Эхлэл Мэдээ СЭТГЭМЖ-ТЭМДЭГЛЭЛ: САЛХИНД НАМИХЫГ ХҮЛЭЭСЭН ЦЭНХЭР ХӨШИГ БУЮУ САРНЫ ТОСГОНЫ СОНАТ
МэдээНийтлэл /MOJO

СЭТГЭМЖ-ТЭМДЭГЛЭЛ: САЛХИНД НАМИХЫГ ХҮЛЭЭСЭН ЦЭНХЭР ХӨШИГ БУЮУ САРНЫ ТОСГОНЫ СОНАТ

Хуваалцах
Хуваалцах

/Давхардаваагийн ГАНСАРУУЛ-ын “Сарны тосгон” номоос үүдсэн сэтгэмж – тэмдэглэл /

…Өмнө нь огт ирж байгаагүй газраа сэрсэн мэт санагдав. Юун чимээ торхийн дуугарч гүн нойрноос минь сэрээснийг тааж ядавч ямартай ч дээврийн шувуу нисэх шиг энэ чимээнд талархах ёстой юм шиг санагдаад босуутаа л цонхоор өнгийн хардаг зангаараа зүүн талынхаа цонх руу очлоо.

…Галт тэрэгнээсээ хоцорсон хүн шиг

Энэ намрын улиралд

Эзэндээ очоогүй захидал шиг

Элэгдсэн навчис хийсч үзэгдэв. / Сарны тосгон 3-р тал /

…Гудамжны гэрлийн шонгуудаас

Манангийн ус дусагнана

Гуниг нисгэх баян хуураа

Гуйлгачин, өвөр дээрээ бөөцийлнө / Сарны тосгон 6-р тал /

Баян хуураа бөөцийлөх ядуу эмэгтэйн дуулах дууг чих тавин сонсвол зөвхөн өөрөө өөртөө зориулан дуулж байгаа мэт ээ…

…Өнчин гэрлээ асаасан Лаа минь

Эрхийн чинээхэн наран минь…

…Цас шиг бударсан

Хунгийн зөөлөн өд минь…

…Дурлалын илдэнд

Атгахан зүрхээ мянгантаа сийчүүлсэн ч

Бамбайгаараа намайг хамгаалсан

Баатар эр минь. / Сарны тосгон 20-р тал / гэж аяс намуухан дуулна.

Салхивчаа хаахгүй энэ чигээрээ түүнийг сонсон зогсвол сэтгэл минь ч өвдөж мэдэхээр байв.

…Шувууд зэллэсэн намрын

Өглөөний наран хөшиг нэвтлээгүй

Алсыг зорьсон шувуудын ганганаа

Өдөн дэрэнд шингээгүй… / Сарны тосгон 3-р тал / ийм өглөө, ийм дүр зураг зүүн талын цонхоор намайг угтан авлаа.

Тэр даруй салхивчаа хааж баруун талынхаа цонхон дээр очоод хөшгөө ярж мөн л салхивчаа томхон гэгч нь нээхүйд цонхон доогуур явж өнгөрөх хүмүүсийн дундаас зөвхөн

…Эр хүнээс далай үнэртэнэ /Сарны тосгон 39-р тал /

…Цайран ирсэн намрын бороо

Их ээ, том хөлөг онгоц адил

Бороон зангуугаа татаад

Алсыг зорин тайгыг орхив / Сарны тосгон 8-р тал /

…Цайны шаараар мэргэлмээр

Бороотой, гунигтай өдөр байна

Тулган дээр бургилах цайны уур

Өрөөг дүргэж, цонх хөлөргөнө

Хүйтэн бороо тэсгэл алдтал зүсэрнэ

Байшингийн дээвэр хурын түмэн дусалд

Ханатлаа балбуулна

Цайны шаараар мэргэлмээр

Бороотой, гунигтай өдөр байна

Шалбааг чирэх хүн ч байхгүй

Энэ хязгаар газарт

Сардаа ганцхан удаа галт тэрэг

Хөхөө адил донгодон өнгөрөхөд

Аягатай цай чичигнэн

Цонхны хөшиг дайвалзаж

Бөглүү тосгоныг тэр аяар нь сэрээнэ

Энэ үед хэрээнүүд хаягдмал өртөөг

Орхин одно/ Сарны тосгон 30-р тал /

Ийм дүр зургийг би мөн л удаан харж тэвчдэггүй болохоор салхивчаа хааж, хөшгөө эргүүлэн татчихаад ерөөс ор тийш очихоор алхлаа. Одоо гэвч надад хоёрхон цонх нээгээгүй үлдлээ. Урд, хойд цонх ямар дүр зураг, дуу чимээ, хөг айзамтай намайг тосон байгааг үл мэдэх ч аль алийг нь нээхийг яаран түвдсэнгүй.

