МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч, “ХАНДОЛИН”, “МАДРИАНА, ТЭНҮҮЛЧИН ХОЁР” триллер, детектив зохиолын хос номын зохиолч Д.Гансаруулын талаар утга зохиол судлаач, нийтлэлч, уран бүтээлч, яруу найрагчид өөр өөрийн үнэлгээгээ өгсөөр байдаг. Заримаас нь түүвэрлэн өгүүлье.

Утга зохиол судлаач, гавьяат багш С.ЭНХБАЯР
“…Аливаа мэдрэмжийг зөвхөн мөн л сэрж мэдрэх цорын ганц замаар л хүртэж болно. Энэ бол Гансаруулын ер бусын нууцлаг, давтагдашгүй өвөрмөц уран бүтээлийн ертөнцийг “унших-ойлгох” түүнээс кайф авах цорын ганц зам. Үүний тулд зөвхөн уран бүтээлчээс төдийгүй мөн уншигч, үзэгч, нийгмийн гишүүдийн зүгээс ч сэтгэлгээний зохих боловсрол, гоозүйн өндөр мэдрэмж шаардах эрхтэй”.
“ЗНЭУЧ” альманах. “Оюун санааны эрх чөлөөнд тэмүүлэх нь” өмнөтгөлийн хэсгээс.
2007.12.07

СГЗ, яруу найрагч ДАНЗАНГИЙН НЯМАА
Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч, яруу найрагч Д.Гансаруултай уулзаж, “ХАНДОЛИН”, “МАДРИАНА, ТЭНҮҮЛЧИН ХОЁР” зохиолынх нь тухай ярилцаж санаа бодлоо хуваалцлаа. Триллер, детектив зохиолын хос ном л доо. Нээлтэнд нь ч бас уригдан очсон юм, тэгэхэд түүний хичнээн олон үнэнч уншигчидтай болохыг нь харав. Триллер детектив чиглэлээр монголын хэдэн зохиолч бичдэг юм бол мэдэхгүй, юутай ч энэ хоёр ном нэгэнт л хуудсыг нь сөхсөн л бол уншигч гараасаа салгахгүй уншихаар номууд байв, би л лав нүд салгасангүй уншиж дуусгав. Холлевиудын кино ч үзэж байна уу? гэж автталаа татагдана. Үйл явдал нь хурц, нэгээсээ нөгөөдөө шилжих нь ид шид ч гэмээр, гол баатрууд болоод хот орон, болж байгаа газрын нэрс бүгд зохиомол, энэ бүгдээс болоод ч тэр үү монгол зохиолч бичсэн ном уншиж байгаагаа умартана. “Мадрина, Арина, Толсан, Нилу” дөрөв сураггүй алга болж, “Силонсос” зочид буудалд Жоус буудуулж, Нилнортфурдс хотод До, Си хоёр ирж, Давид эдлэнгээ үл зарахыг хүснэ. Эдгээр нэрс түүний бэсрэг туужуудад гарна. Гэтэл бас бэсрэг туужуудын нэрс нь “Сулфинагийн аллага”, “Исла авхай”, “Сүнс цэвэрлэгч Анирбас Шахри хоёр”, “Жудить” “Оёдолчин Ансель”, “Арундель” гэх мэт үргэлжилнэ. Д.Гансаруул өвөрмөц хачин зохиолч аж. Зохиол зохиолчоо дуурайдаг болохоор бэсрэг туужууд нь бас тийм хачин. Зохиомол нэрээр бичих хэцүү л баймаар юм, юунд тэгнэ вэ? Чиний энэ зохиолуудыг англи, франц, хятад хэлээр уншсан хэн ч монгол зохиолч бичсэн гэж мэдэхгүй гэж намайг хэлэхэд – би онгодоор бичсэн болохоор ямар нэр зохиож олсноо өөрөө ч мэдэх юм алга гэв. Шашны дээд сургуульд сурч, бурхны номд шамдаж, заримдаа агуйд сууж бясалгал үйлддэг, ийм нэг өвөрмөц зохиолч Монголын уран зохиолд орж ирж байна, уншигчид минь. Нэгэнтээ би яруу найргийг нь “Улирал ба Зохиолч” сэтгүүлдээ тавьж, сайн яруу найрагч төрөх нь гэж бэлгэшээж байсан юмсан, тэгэхнээ нь бас нэгэн сайн триллер, детектив зохиолч төрж буйд нь баярланам. Ирэх оны сэтгүүлийн шинэ дугаараас түүний триллер, детектив бэсрэг туужийг тавихаар төлөвлөж байна. Ингэхэд Д.Гансаруул МЗЭ-ээс шинэлэг бүтээл туурвисан залуу зохиолчдод олгодог Г.Сэр-Одын нэрэмжит шагналыг “Саранд гандсан хөшиг” шүлгийн түүврээрээ 2019 онд хүртжээ.
2024.10.23

