Ерөнхий сайд Г.Занданшатар: Шатахууны хараат бус Монгол Улсын төлөө
Амралтын өдрүүдээр Дорноговь аймагт ажиллаж, Алтанширээ сумын нутагт хэрэгжиж буй “Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн явцтай болон Зүүнбаян суманд газрын тос олборлож буй “Доншен газрын тос” (Монгол) ХХК-ийн үйл ажиллагаатай тус тус танилцлаа.
🇮🇳🇲🇳 Манай Засгийн газар байгуулагдсан даруйдаа газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг тууштай дэмжиж эхэлсэн. Үр дүнд нь дөрвөн сарын өмнө 20 гаруй хувьтай байсан ажил өнөөдрийн байдлаар 50 гаруй хувийн гүйцэтгэлд хүрлээ. Төслийн баг бүтээн байгуулалтын ажлыг хугацаанаас өмнө буюу 2027 онд дуусгахаар ажиллаж байна.
🛢️ Үйлдвэр ашиглалтад орсноор жилд 1.5 сая тонн нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ 50–100 хувь хүртэл хангах, мөн 1,500 орчим шинэ ажлын байр бий болох боломж бүрдэнэ.
—🇨🇳🇲🇳 Зүүнбаян суманд газрын тос олборлож буй “Доншен газрын тос” (Монгол) ХХК нь 2003 оноос хойш нийт 480 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 1.038 сая тонн түүхий тос олборлоод байна. 1997 онд байгуулагдсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу Монгол Улсын төсөвт 134 сая ам.доллар төвлөрүүлжээ.Тус компани газрын тос олборлох 170 цооногтой бөгөөд энэ онд 56,000 тонн тос олборлох төлөвлөгөөтэй байна.
Засгийн газрын зүгээс “Доншен газрын тос” (Монгол) ХХК-ийн удирдлагууд болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань нарт цаашид хайгуул болон олборлолтыг нэмэгдүүлэх санал, хүсэлтээ илэрхийллээ.“Доншен газрын тос” (Монгол) ХХК нь БНХАУ-ын SINOPEC группийн удирдлага дор Монгол Улсын газрын тос, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэн, хувь нэмэр оруулах болно гэдгээ илэрхийлэв.
—🤝 Түншүүддээ талархал илэрхийлье.Энэхүү стратегийн ач холбогдолтой төслүүдийн хүрээнд хамтран ажиллаж буй 🇮🇳 Бүгд Найрамдах Энэтхэг Улс, 🇨🇳 Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөрөнгө оруулагчид, компаниуд болон Элчин сайдын яамдад гүн талархал илэрхийлье. Монгол Улсын эрчим хүч, түлшний хараат бус байдлыг хангах зорилгод хувь нэмэр оруулж, дэмжлэг үзүүлж буйд чин сэтгэлээсээ талархаж байна.





