Гадны хэвлэлүүдэд Монголд өрнөж буй “ОГЦРОХ АМАРХАН” жагсаалын тухай мэдээллэсээр байна. Манай Можо Дижитал-ТВ эдгээр мэдээллийг цувралаар орчуулан хүргэх болно.
Улаанбаатар (AFP) – Энэ долоо хоногт Монгол Улсын нийслэлд хэдэн зуун залуус цуглан, авлигын хэрэгт холбогдсон хэмээн Ерөнхий сайдаа огцрохыг шаардан жагслаа. Энэ нь тус ардчилсан, далайд гарцгүй улсад олон жилийн турш иргэдийн дургүйцлийг төрүүлсэн асуудал байсаар ирсэн.
Монгол Улс олон арван жилийн туршид тогтмол авлига, нүүрсний уурхайн өсөлтөөс олсон ашиг орлогыг цөөнхийн дунд хуваарилж буй гэх өргөн хүрээний ойлголттой тэмцэж ирсэн. Энэ нь байнгын жагсаал, тэмцлийг өдөөж байна.
2021 оноос хойш эрх барьж буй Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн үед Монгол Улс Транспэрэнси Интернэшнл байгууллагын Авлигын төсөөллийн индексээр доош унасан.

Олон нийтийн дургүйцлийг улам нэмэгдүүлж буй бас нэг шалтгаан бол Ерөнхий сайдын гэр бүл төрийн албан хаагчийн орлогоос хэтэрсэн тансаг амьдралтай байгаа тухай мэдээлэл. Энэ нь түүний хүүгийн найз охин тансаг төрсөн өдрийн бэлгийн талаарх сошиал медиа пост оруулснаар эхэлжээ.
Ерөнхий сайдын тамгын газар AFP агентлагт өгсөн мэдэгдэлдээ дээрх мэдээллийг “эрс няцааж”, үүнийг “гүтгэлэг” хэмээн нэрлэсэн байна.
Гэсэн хэдий ч ихэнх нь залуучууд болох хэдэн зуун хүн найм хоног дараалан Улаанбаатар хотын төв Сүхбаатарын талбайд (Чингис хааны талбай гэж ч нэрлэдэг) цуглан Ерөнхий сайдыг огцрохыг шаардаж байна.
“Ерөнхий сайд огцрох ёстой,” гэж жагсаалыг зохион байгуулагч 24 настай О. Уламсайхан AFP-д ярьжээ. “Бидний зорилго бол төрийн албан хаагчийн ёс бус үйлдэл нь хариуцлага хүлээж, огцрох шалтгаан болдог шинэ улс төрийн соёлыг бий болгох юм,” гэж тэр хэлэв.
Мөн ард түмний бухимдлыг улам нэмэгдүүлж буй зүйл бол эдийн засгийн нөхцөл байдал болон амьжиргааны өртөг юм. ОХУ-ын Украинд халдан довтолсноос хойш үүссэн хямралын улмаас инфляцийн түвшин өнгөрсөн онд есөн хувьд хүрсэн тухай Монцамэ агентлаг мэдээлжээ.
“Залуу хүмүүс амьдралаа залгуулах гэж маш их хөдөлмөрлөж байна,” гэж жагсаалд оролцсон, 19 настай их сургуулийн оюутан О. Хулан хэлэв. Тэрээр “огцрох амархан” гэсэн бичигтэй лоозон барьжээ.
“Гэтэл Ерөнхий сайдын хүү болон түүний найз охин тансаг амьдралтай байхад би хуучин эд зүйл зардаг дэлгүүрээс цүнх авч байна. Энэ үнэхээр шударга бус санагдаж байна,” гэж тэр нэмэв.
“Залуус бол Монголын ирээдүй. Бид ирээдүйгээ сайхан болгохын төлөө дуу хоолойгоо хүргэх ёстой. Тиймээс л би жагсаалд оролцож, үзэл бодлоо илэрхийлэхийг хүссэн,” гэж тэр тайлбарлалаа.
Ч.ДӨЛГӨӨН, Д.САРУУЛ
Эх сурвалж: https://www.france24.com/en/live-news/20250522-young-mongolians-demand-pm-resign-over-corruption-claims