Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан гишүүдийн 59.1 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэв.
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр хуралдаан эхэлж, ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг танилцууллаа.Засгийн газраас 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг 4 дүгээр сарын 04-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслөөс бусад хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороодод шилжүүлсэн. Хууль зүйн байнгын хороо дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулахдаа хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох шийдвэрийг гаргасан юм. Г.Уянгахишиг гишүүн тус ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат П.Сайнзориг нар ажилласан байна. Ажлын хэсэг хоёр удаа хуралдахдаа хууль санаачлагч болон хуулийн төслийг боловсруулахад оролцсон ажлын хэсгээс зарим тодруулгыг авсан хэмээн Г.Уянгахишиг гишүүн танилцууллаа.
Ийнхүү гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа ажлын хэсгээс ирүүлсэн хоёр саналаар санал хураалт явууллаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 дахь хэсэгт заасны дагуу Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн холбогдох зүйлийн хүрээнд хууль зүйн дүгнэлт гаргуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулахаас өмнө дээрх хуулийн төслүүдийн талаар холбогдох байгууллагуудын саналыг авах ажлын хэсгийн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь дэмжив. Ажлын хэсгийн саналууд дэмжигдсэн тул Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар хууль зүйн дүгнэлт гаргуулах Байнгын хорооны шийдвэрийг Улсын Их Хурлын Тамгын газарт хүргүүлж, мөн холбогдох байгууллагуудаас хуулийн төслүүдийн талаарх саналыг авахаар тогтов.
Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав.
Шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль зүй, эдийн засаг, нийгэм болоод бусад баталгааг бүрдүүлэх үүднээс холбогдох бусад хуульд нийцүүлэн хуулийн төслийг боловсруулжээ. Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтээр .“Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт “… Шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнсэн бөгөөд хуулийн мөн хэсгийн “…шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 60 нас байх ба 55 насанд хүрсэн эсхүл шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэсэн зохицуулалтын талаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн үндэслэл хэсэгт тухайлан дурдаагүй гэлээ. Ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, 84.5 дахь хэсэгт заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгохтой холбогдох харилцааг Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгтэй нийцүүлэн шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 65 нас байх ба холбогдох хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн бол тэтгэвэр тогтоолгож болохоор, мөн одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн зохицуулалтын дагуу нас харгалзахгүйгээр шүүгчээр 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан гэв. Мөн Хууль тогтоомжийн тухай хуульд заасан журмын дагуу хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хуулийн нэр томьёог хоёрдмол утгагүй, товч тодорхой илэрхийлэх нийтлэг шаардлагын хүрээнд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7 дахь хэсэгт холбогдох өөрчлөлтийг тусгажээ.
Цахим орчин дахь өсвөр үеийнхний үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, сэтгэл санааны хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх Боловсролын сайдын болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны мэдээллийг энэ өдрийн хуралдааны төгсгөлд сонсов.Үндсэн хууль болон Монгол Улсын нэгдсэн орсон олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хангах, эрхийг зөрчихөөс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүргийн дагуу Улсын Их Хурлаас 2024 онд Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан болохыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр танилцууллаа. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 25 дугаар зүйлээр хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчин дахь хүүхэд хамгаалалтай холбоотой харилцааг зохицуулж байгаа боловч цахим орчинд хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалах, цахим орчин дахь бэлгийн хүчирхийлэл, зүй бус зар сурталчилгаа, хуурамч мэдээ, мэдээллээс хамгаалах, сөрөг агуулгатай контентын хандалтыг хязгаарлах, арилгах талаарх эрх зүйн харилцааг цогцоор нь тусгайлан зохицуулаагүй байгааг дурдав. Түүнчлэн тодорхой насны хязгаарлалттайгаар нийгмийн сүлжээний платформуудыг ашиглах талаар хуульд зохицуулалт тусгагдаагүй гэдгийг онцоллоо.Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын талаар үндэсний суурь судалгааг 2020 онд хийсэн бөгөөд 7-12 настай хүүхдүүдийн 50 хувь, 13-18 настнуудын 77 хувь нь фэйсбүүк хэрэглэдэг бөгөөд тэдгээрийн 87 хувь нь тодорхой төрлийн цахим халдлагад өртсөн гэжээ. Цахим орчин дахь хүүхдийн эсрэг гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, урьдчилан сэргийлэх арга замын талаарх 2021 оны судалгаагаар өсвөр үеийнхний 92 хувь нь интернет хэрэглэдэг бөгөөд хамгийн эрсдэлт орчноор интернэт хэмээн тодорхойлсон байна. Мөн судалгаанд оролцсон хүүхдүүдийн 14.6 хувь нь цахим орчинд хүчирхийлсэн, басамжилсан, садар самуун агуулгатай үйлдэл хийхийг шаардсан халдлагад өртөж байжээ.
Харилцаа холбооны зохицуулах хорооноос хийсэн “Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал ба зохицуулалт” судалгаанд дурдсанаар 13-18 насны судалгаанд оролцогчдын 71 хувь нь өдөр бүр цахим орчинд давтамжтай нэвтэрдэг. Үүний 96 хувь фэйсбүүк, 89 хувь нь фэйсбүүк месенжер ашигладаг гэсэн байна. Мөн 13-18 насны хүүхдүүд гэртээ, интернэтэд орохдоо аав, ээжийн эзгүйд орох хандлага хамгийн өндөр буюу 89 хувь байдаг гэжээ. Судалгаагаар хүүхдүүдийн 87 хувь нь цахим орчны халдлагад өртөж байсан, тэдгээрийн 59 хувь нь эцэг, эхдээ хэлдэггүй, мөн хүүхдүүдийн 67 хувь нь нэгээс олон хаягтай байдаг гэв. Хүүхдүүдийн 61 хувь нь илүү хаягаараа бусадтай чатлах, 36 хувь нь нийгмийн сүлжээг эцэг, эхийн хяналтгүйгээр ашиглах зорилготой гэсэн судалгааны дүн гарсан байдгийг Боловсролын сайд танилцуулав.Үргэлжлүүлэн П.Наранбаяр сайд олон улсын туршлагын талаар мэдээллээ. Австралийн Засгийн газар 2024 оны 11 дүгээр сард “Нийгмийн сүлжээний хамгийн бага насны хязгаар”-тай холбоотой хуулийг баталж 16-аас доош насны хүүхдийг нийгмийн сүлжээнд нэвтрэхийг бүрэн хоригложээ. Энэ хууль 2025 оны 12 дугаар сараас хэрэгжиж эхлэх юм байна. Австрали хүүхдүүдийн 80 хувь нь Youtube, TikTok, Instagram, Snapchat зэрэг платформуудыг ашиглаж байсан бөгөөд ямар нэгэн насны хязгаарлалт, хяналтын нэмэлт механизмгүй. Улмаар хүүхэд аливаа мэдээллийг шүүлтүүргүй хүлээн авах, гэмт хэргийн хохирогч болох эрсдэл үүсгэж байсан хэмээн үзжээ. Франц Улс 15-аас доош насны хэрэглэгч нийгмийн цахим сүлжээнд нэвтрэхдээ заавал эцэг, эхийн зөвшөөрөл шаарддаг болсон. Мөн АНУ, Австрали, Япон, Итали, БНСУ, Швед, ОХУ, ИБУИНВУ, БНХАУ зэрэг улс цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах талаарх бодлогоо тодорхойлж, нарийвчилсан зохицуулалт бүхий хууль батлаад байгаа хэмээлээ.