан хүндэтгэлийн үнэт өвийг бидний үе улам бататгаж, ирээдүй хойч үедээ улам бэхжүүлэн өвлүүлэх учиртай.Эрхэм хүндэт Владимир Владимирович Путин Танд Монгол Улсыг Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохыг урьж, халуун дотноор хүлээн авч буйд дахин чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Танд болон Оросын ард түмэнд эрүүл энх, аз жаргал, хөгжил дэвшил, сайн сайхан бүхнийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.
Монгол, Оросын ард түмний уламжлалт найрсаг харилцаа, сайн хөршийн итгэлцэл үеийн үед батжин бэхжиж, хоёр орны хамтын ажиллагаа улам өргөжин тэлж, ард иргэдийн сайн сайхан амьдралд үр шимээ өгөх болтугай.Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.








