Энэтхэгийн өглөө бүрийн сонинд зам тээврийн ослын тухай харуусалтай мэдээнүүд дүүрэн байдаг. Зорчигч тээврийн автобус уулын хавцал руу унах, согтуу жолооч явган зорчигчдыг мөргөх, автомашин суудалгүй зогсож байсан ачааны машинд мөргөлдөх, хоёр дугуйтай тээврийн хэрэгсэл том оврын машинд шүргүүлэх зэрэг ослууд өдөр тутмын энгийн зүйл мэт болжээ. Энэ өдөр тутмын эмгэнэл нь чимээгүй хямралыг илтгэнэ.
Зөвхөн 2023 онд л гэхэд 172,000 гаруй хүн зам тээврийн ослоор амиа алдсан нь өдөрт дунджаар 474 хүн буюу бараг 3 минут тутамд нэг хүн нас барсан гэсэн үг юм. Хэдий албан ёсны тайлан хараахан гараагүй ч Зам тээвэр, хурдны замын сайд Нитин Гадкари энэ тоог арванхоёрдугаар сард болсон замын хөдөлгөөний аюулгүй байдлын арга хэмжээнд дурдсан.
2023 онд нас барсан хүмүүсийн дунд 10,000 хүүхэд байсан бол сургуулиуд, коллежийн орчим болсон ослуудаар дахин 10,000 хүн амиа алджээ. Мөн 35,000 явган зорчигч нас барсан байна. Хамгийн их хохирол амссан нь хоёр дугуйт унадаг хүмүүс байв. Хэт хурдтай хөдөлгөөн хамгийн нийтлэг шалтгаан болсон.
Аюулгүй байдлын үндсэн арга хэмжээ зөрчигдсөн нь ч олон хүний аминд хүрсэн:
54,000 хүн дуулга зүүгээгүйгээс,
16,000 хүн суудлын бүс зүүгээгүйгээс болж амиа алдсан.
Бусад гол шалтгаанууд:
12,000 үхэл хэт ачаалалтай тээвэрлэлтийн улмаас
34,000 осол жолооны үнэмлэхгүй жолооч нарын буруутай үйлдлээс
2021 онд ослуудын 13% нь дадлагын жолооч эсвэл үнэмлэхгүй хүнтэй холбоотой байжээ. Хуучирсан, аюулгүйн тоноглолгүй автомашинууд (суудлын бүс, аваарын дэр байхгүй г.м.)
Энэтхэгийн замын ээдрээтэй дүр зураг: Машин, автобус, мотоцикл, унадаг дугуй, тэрэг, явган зорчигч, мал амьтан, тэр ч байтугай гудамжинд худалдаа хийж буй хүмүүс хүртэл бүгд нэг зам дээр зэрэгцэн орших нь аюулыг улам нэмэгдүүлдэг. Замын хөдөлгөөний эмх замбараагүй байдал нь нөхцөл байдлыг улам хүндрүүлдэг. Энэхүү аюул нь зөвхөн замын чанарт биш, харин хүний зан байдал, хяналт сул, системийн анхааралгүйд оршдог гэж шинжээчид үзэж байна. Зам тээврийн осол нь Энэтхэгийн эдийн засагт жил бүр ДНБ-ийхээ 3 хувийг алдахад хүргэдэг.
Ч.ДӨЛГӨӨН
Эх сурвалж: BBC