50-иас дээш насныханд, ялангуяа 60, 70 насныханд илэрдэг нэг том дутагдал бий. “Бүгдэд нь хүрэлцэнэ, сууж байгаарай” гэж хүн хэлээд сануулаад байхад ангаж, цангасан мал шиг дайрч, зүтгэдэг. “Хүн бүрт нэг нэгийг тараана” гэхэд “Манай охинд нэгийг өгчих үү, тэгэх үү? Ирж амжаагүй юм аа” гэх мэтээр нэмж, илүүг авах сонирхолтой. Эсвэл “Миний хүү нааш ир, надад өг” гэж тэмцэлдэж зүтгэнэ. Энэ дүр төрхийг хөндлөнгөөс харахад үнэгүй тарааж буй юман дээрээс ч хүртэл хонжоо харж “Би л үлдчих вий” гэсэн айдастай. Энэ үед тэдний царайнд жинхэнэ дотор хүнийх нь төрх гарч ирж байгаа юм. Өрөвдмөөр дүр төрх гаргаж, илүүг авах эсвэл бусдаас түрүүлж гүйж, шавж өрсөж юмтай болох гэсэн өрсөлдөөн, уралцаан.
Энэ бол хувь хүний зан чанараас гадна түүхэн, нийгмийн, сэтгэлзүйн олон хүчин зүйлтэй холбогдсон нийгмийн үзэгдэл юм.
60, 70 настнуудын буруу биш л дээ. Нийгмийн нөлөө орсон гэж үзэж болох ч тохьтой хөгшчүүд тэдний дунд байгаа байгаа. Хөгшчүүд яагаад үнэгүй юм харахаар ноён нуруу нь хугарч, нүд нь улаан цагаанаараа эргэлддэг, сонгуулийн үеэр 20.000 төгрөг өгсөн намыг дугуйлж саналаа худалддагийн цаана хэд хэдэн учир байна. Аль болох ойлгомжтой тайлбарлая.

Соёл, түүхийн нөлөө:
Зөвлөлт, социализмын үед хүмүүс бүгд ижил тэгш байхыг шаардаж, дутагдалтай, өлөндүү амьдарч байсан. Эдийн засгийн хомсдол, дараалалд зогсож юм авдаг дадал нь “юмыг авбал ав, бүү хойшлуул” гэсэн гүн сэтгэхүй бий болгосон. Энэ нь зах зээлийн шилжилтийн үед улам хүчтэй илэрсэн. Илүү авбал ашиг, хожих гэдэг хандлага бий болсон.
Амьдралын туршлагаас үүдэлтэй айдас:

Тэр үеийн хүмүүс олон удаа юмаа алдаж, боломжоо ашиглаж чадахгүй хоцорч байсан. Тэгэхээр одоо “илүү авбал дараа хэрэг болно” гэдэг сэтгэл зүй нь өөрийн эрхгүй илэрч байгаа нь тэр. Үүнийг тэд ухамсартайгаар хийхгүй байж ч мэднэ.
Үнэгүй эд зүйл биш, харин “анхаарал, хүндлэл” авмаар байгаа хэрэг
Тэдний хувьд үнэгүй юм гэдэг зүгээр ч нэг юм биш. Харин “надад ч бас өглөө, намайг ч гэсэн тоолоо” гэдэг сэтгэл ханамжийг авч байгаа хэрэг. Илүүг гуйх нь заримдаа хайрыг илүү хүсэж буй дохио байж болдог.
Зарим нь:
Өндөр настнууд бүгд ийм биш ч, зарим ахмадууд өөрийгөө хяналттай авч явах, дараалал хүндэтгэх тал дээр илүү эмзэг байж мэднэ. Сэтгэлзүйн уян хатан чанар нь залуу хүн шиг биш учир.
Гэхдээ: энэ насны хүн бүр ийм биш
Маш олон ухаалаг, тайван, уужуу настай хүмүүс бас байгаа. Ахмадуудын адайр ааш, дараалалд тэвчээргүй занд залуу үе нь дургүй. Гэвч энэ бол бүхэл бүтэн үеийг бүхлээр нь буруутгах үндэслэл биш л дээ. Энэ бол нийгмийн сорви, системийн нөлөөний илрэл юм. Одооны энэ “гангстер” өвөө эмээ нар бол насыг нь хөөвөл 1990-ээд онд 30-40 насны залуус л байсан гэсэн үг.

1990-ээд оны эдгээр залуусыг одоо бид хүмүүжүүлнэ, засна гэж байхгүй. Гэхдээ хэлж, ойлгуулж байх хэрэгтэй. Яагаад гэвэл эд бол нийгмийн нэг хэсэг. Нөгөө талаар бидний үр хүүхэд, ач зээ нартайгаа өдөр тутам тулж “ажиллаж” байгаа гол хүмүүс учир тэдний сайн, саар тал үр удамд нь нөлөөлөх нь дамжиггүй. Монголд 60, 70 настай хүмүүсийг ахмад гэж үздэгээс биш Европт дундаж нас. 100 насалдаг хүн амтай Японд бол залуу нас. Тиймээс Монголын 60, 70 настай “залуус”-аа та нарт гангстер зангаа засаж, засрах боломж байгаа шүү! Дараалалд зогсохдоо соёлтой, хүлээцтэй байгаарай. Бид илүү эрх чөлөөтэй, элбэг хангалуун нийгэмд амьдарч байгаа билээ.
Д.ГАНСАРУУЛ
Шог зургийг Гашуунбаатар
