Д.ЭНХБАТ: Төрийн өмч гэсэн хуучны тэр нэгэн гэнэн сайхан ойлголтоосоо олон хүн салах хэрэгтэй. Авлигад идэгдсэн улс оронд төрийн өмч гэж байдаггүй. Өндөр авлигатай орчинд төрийн өмч нь зөвхөн тийм нэртэй, мөн чанартаа түшмэдийн гар дамжин явдаг корпоратив буюу тэдний далд эзэмшлийн өмч болж хувирдаг. Үүнийг огт ашиггүй ажилладаг, манай бараг бүх улсын үйлдвэрийн газруудын жишээн дээр тод олж харж болно.
Улсын үйлдвэрийн газруудыг сонгуулиар эрх олж авсан тодорхой бүлгүүд өөрсдийн далд өмч болгож “сааж” байдаг учир авлига өндөртэй газарт улсын үйлдвэрийн газрууд ашигтай ажиллах боломжгүй.
Улсын үйлдвэрийн газруудыг хувьчлах нь зөв. Яагаад гэвэл, улсын үйлдвэрийн газруудыг хувийн өмч болговол тэдгээрийг ядахдаа явуулын хүмүүс тонож доройтуулахгүй. Аливаа хувийн өмч ч улс үндэстний баялгийн хэсэг учир эзэнтэй, тонуулахгүй, өсөж хөгжих магадлал илүүтэй болсноор Монгол Улсын эдийн засагт илүү өгөөжтэй байх болно. Тэр нь бүх иргэддээ ч илүү өгөөж өгнө.
Зөв засаглалтай улс орнууд улсын үйлдвэрийн газруудаас илүүтэйгээр үндэсний хувьцаат компаниудад илүү анхаарч төрүүлдэг. Гэхдээ тэр компаниудын удирдлагыг улс төр, сонгуулиас бүрэн салгадаг. Тэдгээртээ олон улсын түвшний хөрөнгө, санхүүгийн хөндлөнгийн байнгын хяналтыг хэрэгжүүлдэг.
Төрийн өмч гэдэг ойлголт өнөө цагт өмнөх шиг биш, эсвэл авлигагүй улс орон дахь ойлголтоос огт өөр зүйл болсон. Тиймд төрийн өмч л бол бүх ард түмний өмч юм гэсэн төөрөгдлөөсөө салах хэрэгтэй.





