Эхлэл Улс төр Оршуулгын газрын талаар хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах саналыг Улсын Их Хурлын даргад хүргүүлэхийг дэмжлээ
Улс төр

Оршуулгын газрын талаар хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах саналыг Улсын Их Хурлын даргад хүргүүлэхийг дэмжлээ

Хуваалцах
Хуваалцах

Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдөр (2026.10.01)-ийн хуралдаан 11.50 цагт эхэллээ. Байнгын хорооны хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Жангабыл, О.Номинчимэг, О.Саранчулуун, Ц.Идэрбат, С.Замира, Ж.Батсуурь, М.Сарнай, Ж.Галбадрах, Г.Лувсанжамц, Х.Баасанжаргал нар ирснээр ирц 52.4 хувиар бүрдэв.

Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцууллаа. Хуралдаанаар оршуулгын газрын эмх цэгцийг хангах эрх зүйн шинэчлэлийг хийх тухай нийтийн өргөдөл, Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хэлэлцүүлгийг хийв.

Нийтийн өргөдлийн www.d-urgudul.parliament.mn системд иргэн Давхардаваагийн Гансаруулын гаргасан оршуулгын газрын эмх цэгцийг хангах талаар хуулийн төсөл боловсруулж хэлэлцүүлэх тухай өргөдлийг нэг сарын хугацаанд 100 237 иргэн дэмжжээ. Иймд өргөдлийг хэлэлцүүлэхээр Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт тус Байнгын хороонд энэ оны есдүгээр сарын 07-ны өдөр хуваарилсан юм.

Хуралдааны эхэнд иргэн Д.Гансаруул өргөдлийнхөө үндэслэл болон иргэдээс өгсөн саналыг танилцуулав. Энэ асуудал нийгэмд томоохон хэлэлцүүлэг, мэтгэлцээн өрнүүлсэнтэй холбоотойгоор судалж үзэхэд үүнийг зохицуулсан бие даасан хууль байхгүй, олон жил салангид журам, дүрмээр зохицуулагдаж байгаа нь цаашид нийгэмд маргаан, талцал үүсгэсээр байх шинжтэй байгааг тэрбээр хэлсэн юм. Нийтийн өргөдөлтэй холбогдуулан иргэдээс гол горхины эх, нуур усны эрэг гэх мэт зөвшөөрөлгүй газар дахь оршуулгыг нүүлгэн шилжүүлэх, гадаадын иргэдээс газар гуйж оршуулга хийдэг байдлыг зогсоох, энэ чиглэлийн үйлчилгээний бизнесийн зохицуулалтыг сайжруулах, өртөг зардлыг бууруулж иргэдэд дарамт багатай болгох зэрэг санал уламжилсныг тэрбээр дамжуулав.

Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Ж.Батсайхан оршуулгын салбарын нөахцөл байдлын талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Манай улсад өнөөдрийн байдлаар оршуулгын үйлчилгээ эрхлэхээр бүртгэгдсэн 60 гаруй байгууллага байгаагаас идэвхтэй ажиллаж буй нь 15 орчим бөгөөд зөвхөн нийслэлд жил бүр дунджаар 11 га шинэ оршуулгын талбай нэмэгддэг гэдгийг тэрбээр хэлсэн юм. Нэг оршуулгад дунджаар 6.8 сая төгрөгийн зардал гардаг бөгөөд үйлчилгээний үнэ 1.2-23 сая төгрөгийн хооронд хэлбэлздэг байна.

Нийтийн өргөдөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, О.Саранчулуун, С.Замира, П.Сайнзориг, Б.Пүрэвдорж, Х.Баасанжаргал, Ж.Галбадрах нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд газрын зохицуулалт, орчны бохирдол, экологи, эрүүл мэндийн эрсдэл, оршуулгын зардал, үнэ өртөг, мөн шашны, зан үйлийн болон нийтийн ашиг сонирхлын тэнцвэрийг хангахтай холбоотой асуудлуудыг хөндөж байлаа. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ хүн нас барах, түүний шарилыг хүлээж авахаас эхлээд бүртгэх, оршуулах, чандарлах, газрын ашиглалттай холбоотой харилцаа гээд бүхий асуудлыг цогцоор авч үзэх шаардлагатайг онцолж, оршуулгын газрын газар ашиглалтын эрх, иргэдийн эзэмшилтэй холбоотой эрх зүйн зохицуулалт тодорхойгүй, иргэн хүн өвөг дээдсийнхээ булшин дээр мод тарих, тохижуулах, арчлах эрхтэй эсэх нь ч бүрхэг хэвээр байна гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг голын ай сав, усны эх үүсвэрийн ойролцоох оршуулгыг цаашид бүр мөсөн хориглох ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун амьдрахаас үхэх нь илүү өндөр зардалтай болсон гэх шүүмжлэл хэлэв.

Хэлэлцэж буй асуудлаар Улсын Их Хурлын гишүүд бие даасан хуультай болох, улсын хэмжээний нэгдсэн бүртгэл, мэдээллийн системтэй байх, байгаль экологийн цэвэр, ариун байдлыг хамгаалах, оршуулгын үйлчилгээний нэгдсэн стандарт, зөвшөөрлийг тогтолцоог бий болгох, хуучин оршуулгын газруудыг тооллого, төлөвлөлтөд хамруулах, хот төлөвлөлт, газрын бодлоготой уялдуулах зэрэг санал хэллээ. Харин хэт төвлөрсөн зохицуулалт бий болгох, шашны болон зан үйлийн асуудал руу гүнзгийрэн оролцохоос болгоомжилж, иргэдийн зардлын ачааллыг өсгөхгүй байх, орон нутгийн өөрийн удирдлагын тогтолцоог сулруулахаас сэрэмжлэх шаардлагатайг анхааруулж байлаа.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэлсний дараа оршуулгын харилцаатай холбоотой хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай саналыг Улсын Их Хурлын даргад хүргүүлэх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувь нь тус саналыг дэмжсэн юм Мөн Улсын Их Хурлын даргад хүргүүлэх саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Улс төр

Монгол Улс IDA-ийн хандивлагч орон боллоо: Энэ нь ямар ач холбогдолтой вэ?

Дэлхийн банк 2026 оны аравдугаар сарын 17-нд Монгол Улс Олон улсын хөгжлийн...

МэдээУлс төр

Х.НЯМБААТАР: “Бага тэнгэрт баригдаж байгаа барилгуудын зөвшөөрөл гарга” гэж ЯС намайг шахсан

ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР: Үүр шөнийн заагт 5 цаг 30 минутад сэтгүүлчийг...

НийгэмУлс төр

ШҮҮХ: Сэжигтэн Т.Шинэбаярыг хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцов

Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх...