Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны (2025.04.22) хуралдаан гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр эхэлж, Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Жагсаал, цуглаан зохион байгуулах журмын тухай хуулиар “Жагсаал, цуглааныг Монгол Улсын иргэн, улсын бүртгэлд бүртгэгдсэн улс төрийн нам, төрийн бус байгууллага зохион байгуулах эрхтэй” гэснийг Монгол Улсын иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага санаачлах, зохион байгуулах, оролцох эрхтэй байхаар өргөжүүлж байгаа юм байна.Хүчин төгөлдөр хуульд жагсаал, цуглаан зохион байгуулах, санаачлах асуудал нь тодорхой хүрээ хязгаартай, тухайлбал улс төр, нийгэм, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөөтэй холбогдсон асуудлаар гэж тусгайлан заасныг өөрчилж, ямар ч асуудлаар жагсаал, цуглаан хийж болох зохицуулалтыг төсөлд тусгажээ.Жагсаал, цуглааны төрөл, хэлбэр болох аяндаа бий болсон, зэрэгцсэн, эсрэг жагсаал, цуглааныг хүлээн зөвшөөрөх тэдгээрийн аюулгүй байдлыг хангах, хэв журам хамгаалахтай холбоотой зохицуулалтыг хуульчлах нь зүйтэй хэмээн үзсэн байна.Бүртгүүлэх нэртэй боловч зөвшөөрөл авдаг тогтолцоог халж, зөвхөн авто замын зорчих хэсэгт зохион байгуулах бол урьдчилан мэдэгдэж, хариу авсны үндсэн дээр, хуулиар хориглосноос бусад газар зөвхөн мэдэгдэл хүргүүлснээр зохион байгуулдаг болохоор төсөлд тусгасан болохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулав.
Мэдэгдэл хүлээн авах, хариу өгөх, хууль бус жагсаал, цуглааныг албадан тараах эрх бүхий этгээд нь Засаг дарга буюу улс төрийн албан тушаалтан байгааг өөрчлөх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Тодруулбал, мэдэгдэл хүлээн авах этгээд нь цагдаагийн байгууллага байх бол албадан тараах эрх бүхий этгээдээр цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн, тухайн шатны Засаг даргын Тамгын газрын дарга шийдвэр гаргадаг болгох нь зүйтэй хэмээн үзсэн гэв.Хориглолт, хязгаарлалтыг тодорхой болгохоор төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан байна. Нийтийн хэв журмыг хангах, үндэсний аюулгүй байдал, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, аюулгүй байдлыг хангах шаардлагаар зөвхөн хуулиар хориглолт, хязгаарлалтыг тавихыг зөвшөөрөх юм байна. Жагсаал, цуглаан хийх эрхийг хориглосон, хязгаарласан захиргааны акт баталж, мөрдүүлэхийг хориглохоор төсөлд тусгажээ.Зөвхөн хуульд заасан үндэслэлээр албадан тараах, ингэхдээ тус ажиллагааг баримтжуулах, урьдчилан сануулах, оролцогчдын хувийн байдалд тохирсон арга хэмжээ авах, аль болох хамгийн бага хүч хэрэглэх аргыг сонгох, тус ажиллагааг хэрэгжүүлсэн талаар олон нийтэд мэдээлэл өгдөг байх харилцааг хуульчлах нь зүйтэй хэмээн үзснийг илтгэлдээ дурдсан.
Байнгын хорооны хуралдаанаар Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Улсын Их Хурлын 12 гишүүний 75 хувь нь дэмжив. Үргэлжлүүлэн хамт өргөн мэдүүлсэн Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дотоодын цэргийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Дайны байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэхээр санал хураалт явуулахад өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.