Ерөнхий сайд Г.Занданшатар Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн форумд оролцох үеэрээ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан “Энхийн зөвлөл”-ийн дүрэмд гарын үсэг зурав. Ингэснээр Монгол Улс “Энхийн зөвлөл”-ийг үүсгэн байгуулагч гишүүн улсын нэг боллоо.
Онолын хувьд ийм санаачилгад нэгдэх нь Монгол Улсын олон улсын нэр хүндийг өсгөх, ардчилсан үнэт зүйлсийг дэмжигч орны хувьд байр сууриа бататгах, АНУ зэрэг барууны орнуудтай харилцаагаа гүнзгийрүүлэх ач холбогдолтой. Мөн Монгол Улс энхийг эрхэмлэгч, төвийг сахисан бодлого баримталдаг улсын хувьд ийм төрлийн хамтын ажиллагаанд оролцох нь гадаад бодлогын нэгэн хэлбэрт тооцогдоно.
Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл манай улс хорооноос эдийн засгийн болон стратегийн ямар ч мэдэгдэхүйц ашиг хүртээгүй байна. АНУ ховор элементийн хөгжилд гүнзгий хамтран ажиллах, ихээхэн тусламж үзүүлэх өмнөх амлалтаа биелүүлээгүй бөгөөд санхүүжилтийн хомсдол, Газын зурвас дахь үйл ажиллагаагаа газар дээр нь явуулах боломжгүй байдлаас болж хороо өөрөө зогсонги байдалд орсон.
Харин ч “Энхийн зөвлөл” -д элсэх нь Монгол Улсад зарим сөрөг нөлөө үзүүлж болзошгүй юм.
Нэгдүгээрт, энэ нь Монгол Улсыг өндөр хэмжээний өрийн дарамтад оруулсан. “Энхийн зөвлөл” нь “байнгын гишүүнчлэлийн” төлбөрт 1 тэрбум ам.долларын босго тогтоосон. Монгол Улс аль хэдийн гадаад өрийн өндөр түвшинтэй бөгөөд гишүүнчлэлээ хадгалахын тулд холбогдох төлбөрийг төлөх шаардлагатай болвол санхүүгийн ачааллыг улам бүр нэмэгдүүлнэ. Түүнчлэн, “Энхийн зөвлөл” сангийн данс өнөөдрийг хүртэл бараг хоосон байгаа тул Монголын хөрөнгө оруулалт бүрэн үр ашиггүй болох бөгөөд түүнтэй дүйцэхүйц ашиг хүртэхгүй.
Хоёрдугаарт, эдийн засгийн хөрөнгө оруулалтаас мэдэгдэхүйц өгөөж гарахгүй байна. Үүний тод жишээ нь АНУ-ын визийн бодлогын өөрчлөлт юм. Саяхан гаргасан Дональд Трампын засаг захиргааны шийдвэрээр АНУ-ын B1/B2 ангиллын визийн бүх шаардлагыг хангаж буй Монгол Улсын иргэд виз олгогдохоос өмнө 15,000 ам.доллар хүртэлх хэмжээний барьцаа байршуулах шаардлагатай болоод буй.
Эндээс нэг том зөрчил харагдана. Нэг талаас Монгол Улс АНУ-ын санаачилсан энхийн, ардчиллын шинжтэй хамтын ажиллагаанд оролцож, улс төрийн хувьд “найрсаг түнш” гэж тодорхойлогдохыг хичээж буй. Нөгөө талаас, бодлогын практик түвшинд Монгол Улсын иргэдэд итгэх итгэл сул, цагаачлалын эрсдэлтэй улс орон гэж үнэлэгдэж байгаа нь энэ визийн бодлогоор илэрч байна. Энэ алхам нь Монгол Улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлж, хоёр улсын стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн гол тулгуур болох боловсрол, бизнес, соёлын салбарын иргэдийн харилцаанд хохирол учруулж байна.
Гуравдугаарт, “Энхийн зөвлөл” -д элссэн ч манай улс улс төр, дипломат салбарт аюулгүй байдлаа хангаж чадаагүй байна. Хамгийн гол нь жуулчны визтэй хоёр нөхөр Монголд орж ирээд, эмнэлгийн зориулалтын бус орчинд, ямар ч зөвшөөрөлгүйгээр дураараа дургиж байгаад явсан байх юм. Тодруулбал, Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэрэлт-Ирээдүй” гэх Христийн сүмд үе мөч, гэмтлийн нөхөн сэргээх үзлэг хийж байгаа тухай мэдээлэл Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст энэ сарын 6-нд иржээ. Мэдээллийн мөрөөр Эмнэлэг, тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч О.Ёндонцоо, н.Төгсмаа нар очиж шалгахад, Монголын тав, гадны хоёр эмч сүмд олон зуун хүнийг цуглуулж, зориулалтын бус газар үзлэг, эмчилгээ хийж байсан аж. Хамгийн гол нь тэд Монгол Улсын “Эрүүл мэндийн тухай хууль”ийг зөрчсөн. Бид эрх үүргийнхээ дагуу шалгахад, АНУын иргэн гэх хоёр эмч ЭМЯнаас эмчлэх эрхийн зөвшөөрөл аваагүй байсан. Иймэрхүү хэрэг дахин гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд бид хяналтаа чангатгах ёстой.
Мөн, Энхий зөвлөлд нэгдэх үйл явц богино хугацаанд эрчимтэй өрнөсөн нь гарын үсэг зурахаас өмнөх дотоод зөвлөлдөх, нягтлах бүх шат дамжлагыг бүрэн хангах боломжийг хязгаарласан. Үүнтэй холбогдуулан холбогдох байгууллагууд өмнөх жишиг, институцийн тогтвортой байдлыг харгалзан асуудлыг нягт нямбай судалж байна. Манай тогтолцоо нь зохих зөвшөөрөл, шат дамжлагыг алгассан, хэт яаравчилсан шийдвэрийг хүлээн зөвшөөрдөггүй.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хувьд олон улсын санаачилгад нэгдэх, улс төрийн мэдэгдэл хийхээс илүүтэйгээр бодит дипломат ажил, хэлэлцээ, элчин сайдын яамдын идэвх, үр ашиг чухал болох нь харагдаж байна. Хэрэв гадаад бодлого зөвхөн тунхаглал, оролцооны түвшинд үлдэж, иргэдийн бодит ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй бол түүний үр нөлөө хязгаарлагдмал хэвээр байх билээ.
Иймээс Монгол Улс гадаад бодлогоо илүү прагматик, үр дүнд чиглэсэн болгох шаардлага тулгарч байна. Олон улсын тавцанд идэвхтэй оролцох нь чухал боловч, тэрхүү оролцоо нь иргэдийн амьдралд бодитоор хэрхэн нөлөөлж байгааг хэмжих, үнэлэх нь түүнээс дутахааргүй чухал юм.
Б.ЭНХБААТАР





