АЗИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ШАГНАЛТ СЭТГҮҮЛЧ Д.ГАНСАРУУЛ: Яндан, пийшин, нүүрстэй зууралдуулдаг биш яндангаас салгаж, халуун хүйтэн устай, халаалттай, тохитой сууцанд амьдруулах нөхцөлийг бүрдүүлдэг төр засаг хэрэгтэй. Иргэд УИХ-ын сонгуулиар санал өгөхдөө улс орондоо, аймаг, хот, дүүрэгт нь юм хийчих болов уу, энэ л юм хийж чадна даа…гэсэн итгэж буй нам, нэр дэвшигчийн нэрийг дугуйлдаг гэж боддог. 2016 оны сонгуулиар ард түмэн “Тогтвортой төр хэрэгтэй юм байна. МАН-ыг л сонгоё” гэсээр сонгосоон. 2020 онд “Үргэлжлүүлж ажиллуулаад үзье” ч гэсэн өнөөдүүл нь ч хулхин дээр нь цэцэг ургуулж байгаад давтан гарч ирсэн. Уг нь сонголт гэдэг бол сайжрах, дээшлэхийн нэр. Хамгийн сайныг, боломжийн гэснээ хүн олон юман дундаас сонгодог. Гэтэл монголчуудын 2016 оны сонгуулиас эхэлж хийсэн сонголтын үр дүн бол өнөөдрийн энэ нөхцөл байдал шүү. Сонгогчийн боловсролгүйгээсээ алдсан нь энэ. 3 сонгуулиар дарааллан гарч ирсэн улстөрийн хүчин бол далайцтайгаар хөдөлж улсаа хөгжүүлж, ард түмнээ ажилтай, орлоготой болгож, орон сууцжуулж, эх орондоо тухтай ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлчих бүрэн боломжтой. Хангалттай төсөв ч байсан.
Гэтэл МАН тэгсэнгүй. Ямар их хулгай, хүний санаанд багтамгүй гэмт хэрэг, элдэв юм тэднийг тойрно вэ?
МАН-ын засаглаж буй энэ хугацаанд Улаанбаатар хотын дэд бүтцийг сайжруулж, түүн дээр тулгуурлаж цахилгаан, газаар халаалт, дулаанаа шийдчих эко хотхон, хорооллууд сүндэрлээд утаа 50-70% буурчих хэмжээний хангалттай цаг байлаа. Гэтэл өнөө л нүүрсээ тойрсон хэрүүл, утаа угаараас үүдэлтэй үхэл, гомдол үргэлжилсээр.
МАН 2016 оноос тасралтгүй засагласан учир “Бид айл өрхүүдийн төдөн хувийг орон сууцанд орууллаа. Утааг төдөн хувиар буурууллаа. Иргэд ажлын байраар хангагдаж, үйлдвэрүүд ашиглалтад орлоо” гээд ярих байтал “Чи алуурчин, би алуурчин биш. Чи нүүрсний хулгайч, би хулгайч биш” гэсэн л юм ярьсаар төрийн ажлыг зогсоочихлоо.
Тэгээд хийж байгаа ажлыг нь хар.






Яндангаа хөөлөөрэй…ч гэх шиг. Хэддүгээр зуунд ард иргэдээ амьдруулаад байгаа юм бэ. Энэ яндангаа хөөл гэсэн уриа лоозон чинь баруунд 1800-1900 оны эхэн үед хэрэгжиж байсан шүү. Өнөөдөр 2025 он. Монголыг 100-125 жилээр хойш чангааж, ядуу, утаатай, хөөтэй нь зууралдуулж байгаа мөртлөө, өөрсдөө 44 их наядаар нь зусалж, “Портер”-оор нь мөнгө зөөж шуудайлж байсан ч гэх шиг. Нэг хурган даргын сейфнээс тэрбумаар нь гараад ирдэг мөнгийг ард түмэн 100 жил хөдөлмөрлөөд ч олохооргүй тийм шударга бус нийгэм тогтчихоод байна даа. Ахмадууд 500, 600-хан мянган төгрөгийн тэтгэврээ 1.5 сая болгоод өгөөч гэж наад Төрийн ордны чинь үүдийг 2 улирал дамнаж сахиж, алгаа тослоо дог!
Бидэнд яндангаа хөөл гэж нүүрстэй зууралдуулж, угаартуулж ядуу байлгадаг төр засаг, төрийн түшээд хэрэггүй.





