Эхлэл Мэдээ МОНГОЛ СУР ХАРВАА, УУХАЙН ОРОН
МэдээӨв соёл

МОНГОЛ СУР ХАРВАА, УУХАЙН ОРОН

Хуваалцах
Хуваалцах

А. Нум сумны үүсэл, хөгжил

Нум сумыг Неолит буюу хүний нийгмийн хөгжлийн шинэ чулуун зэвсгийн үед бий болсныг түүхчид, археологичид баримтаар нотолдог. Монгол нутагт шинэ чулуун зэвсгийн үеэс нум, сумыг хэрэглэж байсан баримт илэрсэн. Тэгэхээр өвөг монголчууд наад зах нь 5000 жилийн өмнөөс нум, сум хэрэглэж байжээ. Монгол хэлний тайлбар болон сурвалж толь бичгүүдэд дурдсанаар “нум хөвчийг татаж сум харвах зэвсэг,  хулс, эвэр, шөрмөсийг нийлүүлж хийнэ” гэжээ. Нум, сум эртний морин цэргийн гар харуулын зэвсэг, нум сум, саадаг нь иж бүрдэл болдог. Монгол Туркийн цэргийн зэвсэгт өргөн хэрэглэж байсан тухай дурджээ.

Ан агнуурын болон биеийн тамирын хэрэгсэл нум, сум 20 дугаар зуунаас спортын нэг төрөл болжээ. МЭӨ 6-3 дугаар зууны үед Хүннүгийн морьт цэрэг хүчирхэгжсэн тухай буурал түүхийн хуудсанд тодорхой баримт үлдсэн нь Хүннүгийн булшнаас нум, сум нэлээд элбэг олддогтой холбоотой юм. Тухайн үед Хүннү нарыг “нум, сум агсагчдын улс” хэмээн нэрлэж байв. Хүннүчүүд эвэр элэгтэй, шөрмөсөн артай нумыг хийж, сумаар нь төмөр зэв суулган сумны хойд талыг өдөлж бэлтгэдэг байсан. Энэ нь тухайн үед нум, сумны шинэчлэл болж ан агнахын зэрэгцээ аян дайны найдвартай зэвсгийн нэг болсон.

Монголчууд нь соёл иргэншлийн хувьд хүчирхэг үндэстэн бөгөөд түүхээ үеэс үед өртөөлөн авч яваа учраас Хүннү гүрний цуут дээдэс Модун хаан, Атилла, аугаа их Чингис, түүний хойчийг залгамжлагч 35 хааны байлдан дагуулал, төрийн бодлого нь дундад эртний дэлхийн олон улс үндэстний нүүдэл суудал, хувь заяа, соёл иргэншлийн хөгжилд онцгой үр нөлөө үзүүлсэн тул чухамдаа Монгол ертөнцийн хүчирхэг гүрний нэг байлаа. Нүүдэлчний анхны төрт улсыг Азийн цээжинд Хүннүчүүд байгуулж, Монгол туургатнууд Каспийн тэнгисээс Номхон дөлгөөн далай хүртэл, Шар мөрнөөс Байгаль нуур хүртэл уудам нутгийг эзэгнэн нүүдлийн замыг холдуулж чадсан. Энэ нүүдэл улам холдсоор Хар далай, Ижил мөрөн, цааш одоогийн Болгар, Герман, Унгар улс хүрчээ. Тэдний нэлээд нь Нирун, Сяньби, Хиргис, Уйгар аймгийн хаадууд бөгөөд тэд овог, угсаагаа хамгаалж түүхийн тавцанд тодрон алдаршсан юм.

