Эхлэл Мэдээ БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Чойжин ламын сүм музейд зочлов
МэдээУлс төр

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Чойжин ламын сүм музейд зочлов

Хуваалцах
Хуваалцах

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг өнөөдөр (2025.04.29) И Тэ Жүн эмчийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд зочилж, хүндэтгэл үзүүлэв.

И Тэ Жүн нь Богд хаант Монгол Улсын үед буюу 1914 онд нийслэл Хүрээнд эмнэлэг ажиллуулж байсан эмч бөгөөд нийтийн дунд дэлгэрээд байсан өвчнийг анагаан алдаршиж байжээ. Түүний алдар гавьяа, монголчуудын төлөөх сэтгэл зүтгэлийг нь үнэлж, Монголын эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагт Тэргүүн зэргийн “Эрдэнийн Очир” одон, түшмэлийн зэргээр шагнаж байжээ. И Тэ Жүн эмч 38 насандаа таалал төгсөх хүртлээ VIII Богд Жавзандамба хутагтын ойрын хүрээлэлд ажиллаж байсан аж.

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газраас түүний дурсгалыг хүндэтгэн 2001 онд И Тэ Жүн эмчийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг Улаанбаатар хотноо байгуулсан бол 2009 онд тус цэцэрлэгт хүрээлэнд БНСУ-ын Эх оронч, ахмад дайчдын хэрэг эрхлэх агентлагийн дэмжлэгээр дурсгалын музей байгуулжээ.

Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг тэргүүтэй хүндэт зочид И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Дараа нь тус дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд баригдаж буй хүндэтгэлийн танхимд саатан И Тэ Жүн эмчийн намтар, түүхийн талаарх баримтат нэвтрүүлэг үзэж, хүндэтгэлийн танхимын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, дурсгалын музейг үзэж, сонирхсон юм.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг тэргүүтэй хүндэт зочид дараа нь Монголын бурхны шашны түүх, соёлд холбогдох хосгүй үнэт өвийн нэг Чойжин ламын сүм музейд зочилж, Махранз сүм, Гол ба Занхан сүм, Зуугийн сүм, Ядам сүмийг үзэж сонирхов.

Хүндэт зочдыг Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн угтан авч, Монголын түүх, шашин, соёлын хосгүй үнэт өв, дахин давтагдашгүй үзмэрүүдийг тайлбарлан танилцуулсан.Өдгөөгөөс 110 жилийн тэртээ байгуулагдсан тус сүмийг 2000 онд бие даасан музей болгосон бөгөөд сан хөмрөг дахь түүх, соёлын өв, шашны уламжлал зан заншлыг илэрхийлсэн 6000 гаруй үзмэрийн 77 нь “Монгол Улсын түүх, соёл хосгүй үнэт дурсгал”-ын жагсаалтад багтдаг байна.

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал 2025 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргын түвшинд 12 жилийн дараа хэрэгжиж буй тус айлчлал нь хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМАНД ЭРЛИЙН АЖИЛЛАГАА 12 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ОБЕГ: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Машийн ам” гэдэг газраас...

ГадаадУлс төр

JAPAN ESPECIALS: Нөмрөгийн дархан цаазат газарт 528.700 гаруй га газар шатсан нь Токио хотын нутаг дэвсгэрээс хоёр дахин их талбай юм

Японы хэвлэлүүд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн асуудлыг хөндөж байна. “JAPAN...

МэдээНийгэм

МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye”...

Улс төр

Монгол Улс IDA-ийн хандивлагч орон боллоо: Энэ нь ямар ач холбогдолтой вэ?

Дэлхийн банк 2026 оны аравдугаар сарын 17-нд Монгол Улс Олон улсын хөгжлийн...