… Өрөөн доторх бүхнээ дахин шинээр олж харахыг хичээв.

…Хуучин хөшиг хуучин сандал

Хуучин буйдан, гэрлийн бүрхүүл, бичгийн ширээ

Хуучин жааз, хөргөгч, хаалга, радио

Бүгд хуучин

Энд пянз л шинэ / Сарны тосгон 46-р тал /

Гэвч энэ пянзыг би гурван хавар уйдалгүй сонслоо. Сонсох бүрт намайг тайвшруулж, жигүүр далавч ургуулж хүслийг минь шувуу адил нисгэдэг билээ. Ингэж бодоход өөрийн эрхгүй л дахин сонсмоор хуучин бодол дотроос хатгав. Пянзаа эгшигт хайрцагнаа тоглуулж намуу зөөлөн аялгуунд нь урьдын хэвээр ховсдуулав.

…Шаналал

Өр зүрхний өргөс

Чихэнд үргэлж хадаатай

Төгөлдөр хуурын аяз

Услаагүй удсан ваартай цэцэг

Өмсөж амжаагүй даашинз

Хэзээ ч унтраагаагүй чийдэн

Ярагдаж үзээгүй гандсан хөшиг

Тоосонд дарагдсан жижигхэн гэгээвч

Бүгдээрээ та нар миний диваажин

Миний умбагархан диваажин

Танил үнэртэй, бөглүү арал минь

Намхан адартай, миний диваажин / Сарны тосгон 32-р тал / минь гэж сарныхаа тосгоныг хайрлах сэтгэл дахин төрж, надтай хамт түүнийг минь хүлээсэн энэ бяцхан өрөө, өрөөн дотор элэгдэж хуучирсан хөөрхий муу сандал, салхинд намихыг хүлээсэн цэнхэр хөшиг, хөнгөн дэврүүн насыг минь бат хадгалсан зургийн жааз, нам гүмд надтай хүүрнэх мэт хүнгэнэн дуугардаг хөргөгч, салхинд савлахыг зүүдлэн хүлээсэн царс модон хаалга, үдэш бүр сарны тухай үлгэр хэлж өгдөг араажав бүгдэд нь талархах сэтгэл төрнө.

…Мөдхөн ирнэ

Удахгүй гэж тосгоны бүсгүйчүүд итгэвч

Хэзээ ч ирэхгүйг нь шууданч л мэднэ / Сарны тосгон 54-р тал / гэдгийг би ч мөн зөнгөөрөө мэдэрч л байсан даа. Гэвч өөрөөсөө өөрийгөө нуух мэт

…Ля ля ля

Ля ля ля гэж аялаад

Цонхны цанг

Хуруугаараа илбэн хайлуулж

Ля ля ля гэж бичнэ

Аальхан бүсгүй

Зул сарын үдэш

Амрагаа хүлээхдээ

Ля ля ля гэхээс өөр

Дуу дуулдаггүй юм / Сарны тосгон 52-р тал / гэж өөрийгөө жигтэйхэн жаргалтай нэгэнд төсөөлөн бодов. Тэр даруй хуучин пянзны дуу бүдэгтэн дуусч дахин шинээр эхлэхээр түр зогсосхийв. Уг нь би арайхийн өөр дотроосоо өнгийн босч байсан юмсан гэж бодоод өвдгөө тэвэрч цөхрөхдөө уйлж гарлаа.

