“The Mongolian Bulletin” сонины нийтлэлийг хүргэж байна.

1990-2000 он: “Аядуу тайван” үе

1990 оноос өмнөх болон 2000 оны эхэн хүртэл дэлхий даяар депресс, түгшүүрийн түвшин харьцангуй бага байсан гэж судалгаануудад дурджээ. Энэ үед хүн амын ихэнх нь соёл, технологийн энгийн хэв маягт амьдарч байсан. Нийгмийн мэдээллийн урсгал, цахим орчин нь бага. Зурагт нь хэдэн сувагтай, радио сонсож, сонин сэтгүүл эргүүлж, ном уншдаг байв. Дэлхий нийтийг ихэвчлэн дайн, эдийн засгийн хямрал, байгалийн гамшиг зэрэг хэдэн сэдэв л хааяа “айлгадаг” байсан. Түгшүүр болон депресс голчлон насанд хүрэгчдэд илэрч, хүүхдүүд болон өсвөр насныхан харьцангуй эрүүл сэтгэлзүйтэй өсөж бойждог байв аа.
2000-2010 он: “Үргэлжилсэн тогтвортой байдал”

ДЭМБ болон олон улсын сэтгэл зүйн судалгаануудаас харахад, энэ үед сэтгэцийн эмгэгийн тархалт хөнгөн өссөн боловч асар их биш байжээ. Яагаад вэ гэвэл интернет, ухаалаг гар утас хүчээ аваагүй, сошиал медиа өндөгний үедээ байсан учир стрессийг нэмэгдүүлэх хүчин зүйл бага.
Дэлхийн эдийн засаг харьцангуй тогтвортой байж, олон улсад аюулгүй байдлын мэдрэмж байсныг судалгаануудад дурдаж “Түгшүүр болон депрессийн тохиолдлууд 2-5% орчим өссөн” гэжээ.
2010-2020 он: “Аажмаар өөрчлөгдөж буй үе”

Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал илүү өргөн тархсан. Шалтгаан нь мэдээж сошиал медиа ба цахим орчин. Хүн өөрийгөө бусадтай байнга харьцуулах болсон нь стрессийг огцом өсгөжээ. Мөн амьдралын хэмнэл, ажлын ачаалал нэмэгдэж, дэлхийн хотуудын иргэд стресс ихтэй, амралт багатай болсон байна. Шинжлэх ухааны судалгаагаар цахим мэдээллийн их урсгал нь анхаарал сулруулж, стресс үүсгэдэг болжээ. Дээрх гурван шалтгаанаас үүдэж түгшүүрийн эмгэгүүд, депресс, нойргүйдэл, гар утас, цахим хамааралтай сэтгэл зүйн асуудал илүү түгээмэл болсоон.
2020 оноос хойш: “Цар тахлын нөлөө”

COVID-19 цар тахал нь дэлхий нийтийн сэтгэл зүйд асар том нөлөө үзүүлсэнтэй хэн ч маргахгүй. ДЭМБ-ын судалгаагаар сүүлийн жилүүдэд депресс болон түгшүүрийн тохиолдол 25-30% өссөн байна.Хорио цээр, ажил, сургуулийн шилжилт, нийгмийн тусгаарлалт нь соёл, сэтгэл зүйн хэв маягийг огцом өөрчилчихсөн.Танин мэдэхүйн стресс, сэтгэцийн эмгэг ерөнхий хүн амд нэмэгдсэн буюу жигд тархсан гэжээ. Хүмүүс “их сонин”, нервоз, стресс ихтэй, сэтгэл хөдлөл тогтворгүй болсон нь судалгаануудаар нотлогдож байна.
Д.ГАНСАРУУЛ (Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч)
Эх сурвалж:
1. PubMed – Шинжлэх ухааны эмнэлгийн судалгааны өгүүллүүд
2. MDPI – Нээлттэй хандалттай олон улсын судалгааны сэтгүүл
3. arXiv – Шинжлэх ухаан, мэдээлэл технологийн урьдчилсан судалгаа
4. Verywell Health – Сэтгэл зүй, эрүүл мэндийн мэдээлэл
5. World Health Organization (WHO) – Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, сэтгэл зүйн тайлан, статистик





