Эхлэл Нийгэм ДЭЛХИЙН ЯРУУ НАЙРГИЙН ӨДӨР: Монгол найрагчдын шүлгийн дээжис
Нийгэм

ДЭЛХИЙН ЯРУУ НАЙРГИЙН ӨДӨР: Монгол найрагчдын шүлгийн дээжис

Хуваалцах
Хуваалцах

***

Хүүхэд байхад л зөвхөн хөгжилтэй байдаггүй

Хижээл насанд ч хөлөөрөө толгой хийж зүггүйтмээр санагддаг

Зөвхөн хүүхэд байхад л хөгжилтэй байдаггүй

Зүггүйтэж хижээл насандаа толгойгоороо хөл хиймээр болдог

Ухаанаа уусан хог гэж унаж тустал загнуулмаар

Урт амьдралыг богино болгодог үг чинь энэ шүү дээ

Амьдарвал амьдарсан шиг амьдрах хэрэгтэй гэж

Араа шүдээ зуугаад хүн болгон л боддог байх

Мөрөөдөл болгон биелдэг байсан бол энэ цаг дор

Мөнгө гэдэг юм хэрэггүй л байх байсан даа

Тэр үед хөлөөрөө толгой хийчихсэн явж байхад

Тоож хэн ч хачин хачин юм хачирхаж ярихгүй дээ

Эрх чөлөө гэдгийг энд тэндгүй ХYН л хориглоно

Эмч байх цагдаа болох энэ тарвага бас элдэв амьтдад хүртээлгүй

Үг гэдэг үлэмжийн их дуу чимээнээс л болж

Үхэл биднийг дандаа дагаад байх шиг байна даа.

“Болор цом”-ын эзэн, яруу найрагч Д.ГАЛСАНСҮХ

ЧИНИЙ ТУХАЙ МЕТАФОРУУД

Чи бол миний төгсгөлийг нь үзэж чадаагүй байгаа уянгат сүүдэр зургийн таслал хөгжим юм.

Хоёрдугаар сарын том ширхэгтэй цасны уруул дээр унуутай хайлсан мэдрэгдээгүй амт юм.

Нэр чинь насан туршдаа хичнээн хичээвч өөрөөсөө холдуулж чадаагүй Сзифийн чулуу юм.

Үнэр чинь хаврын орой хотын гудамжинд зөрөн өнгөрөх бүсгүй бүхнээс анхилах сүрчиг юм.

Чиний тухай бодол сүүлээ цацагласан тогос шиг үзэсгэлэнтэй агаад олон өнгөний нийлэмжит агшин юм.

Чимээгүйн дунд ганцаардал үргээн хөршийн цонхоор эгшиглэх хуучны дууны танил аялгуу юм.

Царайны чинь гэгээ нисэн өнгөрөх шувууны дэвээнд зурагдам цастай өглөөний тунгалаг тэнгэрийн чөлөө юм.

Үсний чинь намиа бургилан урсах цэнгэг усны сэрүү татуулсан сэрхрээт хүрхрээ юм.

Чи бол миний таньж чадаагүй амьдрал хэмээх энэ их урт шөнийн нойрон дунд тохиосон сэрмээргүй зүүд юм.

Насан туршдаа ахин дахин хууртмаар санагдах алс тэртээх зуны холдон ойртох зэрэглээ юм.

Эхлээ ч үгүй, бичээ ч үгүй,  өөртөө нээн шаналан төсөөлөх шүлгийн уран санаа юм.

Энэ хорвоогоос өнгөний сайхныг хайн санааширч, саатан сатаарахгүй байхын шалтгаан юм. 

                                                                                                                    2020.12.29.

Д.Нацагдоржийн шагналт зохиолч, яруу найрагч Ц.БУЯНЗАЯА

ИЛ ГАЛЫН ДЭРГЭД

Усны тунгалагт модны дүрсийг өгсөн нар

Уран намиа, хөнгөн хөвөөгөөр наадсаар байдаг

Урц гэр, баруун тайгадаа очих юмсан

Умрын тэнгэрт сарны ургахыг үзэх юмсан

Цагийн хатуу, цасны зузаанд шигдэн аж төрдөг

Цаатан ардынхаа дунд жилийн уртыг үзэх юмсан

Сармайж ургасан хөвдний буурцгийг түүж зогссон нялх янзага

Сайхан эх рүүгээ гэнэтхэн чавхдахыг үүдэн хоймроос харах юмсан

Сөрж зөрсөн нарийн шургаагны шовх тэргүүн

Сүрт жигүүртний дүрсийг чагтан оройдоо ургуулж

Зүүн тайгаас бэр буулгасан баруун цаатаны өтгөн шугуйд

Зүүмэл уран урц шинээр босохыг үзэх юмсан

Уулын оройд мацсан нар хөлөртөл норсоор гарч ирдэг 

Улаан тайга, Шишгэдийн голдоо хоргодох юмсан

Сэтгэл самгардсан олон зүйл, хүсэл барсан бүхнээс алсарч

Сэрүүн тайгынхаа моддыг түшиж, ил галын дэргэд чамайг бодох юмсан

2025.02.23 

МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Н.МИНЖИНСАЙХАН 

МЭДРЭМЖИЙН ШҮЛЭГ 

Асан дүрэлзэх хэрэгтэй

Айж түгшин гүн эмгэнэх ч хэрэгтэй

Шунан дурлаж

Тачаадан бачуурах ч хэрэгтэй

Шуналтайгаар үүрийн шаргал гэгээг гүн залгилах хэрэгтэй

Борооны дуслууд хатсан уруул норгохыг 

Богширго урьд өмнө ингэж жиргэж байгаагүйг

Мөөгний хүрээ алслан цайрч мананд хучигдахыг

Мөрөн дээр минь анхны цас солонго татуулан будрахыг

Харахын тулд

Амьд байх хэрэгтэй

Ажин түжин амьдарч байх л хэрэгтэй

Бор өдрүүдийг өөрийнхөө аягаар 

Бор гөрөөс чимээ авч сортолзох шиг мэдрэх хэрэгтэй

Шумуул шуналтайяа дусал цусанд бялуурах шиг 

Шунан шунан дурлаж амьдралд хайртай байх хэрэгтэй

Үр минь том болохыг 

Үүрээр амар болоочид өргөсөн зул бадамлахыг 

Бодь гөрөөс гандангийн алтан ганжирт эргэцэхийг

Бодол хэлхэж уншиж тайлахын тулд 

Амьд байх хэрэгтэй

Дуулах хэрэгтэй

Дурлах хэрэгтэй

Уйлах ч хэрэгтэй

Уйт энэ хорвоод хүн байх ёстой

Элэн халих хэрэгтэй

Эргэж төрөх хэрэгтэй

Мэлмийн мутраас адис авах төдийд

Миний төлөө дуслуулсан эжийнхээ нулимсыг арчиж өгөхийн тулд 

Хүний хорвоод хүн байх л ёстой

МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Д.ОТГОНЦАГААН 

МӨНХИЙН ЗАЛУУ ХАЙР

Хайраа би он цагийн шаргал хуудсанд хавчуулж мартсан

Харцаа би хаврын найрсаг өдрүүдэд өргөж орхисон

Сэтгэлээ би зуны цэцэгст найран тавьж бэлэглэсэн

Сэрэл мэдрэмжээ би намрын салхинд дайж нисгэсэн…

…Мартсан хайр далан сэт татан асгарахад

Миний чиний сэтгэл хашгиран тэврэлдсэн

…Орхисон харц онхи задгай ширтэлцэхэд

Орь залуугийн гал цог асан ноцсон…

…Бэлэглэсэн сэтгэл хүлээсээ тас татан алдрахад

Бидэн хоёрын хайр уйлан хайлж учирсан…

…Ниссэн мэдрэмж нэрэлхэж үл дийлэхэд

Нил ягаанд өнгөнд хувирч тунарсан…

Орчлон ертөнц их нүүдлийн хөлд элэгдэвч

Орь залуугаар мөнхөд үл хувирах нь 

ХАЙРААС өөр юу ч алга аа!

МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Ж.ГАНЧИМЭГ

ДОТООД СЭТГЭЛИЙН АГЛАГТ

Асгараад байгаа сэтгэлээ тогтоох гэж

Ахиад л энгэр нэвт уйллаа

Долоон бурхан одыг найм болгож зүүдлэв

Дотоод сэтгэлийнхээ аглагт хуврага мэт гэрэлтэв

Анир гүмийн дундах асар их дууг сонсов

Дахиад л чиний тухай бодолд өөрийгөө өгөв

Гүн тайгын цуурайнаас цөхрөлөө хайж

Гүйгээд очиж чадахгүй өөрийгөө өрөвдлөө

Гал усан мэт цахилаад одох гоо бүхнээ

Ганцхан чиний харцнаас олж үзээд бишүүрхэв

Гагцхүү сайн сайханд итгэж гэнэн явсаар дуусах

Гайхалтай хувь eрөөл минийх ээ

Сарны гэрэлд цэцэглэх сайхан гүмдаа мэт

Тийм гэгээн нам гүмийн дунд

Тэр чигтээ би хөгжим шиг амьдарна

Тэгээд л сайхан чиний хавар мэт догдлолыг

Мэдсээр байж тас зөрөөд л

Уйлж суугаа минь угтаа миний л араншин юм аа

Яруу найрагч байна гэдэг ийм л амаргүй

Яагаад ч орхиж чадахгүй шаналан юм аа

Удын нахиа задрах мэт илэрхий тунгалаг орчлон доо

Уйдаж суугаад яана харсаар байтал гэгээн шүү

Өршөөл энэрлийн цагаан бороо нь асуулгүйгээр зүсэрдэг дээ

Өвөр дээр минь лянхуа ашид бадамлан ургадаг даа

Асгараад байгаа сэтгэлээ тогтоох гэж

Ахиад л энгэр нэвт уйллаа

Долоон бурхан одыг найм болгож зүүдлэв

Дотоод сэтгэлийнхээ аглагт хуврага мэт гэрэлтэв

Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Т.ПҮРЭВЖАРГАЛ

ЭНДҮҮРЧ БАЙНА 

Хүмүүс нуруундаа гуниг үүрч

Уртаас урт цуваанд бөхийж 

Хуучин галт тэрэг лүгээ 

Нүүрсний утаа баагиулж 

Өгөршсөн модон дэртэй 

Зэвэрсэн зам дээгүүр 

Өглөөнөөс орой болтол мацаж байна.

Үүнийг тэд амьдрал гэж

Эндүүрч байна!

Хүмүүс их гунигтай 

Бас аз жаргалгүй ч 

Нүүрэндээ аав, ээж

Дарга, мисс, алдартан хэмээх 

Худал шошго наавч

Дотроо тарчлан уйлж байна.

Үүнийг тэд амьдрал гэж

Эндүүрч байна!

Хэзээ ч, хэн нь ч энэ цуваанаасаа 

Гинжээ яр татан тасалж 

Гарч ирэхгүй. 

Хэзээ ч, хэн нь ч энэ ялаасаа

Сугаран хоцорч үлдэхгүй. 

Айдсаар нэг нэгнээсээ зуурч

Алдвал, салбал “Би яах юм бэ” гэж 

Зууралдан, тэврэлдэн хоргодож байна.

Үүнийг тэд амьдрал гэж

Эндүүрч байна!

Мөнхийн мөнхөд

Нэг тойрогт эргэлдэж байна 

Хааяа нэг зогсох өртөөг тэд 

Аз жаргал хэмээн

Учиргүй их баясан ханаж байна.

Үүнийг тэд амьдрал гэж 

Эндүүрч байна!

Галт тэрэг хөдлөхөд 

Тэд дахиад л цуваагаараа

Өнөөх их зовлон

Үйлийн үрээ тээсээр 

Дэргэдүүр өнгөрч одлоо. 

 2025.01.31

Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Д.ГАНСАРУУЛ 

Богдын сүүлчийн хатан Гэнэнпилд зориулав

Ай хѳѳрхий нулимстай тавиланг чинь бодохоор

Ардын дууны эгшиг тасарч ганихарна

Ар газрын цэцэг ургаж амжилгүй хагдарна

Сүүдэрт амьдралын тоосонд ѳргѳсѳн залуу насыг тань ѳрѳвдѳнѳ

Шүүрс алдаад шүлгээр уйлмаар санагдана

Онон Балжийн хѳвѳѳнд дэлбээлж ѳссѳн охин насанд чинь атаархана

Орчлонгоос буцахдаа халуун амьсгал тээснийг чинь бодохоор нулимс цээжинд эгшинэ

Хүнийх болсон хайранд чинь Хѳѳрхѳн халиуныг аяламаар

Хѳндүүр сэтгэлдээ амрагаа мѳрѳѳдсѳнийг чинь бодохоор

Алгирмааг дуулмаараа

Дундаршгүй хайрандаа эргэн ирснийг тань санахаар

Дуулмаараа бас уйлмаараа

Ай хѳѳрхий ардын дуу шиг гоо үзэсгэлэн минь ээ

А.ДОРЖХАНД

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
МэдээНийгэм

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 2076 боллоо

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм....

ГадаадНийгэм

Өнгөрсөн онд 14225 хос гэрлэлтээ бүртгүүлсэн бол 4436 хос гэрлэлтээ цуцлуулжээ

Монгол Улсад 2024 онд 14 225 хос гэрлэлтээ бүртгүүлсэн бол 4 436...

МэдээНийгэм

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1410 боллоо

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм....

МэдээНийгэм

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1360 боллоо

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм....