Эхлэл Гадаад “Канадын бүтээгдэхүүнийг худалдан авъя” хөдөлгөөн АНУ-ын компаниудад дарамт болж эхэллээ
ГадаадМэдээ

“Канадын бүтээгдэхүүнийг худалдан авъя” хөдөлгөөн АНУ-ын компаниудад дарамт болж эхэллээ

Хуваалцах
Хуваалцах

АНУ-ын үйлдвэрлэгч компаниудын хувьд Канадын зах зээл чухал байр суурь эзэлдэг. Гэвч “Канадын бүтээгдэхүүнийг худалдан авъя” хөдөлгөөн өргөжихийн хэрээр тэдний бизнес хүндхэн сорилттой тулгарч байна.

Энэхүү хөдөлгөөн нь АНУ-ын зүгээс Канадын бараа бүтээгдэхүүнд тавьсан шинэ тариф, худалдааны бодлоготой холбоотойгоор Канадын иргэдийн үндсэрхэг үзлийг улам бүр өдөөж буй. Parasol Co гэх АНУ-ын живх үйлдвэрлэгч компанийн хувьд Канад дахь дистрибьютер нь зах зээлд гаргах төлөвлөгөөгөө хойшлуулсан бол Jack Daniel’s зэрэг АНУ-ын томоохон брэндүүдийн захиалга мэдэгдэхүйц буурсан байна. Энэ хандлага зөвхөн ундаа, хүнсний бүтээгдэхүүнээр хязгаарлагдахгүй, өргөн хүрээний Америк экспортлогчдод сөргөөр нөлөөлж байгаа юм.

Канадын архины хяналтын газрууд АНУ-ын согтууруулах ундаа импортлохоо зогсоож, оронд нь дотоодын үйлдвэрлэлийг дэмжих бодлого хэрэгжүүлж эхэлжээ. Жишээлбэл, Онтарио мужийн Ликёрын хяналтын зөвлөл (LCBO) Америкийн ундааны бүтээгдэхүүнийг Канадын орон нутгийн брэндүүдээр солих ажлыг эрчимжүүлж, дотоодын үйлдвэрлэгчдээ сурталчлах кампанит ажил өрнүүлж байна.

Үүнээс гадна, Канадын иргэд АНУ руу аялах нь мэдэгдэхүйц буурчээ. Онгоцоор зорчих хөдөлгөөн 13%-иар, хуурай замын хилээр нэвтрэх урсгал 23%-иар тус тус буурсан байна. Энэ нь АНУ-ын хил орчмын хотууд болон Канадын жуулчдад тулгуурладаг аялал жуулчлалын бүс нутгуудын эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа юм.

“Канадын бүтээгдэхүүнийг худалдан авъя” хөдөлгөөн нь зөвхөн хэрэглэгчдийн зан төлөвийг өөрчилж буйгаас гадна жижиглэн худалдаачдын худалдан авалтын бодлогод ч өөрчлөлт авчирч байна. АНУ-ын импортын бараа бүтээгдэхүүнээс татгалзах хандлага эрчимжиж, Канадын зах зээлд үйл ажиллагаа явуулдаг Америкийн компаниуд илүү их сорилттой тулгарч эхэллээ.

Ч.ДӨЛГӨӨН

Эх сурвалж: Reuters, FT, WSJ

Хуваалцах