Ардчилсан намын 300 гаруй гишүүнтэй Үндэсний бодлогын хороо энэ сарын 28-нд хуралдаж, намын даргаа солино.
АН-ын дараагийн даргад нэр нь яригдаж буй 10 гаруй хүн байна гэхээр энэ нам нэг үеэ бодвол лидерүүдтэй болжээ, манлайлал үзүүлэх хэсэгтэй болжээ гэж харж болно.
Одоогоор нэр нь яригдаж буй эрхмүүдийн талаар товч дүгнэе.

О.Алтангэрэл: Сошиал, олон нийтээс дэмжлэг ихтэй ч нам дотроо рейтинг нь ялимгүй буурсан. “Ноорог”-ийн асуудал дээр хэт нэг талыг баримталж, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн дохиураар хөдөлж байсан нь түүнийг улс төрчийн хувьд өөрийн гэсэн бат үнэмшилгүй, хэний ч халаасанд орж чадах, хэт зөөлөн, харизмгүй гэж чамлах хүн олон болсон. Гэхдээ АН-ын залуусыг төлөөлөх дажгүй дүр.

Ж.Баярмаа: Лу.Гантөмөр тэргүүтэй намынх нь хэсэг бүлэг нөхөд Л.Оюун-Эрдэнийн засагт дагаар орж, амаа үдүүлэхэд сөрөг хүчний ажлыг дангаараа гүйцэтгэж байсан зоригтой улс төрч. Түүнд эмэгтэй улс төрч гэхээсээ улс төрч гэх ерөнхий нэр зохино. Сөрөг хүчний дуу хоолойг олон жил хүлээж, хүсэж байсан ард түмний захиалгаар энэ парламентад орж ирсэн “шийртэй” улс төрч! Тэрээр нийгмээс, залуусаас, хүний эрхийг дээдлэгч, ардчилсан үзэлтэй монголчуудаас өндөр дэмжлэгтэй.

Д.Ганбат: Парламентад хүчтэй дуу хоолой! Ардчиллын үнэт зүйлсийг хамгаалдаг, туршлагатай парламентч тэрээр УИХ болон ард түмнээс дэмжлэгтэй. Түүнийг олон нийт “АН-ын дарга байж болохоор хүн” гэж үнэлж байна. Ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн түүнд нэмэлт, илүү тайлбар хийгээд хэрэггүй болов уу. Шударга улс төрч!

Ч.Лодойсамбуу: Ж.Баярмаа гишүүнтэй хамт эрх баригчдыг чичрүүлж, айлгадаг гол дүрийн нэг. Сэтгүүлч суурьтай учир хийгүй ярьдаг, чигч. Түүнийг харлуулж, хувийн амьдралаар нь оролдож улс төр хийх гэж нөгөө тал нь аргаа бараад сүүлдээ хаясан. Энэ удаагийн намын даргын сунгаанд дээгүүр бичигдэхгүй ч энэ жагсаалтад байх ёстой хүн.

Б.Пүрэвдорж: АН-ын дарга байхад яг тохирох, бүх шалгуурт нь тэнцэх улс төрч. УИХ-ын дэд даргын албатай түүнд Монголын ардчиллын бэлгэ тэмдэг, бахархал болсон АН-ыг толгойлоод аваад явах зориг, тактик, туршлага хангалттай. Мөн л хүлээн зөвшөөрөгдсөн улс төрч.

О.Цогтгэрэл: АН-ын дарга Лу.Гантөмөр Л.Оюун-Эрдэнийн засаг хэмээх “хөнжил”-д шигдээд, эргээд нам руугаа, намынхаа гишүүд рүү, ардчилал руу коммунистуудтай нийлж нулимж байхад өөдөөс нь сөрж зогсож чадсан Бүлгийн дарга. Засгийг огцруулах гэж 20 хоног жагсаж байсан залуусыг “Төлбөртэй” гээд хээвнэг инээн ярьж зогссон Лу.Гантөмөрийг байранд нь тавьсан Бүлгийн дарга. Нам нь намын даргатай ч даргагүй мэт, эзэнгүйдсэн үед Бүлгээ амжилттай зохион байгуулж, эв санаа нэгтэй байлгаж чадсан тул энэ эрчмээрээ намаа эмхэлж чадах чадамжтай.

Ц.Туваан: Нам дотроо бол нөлөөтэй түүнийг АН-ын дараагийн дарга болох магадлалтай хүмүүсийн жагсаалтад оруулж болно. Гэхдээ олон нийтээс төдийлөн дэмжлэг авахгүй болов уу.

Х.Тэмүүжин: Үндсэн хуулийг түүн шиг сайн мэдэх, тайлбарлах гишүүн одоогийн парламентад бараг байхгүй. Хуульч-Улс төрч түүнд улстөрийн арвин их туршлага, мэдлэг бий. Зөв цагт эгзгийг нь тааруулж жинтэй үг хэлдэг, дуугардаг түүнээс “түүхий” болон “шүүслэг” шинэ гишүүд эмээдэг. УИХ-ын үндсэн дүр төрхийг илэрхийлдэг, УИХ-ын гишүүн ямар байх ёстойг сонгодог байдлаар харуулдаг улс төрч. Түүнд намын даргаас ч илүү Ерөнхий сайд хийгээд явах мэдлэг, боловсрол, мэдрэмж байдаг гэж үздэг.
Д.ГАНСАРУУЛ