Эхлэл Мэдээ Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
МэдээУлс төр

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Хуваалцах
Хуваалцах

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы /2025.04.04/ үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 00 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг эхлүүлж, төсөл санаачлагчийн илтгэл, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцсан. Иймд үдээс хойших нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, С.Бямбацогт, П.Сайнзориг, Л.Соронзонболд, Б.Заяабал, Х.Ганхуяг, Э.Болормаа, Ц.Сандаг-Очир, Н.Алтаншагай, Ц.Мөнхбат, Б.Жаргалан, Б.Пүрэвдорж, С.Зулпхар нарын асуулт, саналаар үргэлжиллээ.

Түүнчлэн гишүүд Зөвшөөрлийн тухай хууль зөвхөн зөвшөөрөл олгох харилцааг л зохицуулдаг. Цахим мөрийтэй тоглоом, технологийн дэвшилтэй холбоотой ямар ч бооцоот тоглоом гарч ирэхийг үгүйсгэхгүй. Иймд энэ төрлийн харилцааг зохицуулсан анхдагч, бие даасан хуулийн төслийг боловсруулах боломжтой. Зөвшөөрлийн тухай хуульд хориглосон заалт оруулж ирэх нь логикийн хувьд алдаатай гэсэн саналуудыг хэлж байлаа.Ингээд Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх, эсэх санал хураалтыг явуулсан. Тодруулбал, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.

Харин Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.14-т “Санал хураалтад оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжээгүй бол хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай тогтоол баталсанд тооцно” гэсний дагуу тогтоол батлагдсанд тооцлоо.Иймд дээрх хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсөв, Эдийн засаг, Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.

Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугараас 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагч гишүүн илтгэлдээ, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт олон улсын санхүүгийн зах зээлтэй холбогдсон олон тулгуурт, хүртээмжтэй санхүүгийн системийг хөгжүүлэх, банк санхүүгийн зах зээлийн эрсдэл даах, найдвартай байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх зорилт дэвшүүлснийг дурдав.

Мөн тэрбээр, Банкны салбарын нийт актив хөрөнгийн хэмжээ 2025 оны 2 дугаар сарын байдлаар 67 их наяд төгрөгт хүрч, 2011 онтой харьцуулахад 7 дахин өссөн байна. Банкны системийн чанаргүй зээлийн түвшинг харгалзан санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах зорилгоор эрх зүйн шинэчлэл зайлшгүй шаардлагатай байна гээд өнөөдрийн байдлаар 13 банк, 400 гаруй банк бус санхүүгийн байгууллага, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд зээлийн мэдээллийн санд иргэд, аж ахуйн нэгжүүдийн зээлийн мэдээллийг тогтмол нийлүүлж байгаа бөгөөд Зээлийн мэдээллийн санд 1.6 сая иргэн, 17 мянга гаруй аж ахуйн нэгжийн нийт 4.7 сая зээлийн мэдээллийн өгөгдөл хадгалагдаж байна. Энэхүү их өгөгдлийг үр ашигтай ашиглах, зээлдэгчдийн зээлжих чадварыг тоон мэдээлэлд үндэслэн үнэлэх боломжийг одоогийн үйлчилж буй хуулиар бүрэн зохицуулагдаагүй байгааг танилцуулгадаа онцолж байлаа.

Чуулганы нэгдсэн хуралдааны энэ өдрийн ажлын цаг дуусах дөхсөн тул хуулийн төслийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдийн асуулт, хариултыг ирэх долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр болов. Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх” гэсний дагуу хууль тогтоолуудын эцсийн найруулгыг сонслоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
ГадаадМэдээ

Дэлхийн шилдэг 24 салатыг нэрлэжээ

Салат гэх нэртэй хоолны түүх эртний Ромын үед хүмүүс ромэн салат навчийг...

Мэдээ

Толгойтод байгуулж буй спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна

Сонгинохайрхан дүүргийн Толгойтод байгуулж буй спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж...

МэдээУлс төр

Шинээр байгуулагдсан Засгийн газар анхны хуралдаанаа хийв

Засгийн газрын ээлжит хуралдаан: ✔️Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар...