Эхлэл Мэдээ ТОЙМ: Л.Оюун-Эрдэнийг жагсагч залуус огцруулчихсан юм биш ээ
МэдээУлс төр

ТОЙМ: Л.Оюун-Эрдэнийг жагсагч залуус огцруулчихсан юм биш ээ

Хуваалцах
Хуваалцах

Тоймч: Д.ГАНСАРУУЛ

Энэ бүхэн яаж эхэлсэн бэ?

Л.Оюун-Эрдэнийг ард түмэн, “Ноорог”-ийнхон ч огцруулаагүй. Тэд зүгээр л “гүйцээж” өгсөн “гавьяат”-нууд. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинээр Засгийн газраа бүрдүүлж, төлөвлөж байсан гол ажлуудаа хөдөлгөж эхлэх үеэр л түүнийг эсэргүүцсэн “хөдөлгөөн” зөвхөн МАН дотор өрнөж эхэлсэн шүү!

Ялаа, батгана гэж хэлсэн нь үнэндээ намынхандаа “шидсэн” үг. Нам дотроо эрх мэдлийн савааг нь үл үзэгдэгч гарууд булаацалдаж эхлэх үеэр түүний PR баг буюу төрсөн ах гэгддэг Б.Баатарын хамаарал бүхий хүмүүс нь хүчтэй “ажиллаж” эхэлсэн. Янз бүрийн контент, ярилцлагууд өнөөх л сувгуудаар нь цацагдсан. Бид бүгд үзсэн шүү дээ. Л.Оюун-Эрдэнэ энэ үеэс улам вакумжиж, ард түмэн, иргэдээсээ “тасарч” холдсоон. Түүнд иргэд, олон нийтийн мэдээллийг үнэн бодитоор бус гуйвуулсан, худлаа мэдээлэл өгч, тархинд нь дайсны дүрүүдийг суулгаж эхэлсэн. Иргэд шинэ он гарангуут хоёронтоо жагсах гэж үзсэн ч сөргүүлсэн жагсаал, жагсаал булаах, жагсаал зохион байгуулагчдыг дарамталж, айлгах зэрэг “ажиллагаа”-нууд эрчимжсэн.

Дарангуйлал л даа. Дарангуйллын атгасан гараа иргэд дээр буулгасан. “Ноорог” гээд залуусыг Л.Оюун-Эрдэнэ түй ч танихгүй, тоох ч үгүй. Гэтэл Ерөнхий сайдын чихэнд хэн нь ч юм аймаар дайсан тодруулаад, өөрийнх нь эсрэг юм хийх гэж буй мэтээр манипуляци хийгээд итгүүлчихсэн.

Контент хийдэг залуусын асуудал тэгэсхийгээд намжсаан. Тэгтэл “Ерөнхий сайд гэр бүлээ Лондонд амьдруулдаг, тэндээ үл хөдлөх хөрөнгөтэй, жүжигчин эмэгтэйтэй БНСУ-д нууцаар хуримласан” гэх баттай, батгүй нь мэдэгдэхгүй шуугиан дэгдтэл аминдаа тэр бүхэнд тайлбар өгч, галыг намдаана гэж төлөвлөж Л.Оюун-Эрдэнэ “Өдрийн сонин”-д ярилцлага өгтөл “Тэр эмэгтэйтэй кофе уумаар санагдчихлаа” гэсэн өгүүлбэрийг нь л ард түмэн фокусалснаар Б.Баатарын гал намжаах аугаа тактик нь эсрэгээрээ бүр өрдчихсөн дөө. За, кофе ч яахав.

Дөрөвдүгээр сарын 11-ний жагсаалаас Л.Оюун-Эрдэнэ хэрхэн зугтаж, Х.Нямбаатар Сүхбаатарын талбайг яаж “хүчирхийлэв”?

Дөрөвдүгээр сар бол Монголын хамгийн онцгүй улирал шүү дээ. Хамгийн их шороотой, салхитай, сэрүүн, өвс ногоо цухуйгаагүй байдаг цаг. Гэтэл дээр дурдсан кофены асуудал намжихгүй, “Л.Оюун-Эрдэнийг огцруулах жагсаал дөрөвдүгээр сарын 11-нд болно шүү” гэсэн албан бус тов сошиалаар яваад эхлэв. Тэгтэл гэнэт “Засгийн газар бүс бүсэд очиж хуралдана” гэсэн мэдээ тарав. Ингээд Засгийн газрынхан хөдөө тийш хүлгийн жолоо залж, Төрийн ордон эзгүйрсэн ч иргэд “Жагсдагаараа жагсана шүү” гээд ярилцаад байв.

Тэгсэн чинь яасан гээч Х.Нямбаатар талбайд урьд хожид үзэгдээгүй асар том асрыг нэг шөнийн дотор босгож, Узбекистанаас тогооч нар авчраад будаатай хуурга үнэгүй идүүлж, араас нь цирк гэнэ үү, юу ч гэнэ үү элдэв юм зохиож талбайг эзэгнэн “хүчирхийлж” жагсагчид цуглах орон зайд халдаж, сэдлийг нь бууруулахыг хичээж байлаа. Энэ хооронд Засгийн газрынхан хөдөөгүүр хуралдаж байна гэсэн чинь хүндэтгэлийн тоглолт, хүлээн авалт ч болоод өргөн хэмжээний “найр” шахуу юм болж байлаа.

Хаврын хуурайшилтын үе эхэлж эх орны хаа сайгүй тал, хээр, ой шатаад, бүр дэргэдэх Богдхан уулын маань оройд хүртэл гал гарч, иргэд, гал сөнөөгчид хувинтай ус зөөж дээш мацав.

“Нисдэг тэрэг байдаггүй юм уу?” гэх асуулт яг л хуурай өвсөнд ассан гал мэт түгж нисдэг тэргээ сураглатал сайдууд хөдөөгүүр хуралдаандаа хөлөглөж яваа гэх юм дуулдаад ард түмэн тэсрэв ээ. “Энэ бол Засгийн газар хангалттай огцрох шалтгаан мөн” гэж бичиж байв. За ингээд, энэ үеэс гол юм эхэлнэ.

Бэрдээ баярлалаа

Chanel брэндийн цүнхний асуудал дэгдэв. Араас нь 20 саяын сүйн бөгж, үнэтэй машин, романтик гэрлэх санал… Та бүгд мэдэж байгаа.

Бэр охины Instagram-ийн сторинууд ар араасаа гарч ирээд байлаа. Шууд нэг дор биш, 1-2 хоногийн давтамжтайгаар нэг удаа 2-3 сторины screenshot зураг. Christmas буюу Зул сарын баяраар оруулсан стори нь хүртэл явж байснаас үзвэл Ерөнхий сайдын хүү болон бэрийг бүр өнгөрсөн жилээс овоо хараандаа оруулчихсан байжээ.

Тэр үеэс л Ө.Өгөөмөр (Ерөнхий сайдын бэр)-ийг столкердож байжээ. Нэг ёсондоо хадам аавыг нь унагах, намнах төлөвлөгөөний материалаа бүрдүүлж байсан гэсэн үг! Хэн столкердсон бэ? Мэдээж Л.Оюун-Эрдэнийн ойр дотны хүмүүс, намынхан нь. 2024 оны 12 дугаар сараас эхэлж “нууц материал” цуглуулж, дөрөвдүгээр сарын 22-нд болсон Сүй тавих ёслолыг нь хүртэл тагнасан байна.

Ингээд хангалттай материал цугларсан учир сторинуудыг эхнээс нь Гандангийн тагтаа хооллож буй мэт ганц хоёроор сошиалд шидэж эхлэв ээ. Угаасаа гомдолтой байсан “Ноорог”-ийнхон үүнийг соргогоор мэдэрч, “ОГЦРОХ АМАРХАН” гэх гоё жагсаал эхлүүлсэн.

Энэ бол нийгмийн захиалгат жагсаал байсан. Ард түмэн ч энэ мөчийг хүлээж байсан шүү. Тэгэхгүй бол нийгэм галзуурах байлаа. О.Уламсайхан гэх залуу харин ч уужуу, зөөлөн барилаар нийгмийн дэлбэрэлтийг нэг сувгаар гадагшлуулж, боловсон байдлаар жагсаж болдгийн жишгийг тогтоосоон. Хэн ч өөрийг нь “ноолсон” хүнийг дотроо бодож, тохиромжтой цаг гарвал хариу тонгорохыг “хүсдэг”. Үүнийг Улмаа сайн мэдэрсэн. Цаг үе нь ч тэгж таарсан. Нийгмийн сүлжээнд дэмжлэг ч сайтай байсан нь зориг оруулсан байх. Жагсагчид бараг 17, 18 хоног жагсаад байж байтал УИХ-ын хурлын дарга Төрийн ордонд жагсагчдын төлөөллийг хүлээж авсан. Гарч ирээд дараа хоёр өдөр нь жагсаагүйг санаж байгаа байх.

Гэхдээ жагсагчид Төрийн ордноос гарч ирээд “Л.Оюун-Эрдэнийг огцрох хүртэл жагсаал үргэлжилнэ шүү” гэж анхааруулсан. Энэ бол “УИХ-ын дарга аа, мурив аа” гэсэн сануулга байв. Жагсагчид шууд л хоёр хоног жагсаалаа зогсоосноос үзвэл Спикер тэдэнд хүсээд байсан хариуг нь өгсөн гэсэн үг. Парламент та нартай хамт гэж хэлсэн. Энэ үеэс жагсагчдын санаа амарсан л даа. Мэдрэгдсэн. Ингээд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэхийг парламент үүрийн 04 хүртэл хэлэлцэв. Туркменистаны ерөнхийлөгчийн айлчлал давхцаж байв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалаар ирсэн зочноо хүлээж аваад өдөржингөө завгүй байлаа. Ингээд 21:00 цагийн үед төрийн айлчлал өндөрлөж, зочин буцлаа гэсэн мэдээ Ерөнхийлөгчийн пэйжид нийтлэгдсэний дараа цаг гаруй хугацаа өнгөрч байтал Ерөнхийлөгч чуулганы танхимд ороод ирэв ээ. Түүнийг орж ирэхээс өмнө Ж.Чинбүрэн гишүүнээс бусад МАН-ын гишүүд засгаа унагахгүй, “Та минь яагаад ингэж удав аа…”, “Хайрт Ерөнхий сайд минь дэмждэг шүү” гэх утга уянгын “драм” тавьж байлаа. Ерөнхийлөгч 25, 26 минутын турш юм ярьчихаад гараад явснаар Ерөнхий сайдын асуудал нэг мөр шийдэгдсэн дээ. Зохиолын төгсгөл л дөө. Зохиол ингэж дууссан юм. Болсон үйл явдлыг тоймловол ийм.

Л.Оюун-Эрдэнийг тойрон хүрээлэгчид нь хорлож, нам дотроос нь “намнасан”

Л.Оюун-Эрдэнийг анх Ерөнхий сайд болоход нийгэм сайн хүлээж авсан шүү дээ. Наяад оны залуу, өөр байх, залуу хүнд итгэе гэцгээж байсан. Гэтэл эрх мэдэл атгангуутаа дарангуйлагч болоод хувирчихсан. Амнаас нь байнга муу ёрын “Амаргүй…” гэх үг унана. Хаана, бооно, татвар нэмнэ, 50 саяар торгоно, шалгана, хорино…гэдэг болов. Татвар бол Монголын ард түмнийг сөхрүүлж байна.

Өргөн хэрэглээний бараа 10-100, 200 дахин өссөн. Долларын ханш дийлдэхээ больж, утаа багасах биш улам нэмэгдэж, энд тэнд айлууд гал голомтоороо угаартаж байлаа. Ханиад томуу дийлдэхээ байж эцэг эхчүүд зовж шаналж байхад “Эмчийн бичиггүй бол эм битгий олго наадуулдаа. Эмийг замбараагүй хэрэглээд байна” гэсэн. Ханиадны эм авахдаа хүртэл эмийн санд “байцаалт” өгч байлаа. Энэ бол Л.Оюун-Эрдэнэ огцрох ёстой 10000 шалтгааны зөвхөн нэг нь. Авлигын индексээр олон байр ухарч, хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх үндсэндээ байхгүй болсон. Дэлхий “Бид Монголыг ардчиллаас алдлаа” гэж халагласан нь энэ бүхнийг бататгаж байна. Энэ мэтээр Л.Оюун-Эрдэнийн харгис, дарангуйлалтай шийдвэрүүдийг жагсааж бичнэ гэхээс дотор муухайрч байна. Энд хүргээд орхиё!

Түүнд Ж.Баярмаа гишүүн “Та ард түмнээсээ хэт тасраад байна, вакумжаад байна шүү” гэж уг нь үнэнг нь л хэлсэн.

Гэтэл Ж.Баярмаа гишүүнийг “С.Баярцогт” гэж зориуд нэрлэж, чуулганы танхимд ард түмний төлөөлөгчийг үл хүндэтгэсэн нь бүхэлдээ парламентыг дорд үзсэн үйлдэл болсон. Л.Оюун-Эрдэнэ үнэндээ ард түмнээсээ мэдээлэл, амьдрал, хэрэглээ, санхүү зэрэг бүх юмаараа тасарчихсан, холдчихсон байсан нь үнэн. “Амаргүй, хэцүү байна” гэж байнга улиглаж, татвараар дарладаг байсан Ерөнхий сайд болон түүний хүү хэрхэн тансаглаж, төгрөгийг нойлын цаас шиг гамгүй “хэрэглэдэг” байсныг хараад нийгэм дээд цэгтээ тултал бухимдсан.

Тэр сторинууд бол МАН-ынхны дотроосоо хийсэн “ажиллагаа”. Хэн захиалаад, хэн хэн гүйцэтгэсэн бэ гэдэг нь бараг ил болчихсон. Л.Оюун-Эрдэнэ хэн хэн Түгжилдсэнийг нөгөөдөр харах биз.

Тиймээс Л.Оюун-Эрдэнийг ард түмэн, “Ноорог” огцруулаагүй ээ. “Кино зохиол” бүр 2024 оны 10 дугаар сараас бичигдэж эхэлсэн юм аа. Л.Оюун-Эрдэнэ магадгүй “Ноорог”-ийнхон гэсэн цовоо сэргэлэн, мэдлэгтэй залуусаар анхнаасаа оролдоогүй бол тэд “Chanel”-ийн дуулианыг дөрөөлөөд талбай дээр гарч ирэхгүй ч байсан юм билүү, хэн мэдлээ. Ж.Баярмаа гишүүний хэлдгээр “Баяраа өөрөө л ойчсон” гэдэг шиг Л.Оюун-Эрдэнэ чи өөрөө л ойчсон шүү.

Өөрөө өөрийнхөө толгойг өөрөө мэдээд, ард түмэнтэйгээ ойр, тэднийгээ хайрладаггүй юмаа гэхэд дарлахгүй мөрөөрөө урдах ажлаа хийгээд явсан бол өнөөдөр чи Ерөнхий сайд хэвээрээ байх байлаа. Чи бүрдүүлсэн баг, тойрон хүрээлэгчид, зөвлөгөө өгдөг “ах” нараа нэг анзаарч хараарай. Наадуул чинь чамайг вакумжуулж, чамд хий хоосон дайсан гаргаж ирж, манипуляцидаа оруулж байлаа.

Эцсийн эцэст чи өөрөө үзэл бодолдоо үнэнч, ард түмнээ гэсэн ядаж 0.0001% сэтгэлтэй, потенциалтай байсан бол хэний ч нөлөөнд автахгүй. Чи намынхныхаа тавьсан суманд оногдож, тойрон хүрээлэгчдийнхээ хоронд “хордчихлоо”.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
Мэдээ

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 5709 боллоо

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм....

Мэдээ

“Талын салхи” олон улсын мото фестиваль эхэллээ

“Талын салхи” олон улсын мото фестиваль жанжин Д.Сүхбаатарын талбайд эхэллээ. Энэ удаагийн...

Мэдээ

Триллер, детектив зохиол сонирхогчдын хүсэлтээр хэвлэгдсэн “ХАНДОЛИН”, “МАДРИАНА, ТЭНҮҮЛЧИН ХОЁР”

Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч, Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Д.Гансаруулын ТРИЛЛЕР,...

МэдээӨв соёл

ИРЭХ ЛХАГВА ГАРИГТ БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧЭН ӨДӨР ТОХИОНО

Аргын тооллын 06-р сарын 11-нд Билгийн тооллын зуны тэргүүн сарын 15-нд өдөр...