Их нүүдлийн явцад дундад эртний хаад Тэмүүжин, Өгөөдэй, Цагаадай, Хувилай, Мөнх, Бат, Батмөнх даян хаан  нар нь асар баялаг нутгийг хамарсан эзэнт гүрнийг төвхнүүлэн дэлхийн хувь заяаг тодорхойлж байв. Энэ нүүдлийн түүхийг улам хүчирхэг болгон өргөтгөж, Хувилай хааны үед Хятад, Солонгос, Бирм, Веьтнам улсыг эрхшээлдээ авч урагшлан Тайландад хүрсэн гэж түүхчид үздэг. Тэд энэ урт замыг нум, сумтайгаа очиж харваа тэнд дэлгэрсэн гэдэг дүгнэлтэд хүрсэн байна. Тийм болохоор өнөөгийн Башкир, Афган, Татар, Узбек, Хиргисүүд нь өөрсдийгөө их монголын эзэнт гүрний удам гэж үздэг байна. Эртний зэвсэг судлаач Ю.В.Шанкаров “Хүннүгийн хэмээх нарийн хийцтэй нум манай эриний эхээр Хүннү нарын хамт дорнод Европт дэлгэрч тэнд тархан үлдсэн нь ихээхэн анхаарал татдаг гээд Өрнө зүг рүү нүүдэллэсэн бидний өвөг дээдэс болох Хүннү нар 4 дүгээр зууны дунд үеэр Европын түүхийн тавцан дээр бие даан гарч ирээд 300 гаруй жил буюу 6 дугаар зууны сүүлч хүртэл эл тивийн түүхэнд хувь нэмрээ оруулсаар иржээ.  Хүннү нар одоогийн Уйгараар төвлөн Герман, Славяни болон олон аймгийг захирч байжээ. Мөн тухайн үед хамгийн том эзэнт гүрнийг байгуулсан Ромыг сөхрүүлж чадсан хүчирхэг гүрэн байгуулсан ажээ” гэжээ.

Цэргийн зэвсэг судлаач доктор Ж.Базарсүрэн “Өрнө, дорно дахины улс орнууд олон төрлийн зэр зэвсэг, зэв сумыг монголчуудаас авч эзэмших болсон” гэж бичжээ.

Монголын нууц товчоонд “Их тэлж харваваас есөн алд газар харвас уу, татуу тэлж харваваас таван алд газар харвас уу” гэсэн байдаг. Монголчууд 1225 онд Сартуул улсыг дайлан эзлэн аваад наадам хийхэд  Хасарын ач Есүихэй мэргэн 335 ад газраас бай харваж оносон бөгөөд энэ нь ойролцоогоор 500 м хол зай юм. Есүихэй мэргэний энэ гайхамшигт харвааг бахархаж Чингис хаан Тэмүүжиний зарлигаар 1226 онд Есүйхэйд зориулсан хөшөө босгосон нь “Чингисийн чулууны бичиг” хэмээн түүхэнд мөнхлөгдөн үлдэж одоо Оросын холбооны улсын Санктпетрбургийн эрмитажид хадгалагдаж байна. Монголчуудын нум, сум агсан байлдсан хамгийн сүүлчийн их тулаан 17 дугаар зууны үед Зайсан нуурын орчим болсон галт зэвсэг хэрэглэсэн оросуудыг ялан дийлсэн түүх юм.  Энэ талаар Италийн жуулчин Марко Поло бичихдээ “Монголчууд харвахдаа мэргэн, хавтай, зугтаж явахдаа ч гэдрэг эргэн харван унагаасаар явдаг” гэж онцлон тэмдэглэжээ. Бидний өвөг дээдэс эрт дээр үеэс халдах дайснаас хамгаалах, найдвартай зэвсэгтэй байсан нь дэлхийг донсолгож байх үеийн их эзэнт гүрний сүр хүч нь нум, сумандаа байсан байна.

Өдгөө энэхүү зэвсэг маань сурын харваанд өвлөгдөн эрийн гурван наадмын нэг болсон нь монгол бол нум, сумын арвин баялаг түүхтэй, цэнгэлийн манлай уухайн орон мөн.

Б. Алтайн урианхайн өв соёл сурын харвааны онцлог

Өнөөгийн байдлаар Монгол улсад урианхай, буриад, халх гэсэн гурван төрлийн харваа байна. Урьд эртний үеэс суу алдраа дуурсган түүхэнд нэртэй, төрд гавьяатай явж ирсэн монгол язгуурын угсаатны нэг бол “нуман тамгат”, Алтайн урианхайчууд билээ. Тэд олон зууны тэртээгээс байгаль эх дэлхийгээ дээдлэн сүсэглэн хишгээс нь ухаалгаар хүртэж, мал сүргээ адгуулан өсгөж ирсний зэрэгцээ наадан цэнгэж, найрлан баясаж, язгуур их өв соёлоо уламжлуулсаар байна. Алтайн урианхайн их өв соёлын дотор сурын харваа нь хүндтэй байрыг зүй ёсоор эзэлдэг бөгөөд энэ нь эртний дүр төрхөө өнөө хүртэл хадгалж ирснээрээ онцлог, үнэ цэнтэй байна. Энэ талаар эрдэмтэн судлаачид, мэргэн харваачид урианхай сур харваа нь харвааны анхдагч гэсэн дүгнэлт хийж санал нэгдсэн байдаг.

Одоо энэхүү харваагаар  монгол орны алс баруун хязгаарт буй Баян-Өлгий аймгийн Алтай, Алтанцөгц, Булган, Буянт, Ховд аймгийн Дуут, Мөнххайрхан, Хэнтий, Сэлэнгэ, Дархан, Орхон, Улаанбаатар, Налайх зэрэг аймаг орон нутагт амьдарч буй Алтайн урианхайчууд тоглон наадсаар байна. Сур харваа урианхайчуудын мах цусанд шингэн оршсон, чухамдаа тэднээс салган ойлгохын аргагүй тийм эрхэм нандин өв юм.

Үүсэл хөгжил. Үүслийн тухайд авч үзвэл урианхайчуудын дунд өгүүлэгдсэн нэгэн аман домогт энэхүү харваа Чингис хааны байлдан дагууллын үе буюу 13 дугаар зууны үед бий болсон гэх үндэстэй байна. Уг домогт Чингис хаан Ази Европын их аян дайнаа дуусгаж нутгийн зүг хүлгийн жолоо залж явах зуураа өвс ургамал, ус тэгширсэн Сундаалан хэмээх газар дөрөө мултлан амарчээ. Энэ үед Чингис хаан урианхайн Зэлэм жанжныг дуудаж энэ их цэрэг морьдыг амраах арга ол хэмээжээ. Зэлэм жанжин нэгэн мэргэн арга олов гэнэ. Энэ нь агт морьдынхоо ташаанд нуман тамга дарж, “Давын өвс идэж, далагнаж яв, Бутын өвч идэж, булагнаж яв” хэмээн ногт, чөдөр, тушаанаас суллан тэрхүү ногт, чөдөр, цулбуурыг нь бөөрөнхийлөн тусгай талбайд өрж харван өрсөлдөх нэгэн зүйл тоглоом  зохиосон нь Чингис хаанд ихэд таалагдаж энэхүү тоглоомоор үеийн үед наадан цэнгэтүгэй хэмээн зарлаг буулгасан байдаг. Энэ нь өнөөгийн урианхайчуудын дунд дуулагддаг дуу, нуман тамга, агт морины хэрэгсэл ашигладаг зэрэг зан үйлтэй таарч байгаа нь үнэнд нийцнэ.

Өдгөө монгол төрийн наадмыг урианхай сурын харваагаар эхлэн буриад, халх сурын харваагаар үргэлжлүүлдэг ёс жаяг тогтоод нэлээд хэдэн жил боллоо.  Энэ нь манай ард түмэн нум, сумыг зөвхөн дайн тулааны зэвсэг биш, баяр цэнгэл, цэц мэргэнээ сорих нэгэн төрлийн наадам, спортын тэмцээн болгон хөгжүүлж ирсэнтэй холбоотой. Урианхай сурын харваа нь бусад төрлийн сурын харваанаас дараах хэд хэдэн онцлог ялгаатай. Үүнд:

  • Хавчаахай нумаар харвадаг.
  • Хүүхэд бага балчраасаа хавчаахай нум барьж харваж суралцдаг.
  • Талбайг уламжлалт арга хэлбэрээр газар болон мөсөн дээр засаж бэлтгэдэг.
  • Бай (чих гэдэг) нь бөөрөнхийлөн бэлтгэсэн чөдөр, ногт, хазаарын цулбуур байдаг.
  • Сум нь овор ихтэй, модон болцуутай байдаг.
  • Урианхай харваанд эмэгтэйчүүд орж харвадаггүй.
  • Харваачид нэг нумаар ээлжлэн харвахыг зөвшөөрдөг.
  • Харваа нь багаар, цуваа харваагаар явагддаг.

