Монгол Улсын Их хурлын 2025 оны хаврын чуулганы өнөөдрийн /2025.05.22/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан танилцууллаа.Тэрбээр, Монгол Улсын иргэний нийгмийн баталгааг хангах үүднээс нийгмийн хамгааллын хэлэлцээрийг үргэлжлүүлэн байгуулах зорилт дэвшүүлж, Монгол Улсын иргэд олноор оршин суудаг улс орнуудтай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг байгуулан хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас Бүгд Найрамдах Казахстан Улстай тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээр байгуулах хэлэлцээг 2018 оноос эхлүүлж, улмаар “Монгол Улс Засгийн газар болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээр”-т хоёр тал 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гарын үсэг зурсан. Энэхүү хэлэлцээр нь нийгмийн даатгалын хуульд зааснаас өөр журмаар тэтгэврийн эрх үүсгэх, олгох харилцааг зохицуулсан тул Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т зааснаар заавал соёрхон батлах олон улсын гэрээ юм. “Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийн тухай” хуулийн төсөл нь нэг зүйлтэй ба Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газарт өргөн мэдүүлснээр соёрхон батлахаар тухай тусгасан болно.
Гадаад харилцааны яамны мэдээллээр 2023 оны байдлаар БНКУ-д Монгол Улсын 8,036 иргэн оршин сууж байгаагаас 3,115 иргэн албан ёсоор ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол Гадаадын иргэн, харьяатын газрын мэдээллээр Монгол Улсад БНКУ-ын 564 иргэн оршин сууж байна. Уг хэлэлцээр хэрэгжсэнээр хоёр улсын иргэд Монгол Улс болон БНКУ-д ажилласан, шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох, Монгол Улсын иргэд БНКУ-аас хуримтлалын тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдсэнээр тухайн хүний ирээдүйн нийгмийн баталгаа сайжрах юм гэв.
Дараа нь хуулийн төслийг холбогдох байнгын хороо хэлэлцсэн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Жангабыл танилцуулав. УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, С.Зулпхар, Б.Бейсен нар хуулийн төслийг дэмжиж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Зулпхар, Монгол Улс нийгмийн хамгааллын хэлэлцээрийг өнөөдрийн байдлаар зургаан улстай байгуулсан. Казахстан улс 7 дахь улс болж байна. Монголчууд олноор сурч, ажиллаж, амьдарч буй улс орнуудад иргэнийхээ нийгмийн хамгааллын баталгааг ийнхүү хангаснаар тухайн улс манай иргэдийн өмнө мөн үүрэг хүлээж буй хэрэг юм. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Хүн амын сан зэрэг байгууллагууд нийгмийн хамгааллын энэхүү хэлэлцээрийг байгуулж буй улс орнуудыг талархан сайшаадаг. Хоёр улсын талаас 2018 оноос хойш 10 гаруй удаагийн хэлэлцээр хийж, нарийн судалгаа хийгдсэн учраас шийдвэр гаргах нөхцөл бүрэн бүрэлдсэн. Тиймээс хуулийн төслийг дэмжихийг хүслээ. УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудлаар асуулт асууж, байр сууриа илэрхийлж дууссан учир тус хуулийн төслийг соёрхон батлах тухай санал хураалтыг дараагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийхээр тогтлоо.
Түүний дараа Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн танилцуулав. Тэрбээр, Монгол Улсад анх 2006 онд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийснээр эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээ эхэлсэн. Үүнээс хойш 2011 онд элэг шилжүүлэн суулгах баг, 2014 онд ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах баг, 2018 онд элэг шилжүүлэн суулгах баг тус тус байгуулагдаж шилжүүлэн суулгах эмчилгээг хийж байна. Түүнчлэн эд, эс, үр шилжүүлэн суулгах эмчилгээний төрлүүд хурдацтай хөгжиж иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, үр хүүхэдтэй болох хүсэл мөрөөдлийг нь биелэл болгож байна гээд ирээдүйн чиг хандлага, төсөөлөл, баримтлах бодлогын чиг баримжаа, олон улсын жишиг, хууль батлагдсаны ач холбогдлыг илтгэлдээ онцоллоо.
Тухайлбал, хуулийн төсөл батлагдсанаар эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээний эрх зүйн орчин улам боловсронгуй болж, эмчилгээний аргууд улам нэмэгдэж, хөгжин дэвших шинэ боломжууд нээгдэнэ. Мөн иргэд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн чанартай эмчилгээ үйлчилгээг хүртээмжтэй хүртэх, гадаад улс орон руу эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээнд явах зардал, чирэгдэл мэдэгдэхүйц багасаж, гадагшаа урсах мөнгөний урсгал буурна. Түүнээс гадна эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах удирдлагын тогтолцоо, үйл ажиллагаа шинэ шатанд гарах, эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээ үйлчилгээний шаардлагатай багаж хэрэглэл, тоног төхөөрөмж, шинжилгээ судалгаа, сургалтын үйл ажиллагааны санхүүжилтийн шинэ тогтолцоо бий болон хөгжинө гэх зэрэг давуу талуудыг танилцуулсан юм. Энэхүү танилцуулгын дараа тус хуулийн төслийг хэлэлцсэн Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа танилцуулав.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, амьд донорын аюулгүй байдал хамгийн чухал асуудал. Бид энэ талаар судалсан. Гэхдээ аль болох амьд донороос эрхтэн шилжүүлэхгүй байх тогтолцоог бүрдүүлэхийг зорьж байна. Манайд амьгүй донор олдохгүй учраас хайртай дотны хүнийнхээ амь насыг аврах гэж иргэний эр зориг гаргаж эд, эрхтэнээ шилжүүлэн өгч байна. Мэргэжилтнүүд донор болох хүнд сэтгэл зүйн тестүүдийг хийх, донор болох гэрээсэл үлдээх зэрэг маргаантай асуудлуудад эрх зүйн зохицуулалт хийхийг зорьсон. Таны дээрх хэлсэн асуудлууд хуулийн төсөлд бүрэн тусгагдсан хэмээн хариуллаа.Тус хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан. Харин үг хэлэх гишүүн байсангүй. Ингээд өнөөдрийн үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.