2025 оны “Хятадын Залуучуудын Тавдугаар сарын 4-ний Медаль”-ийг саяхан олгож, шинжлэх ухаан, технологийн салбарын төлөөлөгчид шагнал хүртсэн хүмүүсийн дийлэнхийг эзэлжээ. Энэ жил шагнал хүртсэн хүмүүсийн дунд “Шэньжөү-16” сансрын хөлгийн туршилтын ачааллын мэргэжилтэн, сансрын нисэгч Гүй Хайчао, роботын технологийн салбарт ахиц гаргасан “Unitree Technology” компанийн үүсгэн байгуулагч Ван Шиншин зэрэг нэр хүндтэй залуус багтжээ.
Мөн Нанжин Их Сургуулийн Физикийн сургуулийн судлаач Ду Линжиэ ч мөн багтсан бөгөөд түүний баг гравитон төст бөөм болох “чирал гравитоны горим”-ыг туршилтаар анх удаа баталсан нь шинжлэх ухааны томоохон амжилт болсон юм. Энэхүү үр дүн 2024 онд Nature сэтгүүлд хэвлэгдсэн бөгөөд 1930-аад оноос хойш онолын түвшинд байсан гравитоны тухай таамаглалыг бодит туршилтаар баталсан анхны тохиолдол болж байна. Тус судалгааны ажил маш бага температур, хүчтэй соронзон орчинд ажиллах тусгай тоног төхөөрөмж шаардсан тул санхүүгийн бэрхшээл тулгарсан аж. Гэвч Жянсу мужийн байгалийн шинжлэх ухааны сангаас залуу судлаачдад зориулсан тусгай санхүүжилтийн сувгийг нээсэн нь аврал болжээ. Ду Линжиэгийн төслийг мэргэжилтнүүд үнэлсний үндсэн дээр 3 сая юанийн (ойролцоогоор 416,586 ам.доллар) санхүүжилт олгосон байна. “Залуу судлаачид шинжлэх ухаанд хувьсгал авчрах нөөцтэй ч санхүүгийн хүндрэлтэй тулгардаг нь нийтлэг асуудал юм” хэмээн Нанжин Их Сургуулийн Шинжлэх Ухаан, Технологийн Газрын орлогч дарга Сүн Жян хэллээ.
Ч.ДӨЛГӨӨН
Эх сурвалж: Синхуа