…Өвлийн цайдам талаас өнгийн цэцэг

Өө, бас ногоон навч

Тэгээд улаахан гүзээлзгэнэ эрэх мэт

Энэ их хүмүүн дотроос

Жинхэнийг нь олоход юутай бэрх юм бэ / Сарны тосгон 28-р тал / гэж өөрөө өөртөө үглэн уйлж суухуйд өнөөх гудамжны гуйлгачин эмэгтэйн дуу гэнэт санаанд орж

…Өнчин гэрлээ асаасан Лаа минь

Эрхийн чинээхэн наран минь…

…Цас шиг бударсан Хунгийн зөөлөн өд минь… / Сарны тосгон 20-р тал / хэмээх дууны учрыг сая олов бололтой. Дугуй толиныхоо өмнө очиж эрвээхэй алаг нүдээ, энгэсэг оо үгүй зүс царайгаа удаан гэгч харж зогсов. Өөрийгөө толинд харалгүй яасан их удсан юм бэ дээ. Өглөө бүр дөрвөн цонхыг цэлийтэл нээгээд ч тэр, өвдгөө тэвэрч уйлаад ч тэр бүх л зүйл улам хуучраад байх шиг санагдаж нүдний минь доод зовхинд үл мэдэг нэгэн зураас тодорч буйг харахдаа давхийтэл цочив. Дээврээс дуслах ус элсэн цаг мэт санагдаж ерөөс энэ бүхнийг ор тас мартахыг хүсэв.

…Гав, гинж, дөнгийг минь салган хаясан

Чиний хуриманд талархъя

Хуучин муу үүр адил чамайг орхиод

Алсыг шувуу шиг зорин

Эрх чөлөөтэйхэн нисье

Элин халин нисч ханаад

Эргээд дахин газардахдаа

Эр хүний үүрэнд орохгүй гээд

Хоёр жигүүрээ тасдъя / Сарны тосгон 17-р тал / гэж тэмдэглэлийнхээ дэвтрийн хамгийн сүүлийн хуудсан дээр бичин улаан хавтастай дэвтэрээ бичгийн ширээнийхээ доод хайрцагт хийгээд цоожилж орхилоо. Одоо дахин хуучин пянзаа сонсохгүй, мөн ваартай цэцгүүдээ услахгүйгээр удахгүй, чийдэнгээ шөнө бүр унтрааж, өлгөөтэй даашинзаа яг одооноос эхэлж өмсөн бүжиж, тоосонд дарагдсан жижигхэн гэгээвчээ нарны гэрэл сацран орж иртэл арчиж зүлгэнэ ээ гэж шийдэн

…Цэнхэр далавчит шувуухай минь

Харцага адил шунган нис… / Сарны тосгон 41-р тал / хэмээн хэнд ч байхгүй зөөлөн торгон инээмсэглэлээ нүүрнээ тодруулж урд цонхоо цэлийтэл нээв ээ.

…Үүл, үүлс цэнхэр тэнгэртээ

Цэцэг, цэцэгс ногоон нугадаа

Тал дундуур зурайсан нарийхан жим

Зуслан руу, тосгон руу хөтлөх

Тоост шаргал зам

Үүгээр морин тэргээр, дугуйгаар

Хөнгөн тэргээр, бүгд өнгөрнө

Бүгд зуслан руу, тосгон руу

Сийрсэн малгайтай өвгөд

Үе үе саравчилсаар харьцгаана

Цоорсон гуталтай сахилгагүй жаалууд

Хөөцөлдөн, хөгжилдөн гүйлдэнэ

Хүдэр чийрэг эрс

Хүрз юугаан мөрлөн

Тамхилан одоцгооно, энэ жимээр талбай руу

Тариалангийн талбай, буйдхан тосгоныг холбосон

Нарийхан шаргал жим

Бороонд балартаагүй

Шороонд дарагдаагүй

Шаргал жим

Зайрмагны машиныг угтан тосох багачуудын

Амттаныг дөхүүлэх өргөн зам / Сарны тосгон 3-р тал / намайг ч бас тосох мэт дурайн харагдана. Хойд талынхаа цонхыг одоохондоо би нээх хүсэлгүй байна аа…

Н.Минжинсайхан 2018.04.11

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадМэдээ

Газийн зурвас руу хүмүүнлэгийн тусламж хүргэж явсан хөлөг онгоц дроны дайралтад өртжээ

Өнөөдөр Газийн зурвас руу хүмүүнлэгийн тусламж хүргэхээр явж байсан Conscience нэртэй хөлөг...

Мэдээ

“Улаанбаатар марафон”-д 5000 гаруй хүн бүртгүүлээд байна

“Улаанбаатар Марафон 2025”-ын хамгийн бага зай болох 1.5 км-т гэр бүлээрээ болон...

МэдээУлс төр

ТӨРИЙН ДАЛБААГ МАНДУУЛАХ САНААЧИЛГАД 50 ГАРУЙ ЕБС НЭГДЛЭЭ

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баярын санаачилгаар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эх оронч сэтгэлгээг...