Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Давхардаваагийн Гансаруул 2009-2023 онд Өдрийн сонинд ажиллахдаа ярилцлага, нийтлэл, сурвалжлага, хөрөг, аян замын тэмдэглэл зэрэг сэтгүүлзүйн бүхий л төрлөөр бичиж нийтлүүлсэн бүтээлүүдээсээ зөвхөн шилдгүүдийг сорчлон “Шилдэг ярилцлага, нийтлэлүүдийн дээжис” ном болгон ийнхүү дээжилжээ.
Энэхүү номын нээлт өнөөдөр болох бөгөөд ирэх 7 хоногоос “Интерном”, “Аз хур” номын их дэлгүүрүүдээр худалдаанд гарна.

Редакцийн шагнал, Өдрийн сонины Оны Шилдэг бичлэгийн шагнал, Тусгай шагнал, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн “Ган үзэг” тэргүүн наадмын Гран при хүртсэн нийтлэл, ярилцлагууд мөн Азийн хүний эрхийн шагнал хүртсэн цуврал ярилцлага, сурвалжлага, нийтлэлүүд багтжээ. Түүнчлэн сэтгүүлчдийн дунд зарлагдсан нийтлэл, нэвтрүүлгийн уралдаанд шалгарсан нийтлэлүүдээ ч энэ номондоо оруулсан байна.

Д.Гансаруул МСНЭ-ийн 2020 оны Сонины шилдэг сэтгүүлч, 2019 оны Нийслэлийн шилдэг сэтгүүлч, Японд төвтэй Азийн эрх чөлөө, ардчиллын төлөөх эв нэгдлийн зөвлөлийн 2020 оны “Азийн хүний эрхийн шагнал” хүртсэн тэмцэгч. Д.Гансаруул хүний эрх, эрх чөлөө, Монгол өв соёл, монгол хэл, бичгээ хамгаалахын төлөө 2009 оноос тууштай тэмцэж байгаа бөгөөд Монгол Улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал, газар усны нэршлийг хамгаалахын төлөөх хүчтэй дуу хоолой гэдгийг түүний уншигчид мэднэ.
Өмнөд Монголд монгол бичгийг хориглосныг эсэргүүцэж шүлэг уншиж, монгол хэл, бичгээ өмгөөлсөн Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч билээ. Монгол эх, бичгээ өмгөөлсөн өмнөд монголчуудын тэмцлийг дэмжиж жагсаалыг сурвалжилж, улмаар НҮБ-д хүртэл шаардлага хүргүүлж байсан Олон улсын хүний эрхийн төлөө тэмцэгч юм аа.
Ажлын гараагаа Өдрийн сонинд спортын сэтгүүлчээр эхлүүлж, урлаг, спорт, нийгэм, эдийн засаг, гадаад мэдээ, улс төрийн бүхий л чиглэлээр бичдэг сэтгүүлч бөгөөд Өдрийн сонины Цахим Өдрийн сонины орлогч, DNN.MN вэбсайтын Орлогч захирлын албыг хашсан.

2024 оноос хиймэл оюун ухаан, Мобайл сэтгүүлзүйд суурилсан “MOJO AI” мэдээллийн агентлагаа байгуулж, одоо www.mojotv.mn мэдээллийн вэбсайтын захирал, 7 хоног тутмын THE MONGOLIAN BULLETIN сонины Ерөнхий эрхлэгчээр тус тус ажиллаж байна.
Энэ ном түүний хэвлүүлж буй 7 дахь ном бөгөөд сэтгүүлзүйн чиглэлээр гаргаж буй анхны эмхэтгэл.
С.СҮНДЭРМАА





