Иргэд Ерөнхий сайдыг огцрохыг шаардаж, жагсаж, сошиалаар үзэл бодол, эсэргүүцлээ илэрхийлж байгаа. Гэтэл Ерөнхий сайд өөрийг нь шүүмжилж буй иргэдийг “ялаанууд” хэмээн нэрлэсэн нь олон нийтийн бухимдлыг улам бадраалаа. Энэ бол зүгээр нэг үгийн алдаа биш. Харин түүний сэтгэлзүй, эрх мэдэлд хандах хандлага, иргэдээ хэрхэн харж байгааг илэрхийлсэн хүчтэй дохио юм.
Ерөнхий сайд иргэдээ “Ялаа” гэж доромжилсныг сэтгэлзүйн талаас нь тайлбарлая.
Шүүмжлэл хүлээж авах чадвар сул байна
Ардчилсан нийгэмд төрийн өндөр албан тушаалтан шүүмжлэл хүлээж авах, иргэдийн саналд хүндэтгэлтэй хандах ёстой. Харин “ялаа” гэх үг бол эсрэгээрээ, шүүмжлэлийг өдөөн хатгалга мэт хүлээж авч, хүлээн зөвшөөрөхөөс зайлсхийж байгааг харуулж байна.
Иргэдийг доош нь хийж, өөрийгөө хамгаалж байна
“Ялаа” гэдэг үг бол иргэдийг үнэ цэнгүй мэтээр дүрсэлж, тэдний үзэл бодлыг хүчгүй болгох оролдлого. Энэ нь сэтгэлзүйн “өөрийгөө хамгаалах” механизмын нэг хэлбэр бөгөөд эрх мэдлээ алдахгүйн тулд эсэргүүцэлд өгөх түрэмгий хариу юм.
Бухимдал, дотоод сэтгэлийн эгдүүцлийг нь илэрхийлж байна
Ийм үг хэллэг нь бодлогын үндэслэлтэй биш, харин тухайн хүний бухимдлын хариу үйлдэл. Сэтгэлзүйд үүнийг “эмоциональ реактив байдал” гэж нэрлэдэг бөгөөд шүүмжлэлд уур, тохуурхал, доромжлол хэлбэрээр хариулах нь дотоод хяналт сул байгааг харуулдаг.
Иргэдээ дордоор харах хандлага
Төрийн тэргүүн хүн ард иргэдээ хүндэтгэх ёстой. Харин “ялаа” гэдэг нь иргэдийг доогуур зиндааны, хөнөөлтэй шавьж мэтээр харж байгаагийн илэрхийлэл. Энэ бол эрх мэдлийг дээрээс доош, “би бол дийлдэшгүй” гэсэн авторитар сэтгэлгээний илрэл.
Төгсгөлд нь нэмж хэлэхэд:
“Ялаа” гэх үг бол зүгээр нэг хэо халтираад хэлсэн үг биш. Үйл явдал өрнөөд бараг 7 хоног болох хугацаанд дотроо бодож, ойр орчмын зөвлөх, дотны хүмүүстэйгээ ярьсан ярианых нь тусгал юм. Тэд иргэдийг ердөө л 🪰 ялаа гэж боддог. Энэ бол удирдагч хүний ардчилалд хандах үнэт зүйл, иргэдийн дуу хоолойд хандах хандлага, шүүмжлэлийг хэрхэн дорд үздэгийн шууд тусгал юм.
Д.ГАНСАРУУЛ