Эхлэл Улс төр Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Улс төр

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

Хуваалцах
Хуваалцах

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурь, гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар үг хэлэв.

Ерөнхийлөгч НҮБ-ыг бэхжүүлэхийн төлөө сэтгэл зүтгэл гаргах, олон улсын харилцааг олон ургалч үзлийг хүндэтгэсэн олон тулгуурт зарчмаар хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, энхийг сахиулах ажиллагаа, боловсрол, эрүүл мэнд, хүнсний хангамж, хүүхэд, эмэгтэйчүүд, далайд гарцгүй орнуудын хөгжил зэрэгт улам илүү анхаарах шаардлагатайг үгэндээ онцоллоо.Мөн Монгол Улс 2048-2049 оны НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлж байгааг зарлав.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

“Эрхэм хүндэт чуулганы дарга аа,Эрхэм хүндэт Ерөнхий нарийн бичгийн дарга аа,

Хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо,

Юуны өмнө Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы даргын хариуцлагатай үүргийг хүлээн авсан ноён Халилур Рахман Танд чин сэтгэлийн баяр хүргэж, чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.

Ерөнхий Ассамблейн энэ удаагийн чуулган Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэний 65 жилийн ойн босгон дээр болж байна.

Монгол Улс тэртээ 1961 онд даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын баталгаа, дэлхийн улс орнуудын итгэл, найдварын их өргөө болсон НҮБ-ын 101 дэх бүрэн эрхт гишүүнээр элсэж, алтан соёмбот Төрийн далбаагаа НҮБ-ын индэрт мандуулсан бахдам сайхан түүхтэй билээ.

Дэлхийн улс түмнүүдийн итгэлцэл, харилцан хүндэтгэл, хамтын ажиллагааны төв болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганыг “Итгэлцлийг сэргээн тогтоож, шилжилтийг удирдан чиглүүлж, Бүгдэд хүртээмжтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагыг цогцлоох нь” сэдвийн дор зохион байгуулж байгааг талархан хүлээж авч байна.“Эзэн хичээвэл заяа хичээнэ” хэмээн монголчууд ярьдаг.

НҮБ нь гишүүн орон бүрийн итгэл сэтгэлээр бүрдэж, хичээл зүтгэлээр бэхэждэг байгууллага билээ.

Тиймээс гишүүн орнууд бид НҮБ-ын үйл хэрэгт чин сэтгэлээр хандаж, зөвхөн дэмжлэг, туслалцаа хүлээх бус өөрсдийн үүрэг, хариуцлагаа гүнээ ухамсарлан НҮБ-ыг бэхжүүлэхийн төлөө сэтгэл, зүтгэл гарган ажиллах учиртай.

Гишүүн орон бүрийн итгэл найдвар, идэвх зүтгэл, үүрэг, оролцоо нь НҮБ-ыг улам хүчирхэгжүүлж, хүчирхэг НҮБ нь даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг илүү үр өгөөжтэй ханган хэрэгжүүлж, үр шимийг нь гишүүн орон бүр хүртэх нөхцөл бүрдэх болно.

Дэлхий ертөнцөд зөрчил мөргөлдөөний аянга цахилж, үл итгэлцлийн хана улам өндөрсөж, үл ойлголцлын ангал улам гүнзгийрч байгаа энэ үед олон улсын харилцааг талцал хуваагдал руу чиглүүлсэн олон туйлт бус, харин аливаа улс орны үүх түүх, соёл иргэншил, үндэсний язгуур эрх ашиг, хөгжлийн замналаас үүдэлтэй олон ургалч үзлийг хүндэтгэсэн, олон тулгуурт зарчмаар цогцлоон хөгжүүлэх нь нэн чухал болж байна.

Найман зууны тэртээ монголчууд бидний өвөг дээдэс даян дэлхийд “Монголын их амар амгалан”-г цогцлоож, дэлхийн улс үндэстнүүд үнэт зүйлсээ харилцан хүлээн зөвшөөрч, олон соёл иргэншил, шашин шүтлэг зэрэгцэн орших учиртайг анхлан мэдрүүлж, хүн төрөлхтний хөгжил дэвшилд оруулсан түүхэн гавьяаг дэлхий ертөнц хүлээн зөвшөөрсөн билээ.

“Монголын их амар амгалан”-гийн энэхүү үзэл санаанд тулгуурлан олон тулгуурт зарчмаар, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэн, нэгдмэл хариуцлагаар итгэл найдвараа сэргээж, нэгэн зорилгоор НҮБ-аа шинэчилж, нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээцгээе.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын...

TVУлс төр

У.ХҮРЭЛСҮХ: Монголчууд бидний эрхэм дээд үнэт зүйл, эрхэмлэн дээдлэх оройн дээд шүтээн бол Их Эзэн Чингис хаан юм

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ: Монголчууд бидний эрхэм дээд үнэт зүйл, эрхэмлэн дээдлэх...

Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж байна.Тэрбээр тус аймагт хүрэлцэн...

Улс төр

У.Хүрэлсүх: Монгол Улсын газар нутаг бол хэн дуртай нь дураараа эзэмшиж, хүссэн газраа хөшөө дурсгал, бунхан бий болгодог газар биш

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт...