The Mongolian Bulletin Цахим сонины нийтлэлийг хүргэж байна.
Багш нарын ажил хаялт боловсролын салбарт л хамаатай мэт ч нийгмийн хамгийн чухал цэг буюу цөм хэсэгт цохилт өгдөг. Энэ нь шууд нүдэнд харагдахгүй ч хор уршиг, сөрөг нөлөө нь цаагуураа өрнөж байдаг. Нэг өдрийн сургалт тасалдахад сурагчдын сурлагын амжилт 0.01–0.04 стандарт хазайлтаар (SD) буурдаг. Судалгааны дундаж нь ойролцоогоор 0.02 SD байдаг. Энэ нь нэг өдөрт бага мэт боловч 10 өдөр дараалан хичээл тасалдахад нийт 0.2 SD-ийн хэмжээний бууралт бий болдог аж. Энэ нь бодит утгаараа том сөрөг нөлөө.

Хичээл тасалдахад зөвхөн шинэ агуулга заагдаагүйгээс гадна өмнө сурсан мэдлэг мартагдах буюу “learning decay” үзэгдэл гардаг.
Багш нарын ажил хаялт эмзэг бүлгийн буюу ядуу өрхийн, интернэт эсвэл ном сурах орчин муутай хүүхдүүдэд хамгийн их хохирол учруулдаг. Энэ нь боловсролын тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлдэг. Багш нар өөрсдийнхөө цалинг нэмүүлэхийн тулд жагсаж, тэмцэж байгаа ч цаагуур нийгэмд, эдийн засагт ч нөлөөллөө тусгаж байдаг. Ажил хаялтын үеэр эцэг эхийн ажлын бүтээмж буурдаг. Сургуулиуд хаагдвал эцэг эхчүүд, ялангуяа эхчүүд ажилдаа очих боломжгүй болж, тухайн өдрийн орлого, ажлын бүтээмж үгүй болж байна. Нөгөөтэйгүүр хүүхдийн аюулгүй байдлын асуудал ч хөндөгдөж эхэлдэг бөгөөд сургуулийн орчинд байдаг хамгаалалт үгүй болж, бага насны хүүхдүүд гэртээ хяналтгүй үлдэх, эсвэл түр асрамжид очих, айлд үлдээх зэрэг эрсдэлтэй сонголтыг эцэг эх нь хийдэг. Энэ бүхэн бол шууд нөлөөлөл.

Дунд хугацаандаа ямар сөрөг зүйлс болдог вэ гэхээр хоёр тал тодорхой хэлэлцээрт хүрч хичээлээ эхлүүлэх нь мэдээж. Тэрний дараа яах вэ? гэхээр нөхөн сургалт гэж багш, сурагчдад ачаа ирнэ ээ. Алдагдсан өдрүүдийг нөхөхийн тулд сургалтын цаг нэмэх, зуны сургалт, давтлага хийж тарна. Энэ нь төсөвт нэмэлт дарамт үүсгэнэ. Хичээлийн хөтөлбөрийг шахаж заах учир сурагчид сэдэв бүрийг гүнзгий ойлгох боломж багасна аа.
Харин урт хугацаандаа багш нарын ажил хаялт сурагчдад хэрхэн нөлөөлдөг вэ гэдэг дээр нэг жишээ дурдъя. Аргентинд хийгдсэн судалгаагаар бага ангид ажил хаялтад өртсөн сурагчид насанд хүрээд 1.9–3.2% бага орлого олдог нь тогтоогджээ. Хичээл, сургалт ойр ойрхон удаа дараа тасалдах нь сурагчдыг ахлах анги, их сургуульд үргэлжлүүлэн сурах сонирхлыг бууруулдаг юм байна.
Нэг өдөр хичээл тасалдахад улсын хэмжээнд сурагчдын дундаж сурлагын амжилт 0.01–0.04 SD-иар буурдаг. Хэрэв бүх багш нарын ажил хаялт 10 өдөр үргэлжилбэл энэ нь тухайн жилийн сургалтын чанарыг 0.2 SD-иар сулруулна. Энэ нь дараа нь их сургуулийн элсэлт, хөдөлмөрийн зах зээл, ДНБ-д хүртэл нөлөөлдөг. Манай багш нар үүнээс ч олон хоног ажил хаячихаад байгаа шүү дээ.
Дэлхийн Банк, ЮНЕСКО, ЮНИСЕФ-ийн тооцоогоор дэлхий даяар COVID-19 цар тахлын үеэрх хичээл тасалдлын улмаас ойролцоогоор 17-21 их наяд ам.долларын орлого, эдийн засгийн алдагдал гарсан гэж үздэг. Энэ нь нэг өдрийн хичээл тасалдлын хуримтлагдсан үр дагавар хэр ноцтой болохыг харуулдаг.
Тэгш бус байдал нэмэгддэг гэж дээр дурдсан. Ядуу, эмзэг бүлэг, хөдөө орон нутгийн хүүхдүүд багш нарын ажил хаялтад хамгийн их хохирдог.Сургуулийн үдийн хоол, “Үдийн цай”-аар л хооллодог айлын хүүхдүүд бий. Тэдгээр хүүхдийн хоол тэжээл дутагдаж, эрүүл мэнд муудаж эхэлдэг.
Багш нар бол хүүхдийн хүчирхийлэл, үл хайхрах байдалд анхаардаг гол хүмүүс. Хүчирхийлэлд амьдардаг шавь нартаа багш нар санаа зовж байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Тэгэхээр багш нар ажил хаяж буй эдгээр өдрүүдэд хичнээн хүүхэд гэртээ хүчирхийлэлд өртөж буйг хянаж буй газар алга, хүн алга! Энэ нийтлэлийг бичиж байхад сүүл рүүгээ сэтгэл эмзэглэчихлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Боловсролын сайд П.Наранбаяр нар зүгээр л нүдээ аниад багш нарын цалинг 3.5 сая болгочих. Нөөц, боломж байгаа. Иргэд хангалттай татвар төлж байгаа. Татвар төлөгчдийн мөнгийг л багш нарт цалин болгоод төсөвлөчих. Хүүхдүүд хэцүүдлээ. Улс орны ирээдүй баларлаа!!!
Д.ГАНСАРУУЛ
Нийтлэлд олон улсын доорх эх сурвалжуудаас ашиглав.
1. Jaume & Willén (2022) – The Long-Run Effects of Teacher Strikes
2. OECD (2023) – Education Policy Outlook & Learning Recovery
3. World Bank, UNESCO, UNICEF (2022–2024) – The State of Global Learning Poverty / Cost of Learning Loss
4. Hanushek & Woessmann (2020) – The Economic Impacts of Learning Losses
5. Parent labour effects from school closures – IZA, NBER working papers (2019–2023)