Д.Нацагдоржийн шагналт зохиолч, яруу найрагч Ц.БУЯНЗАЯА
“…Магадгүй зарим хүнд арай ч дээ гэмээр тийм хурц өгүүлэмж түүний шүлгийн түүвэрт нэг бус байгаа. Энэ нь нөгөө л яруу найргийн амин сүнс болсон таагдашгүй хаос чанар л юм шүү дээ. Мөн тэрээр шүлгээ хүмүүст таалагдахын тулд биш зөвхөн өөрийн итгэл үнэмшилд нийцүүлэн туурвидаг нэгэн аж. Энэ бол манай залуу яруу найрагчдад тэр болгон байгаад байдаггүй эр зориг юм. Би маш олон залуу шүлэгчийн бусдад таалагдахын тулд бичсэн, магадгүй ямар нэгэн шүлгийн уралдаанд байр эзлэхийнтулд хиймлээр бичсэн “хулчгар” шүлгүүдийг уншиж байсан. Арай ч дээ гэж хэлмээр тийм шүлэгтэй залуус яруу найрагч гэсэн алдрыг амархан олохыг нь яана гээч. Д.Гансаруулын хувьд шүлгүүдээрээ тэр бүхний эсрэг байж чадаж байгаа гэдгээ харуулж байгаа нь үнэхээр сайшаалтай байна. Ихэнх хүмүүс яруу найргийг нэг их зөөлөн намирсан уянга мэтээр төсөөлдөг. Уянгатай байна гэдэг бол яруу найргийн зөвхөн нэг л шинж нь юм. Гэхдээ бүх шүлэг уянгалаг байна, бүх яруу найрагч уянгын шүлэг бичнэ гэдэг бол учир утгагүй зүйл л дээ. Энэ чанарыг Д. Гансаруулын шүлгүүдээс нэхнэ гэдэг бол бүрч утгагүй хэрэг юм”.
“САРАНД ГАНДСАН ХӨШИГ” түүврийн өмнөтгөлөөс…

Нийтлэлч, тоймч П.ХАШЧУЛУУН
“Монголын яруу найргийн шинэ үеийн этгээд содон төлөөлөл бичжээ. Д.Гансаруул мөн ч сонин ертөнц дөө. Сая Европт дэлхийн яруу найргийн наадамд урилгаар Монголыг төлөөлж оролцоод ирсэн. Тэр багцаанд л түүнийг ойлгодог юм шиг бна. “Болор цом”-ын тайзнаас бол хөөгдөнө. “Чинийхээ ясаар би өөрийгөө гоёно…” гэж бичдэг яруу найрагчтай Монголд хэн эвлэрэх юм бэ…”
2024.01.21

Зураач Т.ОТГОНБАЯР
“Д.Гансаруул маш зоригтой, бичлэг хэллэг нь билэг танхай, задгай сэтгэлгээтэй, хүнд юм бодогдуулдаг, Монголд ганцхан байгаа Surrealist яруу найрагч!”.
2024.01.21

