Хоолны фестивалийг манай хотын дарга төв талбайд зохион байгуулж байна. Тэрээр гол дүрд нь “тоглож” сүрхий маркетингаар 600 сая төгрөг зарцуулан байж “нөр” их хөдөлмөрөө зориулж “гайхамшигтай” юм зохион байгуулж буйд иргэний хувиар баярлаж байна аа. За энэ ч яахав.
Гол юмаа бичье!
Хотын удирдлага, эрх баригчид иргэдтэй “холбогдох” зорилгоор хүнсний фестиваль зохион байгуулдаг гайхамшигт “төсөл” зөвхөн манайд байдаггүй юм байна. Энэ нь зүгээр хоолны фестиваль гэж нэрлэгдэж байгаа ч цаагуураа улс төр, нийгмийн шинжлэх ухаантай холбогдох, улс төрчдийн иргэдэд эерэг дүр төрх бий болгох гэсэн нэг төрлийн “маркетинг” аж.

Энэ бол популизм
Хоолны фестиваль болон үүнтэй төстэй, идээ унд, амталгаатай ижил төрлийн үйл ажиллагаа нь улс төрчдөд ард түмэнтэй ходоодоор нь дамжиж буюу шууд, ойр харилцах боломж олгодог юм байна. Ийм төрлийн арга хэмжээ нь удирдагчид буюу эрх баригчдад хүнд сурталгүй, иргэдтэйгээ ойр байдаг шүү гэсэн дүр гаргахад тун чиг хэрэгтэй “төсөл”. Популист улс төрийн хувьд удирдагчид нь ард түмэнтэйгээ хөл нийлүүлж, биечлэн харилцахыг эрмэлздэг. Хоол хүнс нь ийм харилцааг “урагшлуулах” тустай бөгөөд улс төрийн элдэв шүүмжлэлээс зайлсхийхэд нь машид хэрэг болдог хувилбар нь.

Символик дүр үүсгэх боломж
Улс төрчид өөрсдийнхөө олон нийтийн дүр төрхийг бэхжүүлэх зорилгоор символик үйлдлүүдийг ашигладаг. Хоолны фестиваль зохион байгуулах нь ийм нэгэн символик улс төрийн хэлбэр бөгөөд удирдагч хоол хүнсээр дамжуулан ард түмэнтэй холбогдож, өөрийгөө туслагч, ард түмний төлөө ажилладаг хүн гэж харуулахыг зорьдог.

Энэ бол хэрэглээний улс төр
“Хэрэглээний улс төр” гэдэг ойлголт нь улс төрчид хэрхэн бараа, үйлчилгээ болон хэрэглээний хэв маягуудыг ашиглан улс төрийн бие даасан байдал болон дэмжлэг олдгийг илэрхийлэх нь бий. Улс төрчид хоолны баяр эсвэл идэх юмтай холбоотой (Жил бүр Цагаан сараар сонгогч өвөө, эмээ нарт гурил, будаа, наранцэцгийн тос, чихэр тараад УИХ-ын гишүүдийг ч бас энд дурдаж болно) арга хэмжээг зохион байгуулснаар олон нийтийн дэмжлэгийг нэмэгдүүлж, ард иргэдтэй илүү ойр байхын зэрэгцээ өөрсдийгөө идэвхтэй бөгөөд ард түмний сайн сайхны төлөө ажиллаж байгаа гэж харуулах зорилго агуулдаг.

Энэ бол эрх мэдлийн легитимчлэл
Хоолны фестиваль зохион байгуулах нь удирдагч, эрх баригчдын эрх мэдлийг хүлээн зөвшөөрүүлэх, баталгаажуулах арга хэлбэр болдог талтай. “5К төлөөд л дотор цадтал ид, гоё шүү” гэж байгаа нь өөрсдийгөө ард түмний сайн сайхны төлөө ажиллаж буй гэж харуулахыг зорьсон нь илт. Үүнийг хоол-амттан ашиглаж ард түмэнтэй харилцах арга гэж үздэг.

Соёлын болон нийгмийн нөлөө
Олон соёлд хоол бол нэгдэл, хуваалцах, хамааралтай байдлын илэрхийлэл болдог. Тиймээс улс төрчид соёлын энэхүү нөлөөг буюу хоолыг (жишээ: Нямбаатарын пловыг хэлж болно) ашигладаг. Философич С.Молор-Эрдэнэ “Монголчуудыг хонь л нэгтгэдэг” гэж ярьсан нь үнэний ортой байжээ! Энэ нэгдлийг улс төрчид ашиглажээ.
Хоол хүнсийг үнэгүй эсвэл бага үнээр тараах нь нийтэд хүртээлтэй байх, өршөөнгүй имиж бүрдүүлэх, ард түмний сайн сайхныг би эрхэмлэдэг шүү гэсэн дүр үүсгэхэд ашигласан юм уу гэж бас харж болох нь.
Кэпэш өмсөөд иргэдтэй цуг, хамт хооллож байгаа нь “Би та нартай л адил хүн, шууд харьцъя” гэсэн утга агуулдаг ч нөгөө талдаа символик утга агуулга ашиглан улс төрийн хүлээн зөвшөөрүүлэлт, ард түмэнтэй харилцах болон популист дүр төрхөө бэхжүүлэх ач холбогдолтой. Энэ төрлийн арга хэмжээг “ХООЛНЫ УЛС ТӨР” гэж нэрлэе. Баярлалаа, плов дарга аа. Өө уучлаарай, Нямбаатар дарга аа.
Д.ГАНСАРУУЛ