Хавчаахай нумыг хус модыг матаж, 1.8-2.2 м урттайгаар хийнэ. Сумыг бургасаар хийж, үүсгүүрийг том модон булцуутай, бүргэд, тас шувууны өдөөр өдөлдөг. Бай нь бөөрөнхийлж зангидсан сур, үүнийг ”чих” гэнэ. Харвааны талбай нь хоорондоо 8 м зайтай, хоёр талаасаа далан мэт овоолсон шороо (өтвөг гэдэг)-гоор хязгаарлагдсан байна. Харваачид хоёр чих, гурван сумтай оролцдог.

Уламжлал ёсоор урианхайчууд жил бүрийн цагаан сарын шинийн 3-наас хаврын адаг сар дуустал сур харваагаар нааддаг. Нэг өдрийн сур харвааг нэг айл ам бүлээрээ зохион байгуулдаг. Ингэж сур харвааг даан авч зохион байгуулж явуулах нь тухайн айл өрхөд тохиолдож байгаа бэлэг дэмбэрэлтэй сайн үйлсийн нэг гэж үздэг заншилтай. Уг айл нь харваачдын хүнсэнд хэрэглэх цагаан идээ, шүүсийг бэлтгэж базаадаг бөгөөд энэ ажлыг ах дүү, төрөл төрөгсөд үр хүүхдүүдтэйгээ хамтран, харвааны өдөр, цагийг товлон урилгаа хүргүүлдэг. Сур харвуулж буй айлын өрхийн тэргүүн сурчдыг угтан авч, хамгийн өндөр настан, сайн харваачид ерөөл бэлэг хүсэн нумд хадаг, цагаан самбай (зурам гэдэг) уяж, сүү цагаа амсуулан гэрийн тооно буюу өрхөөр гурван сум гаргах зан үйл гүйцэтгүүлдэг.  Уг зан үйлээр

Эрээн цоохор нумын эвшээлтээр

Элдэв муу чинь арилах болтугай

Хатуу хар нумын тийрэлтээр

 Хамаг муу зүйл арилах болтугай

Хүчит хүрэн нумын эвшээлтээр

Хүссэн бүхэн тань дэлгэрэх болтугай хэмээн ерөөл тавьдаг.

Энэ нь гэрт буй ад чөтгөр, муу бүхнийг хүчит сумны исгэрэлтээр хөөн зайлуулж байна гэсэн санааг агуулдаг зан үйлийн нэг хэлбэр юм.

Урианхай харваа нь ерөөл бэлгээр эхэлж, үргэлжлэн ерөөл бэлгээр жаргадаг, эхлэхээс дуусах хүртэл сэтгэлийн таашаалыг ярилцаж үргэлжлүүлдэг нь гарзын үүдийг хааж, олзны үүдийг харваач олондоо нээсэн бэлгэдлийн утга чанартай, бусдад давтагдашгүй үндэстэн, угсаатны онцлогтой харваа юм.

Мэргэн харваачдын өлгий нутаг. Анх Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 10 жилийн ойгоор 1950 онд баяр наадмын хөтөлбөрт оруулж, урианхай сурын харвааг аймгийн төвд зохион явуулж байсан түүхтэй. Сумдаас ирсэн 30 гаруй харваа оролцсоноос Алтанцөгц сумын харьяаг Т.Цагаан 36 сумнаас 30 онож түрүүлж байжээ. Энэ цагаас хойш урианхай сурын харваа баяр наадмаар тасралтгүй үргэлжилжээ.