СГЗ, зохиолч Б.ШҮҮДЭРЦЭЦЭГ
Бүх ясаар чинь гоёно…Олон жилийн өмнө амрагийнхаа араг ясаар гоёно, хавиргаар нь зүүлт хэлхэж зүүнэ гэсэн хачин танхай тэсносэн сэтгэлгээтэй шүлэг олж уншаад, уламжлалт магтаал, уянгын халилаар чихэн дээр цэцэг ургуулсан цагаан шүлгүүдээс тэс өөр нэгэн хүчит салхи тархи руу минь үлээх шиг л болж билээ. Тэрхүү шүлгийг сийрүүлбээс:
Чамаар гоёно
Бүх ясаар чинь гоёно
Сүүжээр чинь ээмэг хийж зүүнэ
Сээр нурууг чинь хэлхэж зүүлт хийнэ
Далаар чинь дэвүүр хийж барина
Чөмгийг чинь ташаад сүрчигний сав хийж барина
Үлдсэн ясаар чинь гоёлын даашинзаа чимнэ! гэсэн тэр шүлгийг “Өдрийн сонин”-ы сэтгүүлч, яруу найрагч Д.Гансаруул бичиж гол усаар нэг шуугиулж, Богдын Хүрээний уран зохиол сонирхогчдын сонорт нэгэн хүчит харанга дэлдэж байжээ. Тийнхүү шүлгээр нь эчнээ танилцсан, хаалт хашилтаас гадуур сэтгэгч Д.Гансаруул маань бүр ч олон жилийн өмнө хонгор залуу охин явахдаа энэ Shuudertsetseg page-н минь 100.000 дахь дагагч болж би бэлэг амлаж байсныг саяхан мэдсэн. Миний пэйжийн нэг бум дахь дагагч маань ч бэлгээ авъя гэсэнгүй, би ч мартаад өнгөрсөн байжээ. Хэн хэнээ эчнээ таньж явсаар учралын ерөөл бүрэлдсэн өлзийтэй өдөр тохиож, өнөөдөр бид хоёр уулзаж, би ч өнөөх бэлгээ нөхөж гардуулан нүүр тулж танилцав.
Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Д.Гансаруул маань саяхан “Хандолин”, “Тэнүүлчин Мадриана хоёр” гэсэн бас л этгээд нэртэй триллер адал явдалт хос номоо хэвлүүлээд байгаа юм.Амраг эрийнхээ араг ясаар гоёл хийж чимнэ гэж шүлэглэсэн хүнээс арай л өөр өнгө, өнцөгтэй адал сонин бүтээл төрөх нь мэдээж хэмээн бодож явсаар өнөөдөр номтой болоод авлаа. Бид хоёр зохиолчдын уулзах дуртай болзоотын бор толгой болсон Интерном төв салбарын #4450 cafe-д уулзсан юм. Тэр нь ч учиртай. Хүний оюуны эрхэм бүтээлд хөрөнгө оруулж худалдан авах ёстой гэсэн зарчмаараа номыг нь авах гэтэл, одоогоор зөвхөн Аз Хур номын их дэлгүүрт л тавьсан гээд номоо надад бэлэглэж байна. Би ч бас “Хагацашгүй” романаа түүнд барьж, бид хоёр түүх соёл, эх хэл, Бурханы шашны, уран зохиол, яруу шүлгийн тухай хуучлан суусаар цаг хугацаа урсан өнгөрснийг ч мэдсэнгүй. Намайг анх уран зохиолын их өргөөний хаалгыг тогшилгүй орж ирэхэд, эгчмэд зохиолчид АУЗ Ш.Дулмаа, СГЗ Төрийн шагналт С.Оюун, УГЗ Б.Пүрэвдорж, ахмад зохиолч Бат-Очирын Туяа гээд үзэг цаас нийлдэг уран бүтээлч эгч нар маань алгаа дэлгэн угтсан болохоор би ч бас араасаа гарч ирэх залуу эмэгтэй зохиолчдоо өөриймсөг элгэмсэг угтаж, өмөг түшиг болж явахыг хүсдэг юм. Гансаруулын зохиолын баатруудын хэн нь ч монгол бишээр үл барам, бүтээлд нь гарах улс орон энэ дэлхийд оршдоггүй. Гансаруулын оюун бодолд л оршдог тэр гайхам ертөнцийг тэр буулган зохиол болгож бичдэг хүн аж. Номд дуртай хэн бүрэн юун түрүүнд Интерном номын дэлгүүрийг зорьдог учир хоёр номоо заавал ийшээ тавиарай гэж би захив. Учрал бүхэн ерөөлтэй байдаг учир, бид хоёрын уулзах цэгийг ч хэн нэгэн энд л гэж зурсан юм байлгүй дээ. Бийр нь уран, Билэг авъяас нь ундарч яваарай хэмээн ерөөж Гансаруулынхаа алсыг зорих онгодын агсам хүлгийнх нь дөрөөнд сүү өргөмү.
2024.12.13

Зохиолч Ц.БАТТУЯА
ӨНӨӨДРИЙН ГОЛ СЭДЭВ их сургуулийн найз Д.Гансаруулын маань нэгэн триллер шүлэг болж байгаа юм байна. Утга зохиолынхон дунд коронаг бараг мартуулахаар дуулиан тарьж байгаа юм биш үү? Их сургуулийн төгсөх курст сурч байхдаа “Зүрхний эмзэг нандин уяа чамдаа…” хэмээх туурвил зүйн бүтээл хэвлүүлж, яг тэр номоороо хэн гэдгээ тодорхой таниулж байсан бүсгүй дээ. Тухайн үед нэг, хоёрхон мөртэй, этгээд сонин өнгө аястай шүлгүүдийг нь “үүнийг ямар яруу найраг гэдэг юм бэ” гэж бас л мэдэмхийрч байсан хүмүүс цөөнгүй. Гэвч тэр номд анхны уншилтаар л зүрх ёогхийлгэж, сэтгэлд үлдсэн мөрүүд олон байсан юм шүү. Би яг тэр үеэс энэ бүсгүйн фэн болсон. бас дараах шүлгэнд нь хамгийн их хайртай.
Хана их гоё
Хадаасаар хамаагүй зурж болдог
Гэхдээ баллуурдаж болдоггүй болохоор
Болгоомжтой зурах хэрэгтэй
Хайртай хүнээ үхүүлж ч зурж болдог
Хааяа бас амилуулаад ярилцаж ч болно
Нарыг зураад гараа ээн дулаацаж болно
Сарыг ч бас зураад
Тогоон дээр нь цай чанаж болно.
Хана их гоё
Харин заримдаа эмч нар
Бүгдийг нь хар будгаар будчихдаг
Битгий ингэ гээд
Хоёр гарыг минь хүлчихдэг юм
Сэтгэцийн энэ эмнэлгээс гарвал
Түүнийхээ байшингийн дээврийг
Сар, оддоор дүүргэж өгнө өө.
Яруу найрагч Д.Гансаруул
Яруу найраг заавал тийм, ийм байх ёстой, тэгж ч болохгүй, ингэж ч болохгүй гэсэн номлолд угаасаа дургүй ээ. Хэнд, юу мэдрүүлж байгаа нь л чухал гэж боддог юм. Бусдаас гаж байна, гаж сэтгэнэ гэдэг ерөөсөө ч буруу биш, нүгэл бол бүүр ч биш.
2020.02.05
Бэлтгэсэн: О.Дүүрэнжаргал
