Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.04.15/ хуралдаан 10 цаг 53 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал даргалан явууллаа. Хуралдааны эхэнд Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцэв.Тайланг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах зорилгоор нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар иргэдээс гаргасан өргөдлийг цахим системээр хүлээн авна гэсний дагуу өргөдлийг хүлээн авсан. Нийт 71,452 иргэн гарын үсэг зурснаар нийтийн сонсгол хийх эрх зүйн орчин бүрдсэн. Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 7 дугаар тогтоолоор агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Ц.Баатархүү, П.Батчимэг, Б.Бат-Эрдэнэ, А.Ганбаатар, Г.Ганбаатар, М.Ганхүлэг, С.Замира, Ж.Золжаргал, С.Лүндэг, М.Мандхай, Л.Мөнхбаясгалан, З.Мэндсайхан, Б.Найдалаа, А.Ундраа, Б.Уянга, О.Саранчулуун нар ажилласан гэв.
Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан, сүүлийн 20 гаруй жил утааг бууруулах чиглэлээрх санал санаачилгыг гаргаж, холбогдох тогтоол шийдвэрүүдийг баталсан. Гэвч утаанаас болж 779 иргэн амь насаа алдаж, 5 тэрбум төгрөгийг утааг бууруулахад зарцуулсан боловч үр дүнд хүрээгүй тул энэ удаагийн парламент манлайлал үзүүлж агаарын бохихрдлыг бууруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авахыг уриалав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, түлш, хийг ашиглаж л байвал утаа гарах нь дамжиггүй. Иймд нийслэлийн утааны хүлээн зөвшөөрөх хэмжээг тогтоож, түлш, зуух, утаа мэдрэгч, яндангийн техникийн зохицуулалтыг баталж, хяналт тавихад анхаарах шаардлагатай гэсэн санал хэлж байлаа. Ингээд ажлын хэсгийн тайланг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Дараа нь “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн. Тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл сэдэвт Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулсантай холбогдуулан Засгийн газарт тодорхой асуудлаар чиглэл өгөх нь зүйтэй хэмээн ажлын хэсгээс үзсэн учраас Улсын Их Хурлын тогтоолын төслийг бэлтгэснийг дурдлаа.Төсөлд угаарын хий мэдрэгчийг гэр хорооллын айл бүхэнд байршуулах, тогтмол ажиллагааг хянах, уг мэдрэгч ажилласан тохиолдолд шуурхай арга хэмжээ авах, агаарын бохирдлын талаарх мэдээллийг иргэдэд өдөр бүр тогтмол мэдээлэх тогтолцоог боловсронгуй болгох, зорилтот бүлэгт хүргэх мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, агаарын бохирдлын өндөр эрсдэлтэй эмзэг бүлгийн хүн ам болон нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, эрсдэлээс сэргийлэх ажлыг нотолгоонд тулгуурлан эрчимжүүлэх төлөвлөгөөг боловсруулан зорилтот хүн амд хүрч ажиллах, зан үйлийг нь өөрчлөх, эмнэлгийн бэлэн байдлыг ханган ажиллах, угаартаж амь насаа алдсан иргэдийн мэдээллийг нэгтгэн дүн шинжилгээ хийж шалтгааныг тогтоож, нотолгоонд тулгуурлан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах, ахуйн орчинд угаартсан иргэдэд нөхөн төлбөр олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо нь холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог хангах, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хэрэгжилтийг тогтмол тайлагнах, санхүүжилт, зарцуулалтын талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох зэрэг 13 заалтыг тусгасныг Ж.Чинбүрэн гишүүн танилцуулгадаа онцлов.
Мөн өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатараас 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн.Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатараас, “Өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, мал сүргээ хамгаалах зайлшгүй шаардлагаар саарал чоно авласан бол энэ хуулийн 25.1 дэх заалт хамаарахгүй”, “Энэ хуулийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 68.8 хувь нь тус тус дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар танилцуулахаар тогтов.
Хуралдааны төгсгөлд “Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. Төсөлд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаар тогтоолоор байгуулсан “Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийн удирдамжийг батлахаар тусгажээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.