Засгийн газрын хуралдаан боллоо.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ-руу байгалийн хий нийлүүлэх, хоолой барих төслийн ажлын явцтай танилцлаа. Энэ төслийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханааар ахлуулж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам ажлын албыг нь хариуцаж, “Эрдэнэс Монгол” нэгдлийн дэргэд “Эрдэнэс Газ” нэртэй төслийн нэгжид хийн хоолойн төслийг хариуцуулна.
Мөн өнөөдөр Үндэсний баялгийн сангийн хуулийн хэрэгжилт, Эрдэнэс Тавантолгой компанийн ногдол ашгийг иргэдэд хуваарилах асуудлын талаар хэлэлцэв.
Стратегийн 16 ордыг 39-өөр нэмэгдүүлж нийт 55 стратегийн ордыг УИХ-д өргөн мэдүүлэхээр Засгийн газар бэлдэж байна. Ингэснээр Монголын ард түмэн стратегийн 55 орд дээр Тавантолгойн ногдол ашиг шиг ашиг хүртэх боломжтой болно.

Боловсролын сайд П.Наранбаяр: Ерөнхий сайд 2026 оныг “Боловсролыг дэмжих жил”болгох санал гаргаж, Засийн газрын гишүүд дэмжлээ. Зургаан бүлэг ажил хийхээр төлөвлөж байна. Хөтөлбөрийн шинэчлэл, үр дүнд суурилсан санхүүжилтийн шинэчлэл, цахим шинэчлэл, багшийн гурван тулгуурт бодлогын шинэчлэлийг хийнэ. Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарна. Боловсролыг дэмжих жилийн гол бодлого нь хүний нөөцийн бодлоготой шууд уялдана. Хүний нөөцийн дутагдлаас гарахад боловсролын шинэчлэл чиглэнэ.

Сангийн сайд Б.Жавхлан: Экспортыг дэмжих, валютын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хэсгийн ээлжит танилцуулгыг Засгийн газрын хуралдаанд хийлээ.Засгийн газар бүх боломжит сувгуулаараа валютын нөөцийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Гуравдугаар сарын 13-нд ажлын хэсэг байгуулснаас хойш өчигдрийн байдлаар Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ.