Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч, яруу найрагч Д.Гансаруултай уулзаж, “ХАНДОЛИН”, “МАДРИАНА, ТЭНҮҮЛЧИН ХОЁР” зохиолынх нь тухай ярилцаж санаа бодлоо хуваалцлаа.

Триллер, детектив зохиолын хос ном л доо. Нээлтэнд нь ч бас уригдан очсон юм, тэгэхэд түүний хичнээн олон үнэнч уншигчидтай болохыг нь харав. Триллер детектив чиглэлээр Монголын хэдэн зохиолч бичдэг юм бол мэдэхгүй, юутай ч энэ хоёр ном нэгэнт л хуудсыг нь сөхсөн л бол уншигч гараасаа салгахгүй уншихаар номууд байв, би л лав нүд салгасангүй уншиж дуусгав.
Холливуудын кино ч үзэж байна уу? гэж автталаа татагдана. Үйл явдал нь хурц, нэгээсээ нөгөөдөө шилжих нь ид шид ч гэмээр, гол баатрууд болоод хот орон, болж байгаа газрын нэрс бүгд зохиомол, энэ бүгдээс болоод ч тэр үү монгол зохиолч бичсэн ном уншиж байгаагаа умартана. “Мадрина, Арина, Толсан, Нилу” дөрөв сураггүй алга болж, “Силонсос” зочид буудалд Жоус буудуулж, Нилнортфурдс хотод До, Си хоёр ирж, Давид эдлэнгээ үл зарахыг хүснэ. Эдгээр нэрс түүний бэсрэг туужуудад гарна. Гэтэл бас бэсрэг туужуудын нэрс нь “Сулфинагийн аллага”, “Исла авхай”, “Сүнс цэвэрлэгч Анирбас Шахри хоёр”, “Жудить” “Оёдолчин Ансель”, “Арундель” гэх мэт үргэлжилнэ.

Д.Гансаруул өвөрмөц хачин зохиолч аж. Зохиол зохиолчоо дуурайдаг болохоор бэсрэг туужууд нь бас тийм хачин. Зохиолмол нэрээр бичих хэцүү л баймаар юм, юунд тэгнэ вэ? Чиний энэ зохиолуудыг англи, франц, хятад хэлээр уншсан хэн ч монгол зохиолч бичсэн гэж мэдэхгүй гэж намайг хэлэхэд – би онгодоор бичсэн болохоор ямар нэр зохиож олсноо өөрөө ч мэдэх юм алга гэв.
Шашны дээд сургуульд сурч, бурханы номд шамдаж, заримдаа агуйд сууж бясалгал үйлддэг, ийм нэг өвөрмөц зохиолч Монголын уран зохиолд орж ирж байна, уншигчид минь. Нэгэнтээ би яруу найргийг нь “Улирал ба Зохиолч” сэтгүүлдээ тавьж, сайн яруу найрагч төрөх нь гэж бэлгэшээж байсан юмсан, тэгэхнээ нь бас нэгэн сайн триллер, детектив зохиолч төрж буйд нь баярланам. Ирэх оны сэтгүүлийн шинэ дугаараас түүний триллер, детектив бэсрэг туужийг тавихаар төлөвлөж байна.
Ингэхэд Д.Гансаруул МЗЭ-ээс шинэлэг бүтээл туурвисан залуу зохиолчдод олгодог Г.Сэр-Одын нэрэмжит шагналыг “Саранд гандсан хөшиг” шүлгийн түүврээрээ 2019 онд хүртжээ.
МУСГЗ, яруу найрагч Данзангийн Нямаа 2024.10.23