Ардчилсан хувьсгалын 35, ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25 жилийн ойд зориулан Ардчилсан Нам, МУИС-тай хамтран “Монголын ардчилсан хувьсгалын үр дүн, ололт, сорилт, өнөөгийн байдал, цаашдын төлөв” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.
Эрдэм шинжилгээний хурлыг нээж Ардчилсан Намын дарга, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл үг хэлэв. Тэрбээр “Хүнээр зүйрлэвэл Монголын ардчилал идэр насанд хүрчээ. Ардчиллаас хойш хүний гурван үе шинээр төрж, өсч байна. Гэвч ардчиллын 35 жилийн хугацааг нийгэм, эдийн засгийн тогтолцооны шилжилт, институцийн хөгжил талаас нь авч үзвэл балчир хэвээрээ, нийгмийн олон талт үйл явцын хүрээнд авч үзвэл бүрэн төлөвшиж амжаагүй явна.
Юуны өмнө бид ардчилсан институциудын хөгжлийг тэтгэж, жинхэнэ утгаар нь хөгжүүлж чадсангүй. Монголын төрийн байгууллагууд өнөөдөр чөлөөт нийгэмд байдаг, татвар төлөгчдийн мөнгөөр иргэнд үйлчилдэг байгууллага гэхээсээ илүү иргэнээсээ хамааралгүй, дарангуй төрийн хүнд суртлын аппарат хэвээрээ үлджээ.
Иргэний шаардлага биш даргын тушаал Монголын төрийн байгууллагуудын ажлын удирдамж болж байна. Ардчилсан тогтолцооны бас нэг тулгуур бол чөлөөт хэвлэл. 1997 онд хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль батлагдснаар төр хэвлэл мэдээллийн хэрэгсэл эзэмшихгүй болж, чөлөөт хэвлэл хөгжих үүд хаалга нээгдсэн.

Харамсалтай нь өнөөг хүртэл төрийн байгууллагууд, төрийн өмчит компаниуд өөрийгөө магтуулах, ил тод байдлыг халхлах зорилгоор хэвлэлийн зардал нэртэй төсөв батлан зарцуулж, чөлөөт хэвлэлийг худалдан авч, үнэнийг гуйвуулж ирлээ.
Монголчууд эвлэлдэн нэгдэж эрхээ хамгаалах боломж улам бүр хумигдаж, иргэний нийгмийн байгууллагууд бараг үгүй болж байна. Энэ бүхнээс үүдэн Монголын ардчилал төлөвшиж чадахгүй, институцийн хувьд бэхжихгүй байна. Хоёрдугаарт бидний улс төрийн тогтолцоо бэхжин төлөвшиж чадахгүй явна. Сонгууль бүрийн өмнө сонгуулийн хуулиа эрх барьж байгаа намд ашигтайгаар өөрчилж, иргэдэд мөнгө тараах амлалт бүхий хөтөлбөр санаачлан баталж, сонгууль бүрийн өмнө эрх баригч нам өөрийнхөө төлөө ажилладаг хуурмаг улс төрийн намуудыг бий болгон ашиглаж, сонгууль бүрийн өмнө хуйвалдааны онол бий болгож сонгуульд ялсаар ирлээ. Монголын ард түмэн эрх баригчдын хийж бүтээснийг нь дэмжиж сонгоод байгаа юм биш, гагцхүү эдгээр сонгуулийн бохир технологийн төөрөгдөлд орж эрх баригчид эрх мэдэл дээрээ үлдчихээд байгаа юм. Эцэс сүүлд нь эрх баригч нам өөрөөсөө бусад бүх улс төрийн намуудыг өөрийнхөө хавсрага, өрсөлдөгчийн дүрээр дэмжигч болгох гэж оролдсон. Энэ бол сонгуульд ялах гэсэн санаа биш, энэ бол ардчиллыг устгах гэсэн бодлого гэдгийг онцлон дурдах нь зүйтэй. Уул уурхайн баялаг, халамжийн тогтолцоо гэсэн хэзээ ч нурахааргүй популизмын бат “цайз”-ыг эрх баригчид барьчихжээ.
Энэ “цайз”-ны эзэд Монголын улс төр, эдийн засгийн бодлогыг тасралтгүй залж, их нүүрс, илүү их халамж гэсэн схемийг өнөө ч үргэлжлүүлсээр байна. Үр дүнд төржсөн, төсөвжсөн, төвлөрсөн эдийн засагтай, ганц том нам, бусад орлон тоглогчтой улс төрийн “ший үзэгдэл” тасралтгүй тоглогдсоор л. Гуравдугаарт, хувийн хэвшилд суурилсан чөлөөт эдийн засгийн тогтолцоо биш төрийн өмчид дулдуйдсан албадлагын эдийн засаг болж хувирч байгаагаас ардчилал улам хэврэгшиж байна. Төрийн өмчийн компаниудыг далдагдсан авлига, хээл хахууль хэрээс хэтэрч нийгмийн институциудыг бүхэлд нь хэрэн чөдөрлөж байна.
Цаашилбал ард түмний элч төлөөлөгчдийн баталдаг төсвөөс илүү хөрөнгийг төрийн өмчит компанийн захирлуудын нэрийн өмнөөс зарцуулдаг болсон. Авлигын хэрэгт холбогдсон төрийн өмчит компанийн захирлууд ээлж дараалан шоронгийн өрөөг дамжиж байгаа ч энэ асуудлыг ул үндсээр нь шийдэхийн оронд бүрэн эрхт төлөөлөгчөөр сонгож авлигын хөрсийг хамгаалсаар байгаа нь ардчиллыг доройтуулах бас нэг нөхцөл болж байна” гэдгийг онцлов.
“Монголын ардчилсан хувьсгалын үр дүн, ололт, сорилт, өнөөгийн байдал, цаашдын төлөв” сэдэвт эрдэм шинжилгээнийхурал МУИС-ийн төв байрны дугуй танхимд болж байгаа бөгөөд хурлаар 11 үндсэн илтгэлийг хэлэлцүүлнэ.





