Энэтхэгийн иргэний нисэхийн сайд өчигдөр мэдэгдэхдээ, Ахмедабад хотод осолдсон Эйр Индиагийн онгоцны ослын газраас хар хайрцгийг олсон гэжээ.
Энэтхэгийн Онгоцны Ослын Мөрдөн Байцаах Товчоо (AAIB) нислэгийн мэдээллийг бичигчийг ослоос хойш 28 цагийн дотор олж авсан гэж Рам Мохан Найду Кинжарапу баталсан байна.
Лондон руу чиглэж байсан нислэг хөөрснөөсөө хойш 60 секунд хүрэхгүй хугацаанд орон сууцны бүс рүү унасан бөгөөд 242 зорчигчоос ганц хүн л амьд гарчээ. BBC-д мэдээлснээр орон сууцанд байсан найман хүн мөн амь насаа алджээ.
“Хар хайрцгийг олох нь мөрдөн байцаалтын хувьд чухал алхам бөгөөд ослын шалтгааныг тодруулахад ихээхэн тус дөхөм болох юм” гэж Кинжарапу хэлсэн байна.
Онгоцонд ихэвчлэн хоёр хар хайрцаг буюу бат бөх электрон бичигч байдаг. Нэг нь нислэгийн мэдээлэл (өндөр, хурд гэх мэт)-ийг, нөгөө нь бүхээгийн дуу чимээг (нисгэгчдийн яриа, онцгой чимээ г.м)-г бичдэг.
AAIB ослын шалтгааныг тогтоох мөрдөн байцаалтыг АНУ, Их Британийн багуудтай хамтран ахалж байгаа. Boeing компанийн гүйцэтгэх захирал Келли Ортберг мөрдөн байцаалтад туслалцаа үзүүлж байгаагаа мэдэгджээ.
Ослын үеэр Boeing 787 Dreamliner онгоцонд 169 Энэтхэг, 53 Их Британи, 7 Португал, 1 Канадын иргэн байжээ. Онгоц Ахмедабадын Сардар Валлабхай Пателийн нэрэмжит олон улсын нисэх буудлаас орон нутгийн цагаар 13:39 (08:09 GMT)-т хөөрсөн бөгөөд Лондоны Гатвик нисэх буудалд 18:25 BST-д газардахаар төлөвлөгдсөн байв.
Ослын газарт онгоцны үлдэгдэл, шатсан далавч, барилгын дотор гацсан томоохон хэсгүүд байсаар байна.

Эмч нар хэлэхдээ, хохирогчдыг танихын тулд төрөл садных нь ДНХ-нд тулгуурлаж байна гэжээ. Шүүх эмнэлгийн ажилтан зургаан хүний цогцсыг гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгсөн гэжээ. Заримыг нь нүүрний онцлогоор нь таньжээ.
Ослыг даван гарсан цорын ганц хүн болох Их Британийн иргэн Вишвашкумар Рамеш (40 настай) эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэрээр DD News-д ярилцлага өгөхдөө:
“Би амьд гарсандаа одоо ч итгэж чадахгүй байна. Эхэндээ үхэх нь гэж бодсон. Би нүдээ нээж, аюулгүйн бүсээ тайлж, гарахыг оролдсон” гэжээ.
Түүний зүүн гар түлэгдсэн бөгөөд зорчигч, багийнхан нь нүдэн дээр нь нас барж буйг харсан байна.
Харин хохирогчдын ар гэрийнхэн хайртай хүмүүсийнхээ талаарх мэдээг тэсэн ядан хүлээсээр байна.
Ослын үеэр онгоц Meghani Nagar хэмээх орон сууцны хороололд унасан бөгөөд саяхан хөөрсөн ч нөлөөлөл нь асар хүчтэй байсан ажээ. Эмх замбараагүй байдал 200 метр газарт тархжээ.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди ослын газар очиж, ойролцоогоор 20 минут саатжээ. Тэрээр сэтгүүлчдэд мэдэгдэл хийгээгүй ч өөрийн YouTube сувагтаа байрлуулсан бичлэгтээ ослын газраар явж, үлдэгдлийг үзэж байгаа нь гарчээ.
Эх сурвалж: BBC
Ч.ДӨЛГӨӨН