  1. Урианхайгаас Баян-Өлгий аймгийн Сагсай сумын уугуул Т.Лонжид 1965 онд Ардын хувьсгалын 44 жилийн ойн баяр наадмын харваанд  түрүүлж анхны улсын мэргэн, 1968, 1971 дахин түрүүлж хошой мэргэн, 1969, 1970 онд хоёрдугаар байранд шалгарч байжээ.
  2. Энэ амжилтыг 2000 онд улсын наадмаар Сагсай сумын уугуул Ц.Баасанхүү 40 сумнаас 37 онож түрүүлсэн, 2004 онд 40 сумнаас 36 онож хошой мэргэн цолыг хүртэж Т.Лонжид гуайн амжилтыг давтсан юм.  
  3. 1998 онд Ардын хувьсгалын ойн баяр наадмын харваанд Буянт сумын уугуул Б.Батгэрэл 40 сумнаас 35 онож улсын мэргэн цол, одоо урианхай сурын дархан мэргэн, буриад сурын улсын хошой мэргэн болжээ.
  4. 2005 оны улсын байр наадмын харваанд спортын мастер А.Хонгор 40 сумнаас 32 онож улсын мэргэн цол хүртжээ.
  5. Дараа нь 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жил, Ардын хувьсгалын 85 жилийн ойн баяр наадамд Алтанцөгц сумын уугуул, “Бурхан халдун” группийн харваач Х.Болдбаатар 40 сумнаас 36 онож түрүүлэн улсын мэргэн цол хүртжээ.
  6. 2009 онд Ардын хувьсгалын 88 жилийн ойн баяр наадмын харваанд Буянт сумын уугуул Б.Баярсайхан 40 сумнаас 35 онож улсын мэргэн цол хүртсэнээс гадна урианхай сурын спортын мастер, мөсөн сурын спортын мастерын болзлыг тус тус биелүүлжээ.
  7. 2022 оны Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмаар Буянт сумын уугуул Т.Очироо түрүүлж, улсын мэргэн цол хүртсэн бөгөөд одоо урианхай сурын улсын мэргэн, мөсөн сурын спортын мастер болжээ.
  8. Буянт сумын уугуул Ч.Жамбал урианхай сурын эрхий мэргэн, үндэсний сурын хүндэт мэргэн цолтой болжээ. Урианхай сурын харваанд 4 удаа түрүүлсэн шилдэг харваач юм.
  9. Буянт сумын уугуул В.Цэвээнжав үндэсний сурын гарамгай харваач, Х.Цогбаяр үндэсний сурын гарамгай харваач, буриад сурын спортын дэд мастер, мөсөн сурын спортын мастер, Э.Ганчулуун үндэсний сурын гарамгай харваач, урианхай, буриад, мөсөн сурын спортын мастер цолны болзол хангаад байна.

Үндэсний болон урианхай, буриад сурын мэргэн, спортын мастер, аймгийн мэргэн зэрэг цолны болзлыг зөвхөн Буянт сумын 90 гаруй харваач биелүүлжээ. Үүнээс урианхай сурын хүндэт мэргэн 20 төрсөн байна. Найман настай балчраас наян настай өвгөд буурлууд оролцдог сурын харваа наадмаа зүрх сэтгэлдээ дээдлэн эрхэм хүндтэй харваач мэргэчүүд, сонирхогч, дэмжигчид олон түмэн Та бүхэндээ эрээн цоохор нум чинь хүчтэй, эрчимт цагаан сум чинь ончтой, бие эрүүл, сэтгэл амгалан байхын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна.

Урианхай сурын харваа

Хөгжмийн аялгууг МУСТА, Т.Мөнхтунгалаг                  Шүлгийг Б.Жуваа

Дуучин МУГЖ. Г.Жанчив

Эзэн Богд Чингисээс эхтэй

Эртний Монголын сурын харваа

Урьд эртний цагаасаа

Урианхай түмний цэнгэл наадам даа

Манайхаа хай даа хай даа хай даа

Магнай тэгнээ тэгнээ тэгнээ (дахилт)

Зэлмэ Сүбээдэйн үеэсээ

Зэрэгцэн харвадаг сурын харваа

Хавчаахай нумаас эхтэй

Харваа мэргэн цэнгэл наадам даа

Дахилт

Өрөг өргөөр ээлжлэн нааддаг

Өнөөгийн урианхай сурын харваа

Өнө эртний түүхтэй

Өвөг дээдсийн цэнгэл наадам даа

Дахилт:

Эгнүүлж өрсөн сур нь ээ

Эмээлт морины хэрэгсэл ээ

Эрхий мэргэн харваачид нь

Энэ нутгийн бахархал даа

Дахилт

Урианхай сурын хүндэт мэргэн, бэлтгэл офицер, хурандаа Б.Жуваа

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээӨв соёл

Нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй...

Мэдээ

УСНЫ ОСЛООС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар их халалт үргэлжлэх энэ үеэр иргэдийн гол, ус...

Мэдээ

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 8862 боллоо

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм....