Эхлэл Мэдээ У.ХҮРЭЛСҮХ: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санааг шингээн “Дэлхий нийтийн амар амгалан”-г тогтоож чадахуйц хүчирхэг НҮБ болгохын төлөө хамтран зүтгэцгээе
МэдээУлс төр

У.ХҮРЭЛСҮХ: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санааг шингээн “Дэлхий нийтийн амар амгалан”-г тогтоож чадахуйц хүчирхэг НҮБ болгохын төлөө хамтран зүтгэцгээе

Хуваалцах
Хуваалцах

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэллээ. Түүний хэлсэн үгнээс товчлон сонирхуулъя:

Монгол Улс аливаа улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, маргаантай асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, эрх тэгш, харилцан ашигтай хамтран ажиллах тухай НҮБ-ын Дүрэм, нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын эрх зүйн хэм хэмжээ, зарчмыг тууштай баримталсаар ирсэн.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 2022 онд манай улсад айлчлахдаа “Монгол Улс бол зөрчил тэмцэлтэй дэлхий ертөнцөд энх тайвны бэлгэ тэмдэг болсон улс” хэмээн хэлсэн нь НҮБ-ын үйл ажиллагаа, түүний энхийн үйл хэрэгт Монгол Улсын оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг өндрөөр үнэлсэн явдал болсон юм.

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Эх дэлхий бол хүн төрөлхтөн та бидний цорын ганц гэр орон билээ.

Гэтэл хүн төрөлхтөн эх дэлхий, байгаль орчиндоо хоноцын сэтгэлээр хандсаны уршгаар эх дэлхийн оршин тогтнохуйд түгшүүрийн харанга дэлдэж, сэхээний тасагт амь тэмцэн хэвтэх өвчтөн мэт болсныг бид бүхэн харж байна.

Өдгөөгөөс хоёр мянганы тэртээ монголчууд бидний өвөг дээдэс Хүннүгийн их хаан Модун “Газар бол улсын үндэс” хэмээн айлдсан бөгөөд байгаль дэлхийгээ шүтэж ирсэн манай ард түмний уламжлалыг ЮНЕСКО “Уул овоо тахих монгол зан үйл” хэмээн нэрлэж, Дэлхийн соёлын өвд бүртгэсэн.

“Дэлхийн адууны өдөр”-ийг ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын өвийн жагсаалтад бүртгэлтэй Монголын Үндэсний их баяр наадмын өдөр тэмдэглэж байх тогтоолыг дэмжин баталсан НҮБ-ын бүх гишүүн улс оронд мориндоо хайртай Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Тиймээс бид НҮБ-ын анхлан тунхагласан эрхэм зорилго бүрэн хэрэгжиж чадсан эсэхийг нухацтай эргэцүүлэн бодож, найман зууны тэртээ улс орнууд энх тайвнаар зэрэгцэн оршиж, хүн төрөлхтөн хөгжин дэвжих үндэс суурийг тавьсан “Монголын их амар амгалан”-гийн үзэл санааг шингээн, Пакс Глобалика буюу “Дэлхий нийтийн амар амгалан”-г тогтоож чадахуйц хүчирхэг НҮБ болгохын төлөө бүх гишүүн улс орон хамтран зүтгэцгээе.

Энэхүү эгзэгтэй цаг үед дэлхийн улс орнуудын харилцан ойлголцол, харилцан итгэлцэл, харилцан хүндлэлийг улам бэхжүүлж, дайн дажингүй, амар амгалан, энх тунх, тогтвортой, хамтдаа хөгжин дэвжихэд НҮБ-ын гүйцэтгэх үүрэг, оролцоо урьд урьдаас улам илүү чухал болж байгааг НҮБ үүсгэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн үеэр онцлон тэмдэглэхийг хүсэж байна.

Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээж, даян дэлхий амар амгалан байх болтугай.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
LiveМэдээ

“Намрын ногоон өдрүүд” үргэлжилж байна

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотор болон гадна талбайд эх орны эрүүл хөрсөнд ургасан...

МэдээНийгэм

ХӨВСГӨЛ: Хүүг эрэн хайх ажиллагаа 8 дахь өдрөө үргэлжилж байна

2025.09.23-ны өдөр Эрлийн баг 6 бүлэг болон хуваагдаж дараах ажиллагааг зохион байгуулан...

МэдээУлс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож байна

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 чуулганы Ерөнхий санал шүүмжлэл АНУ-ын Нью-Йорк хотноо 2025...