Эхлэл Улс төр Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс Хамтарсан тунхаглал гаргалаа
Улс төр

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс Хамтарсан тунхаглал гаргалаа

Хуваалцах
Хуваалцах

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Стратегийн түншлэл”-ийг бататган бэхжүүлэхийн төлөөх Хамтарсан тунхаглалаас хүргэж байна.
Талууд харилцан итгэлцэл, хүндэтгэл, эрх тэгш, харилцан ашигтай бие биеэ нөхөх зарчимд тулгуурлан хамтдаа хөгжин дэвших хамтын ажиллагааг дараах салбар, чиглэлээр тууштай гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр тогтлоо.

УЛС ТӨР, АЮУЛГҮЙ БАЙДАЛ
Дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, төрийн тэргүүн нарын ойр дотно, харилцан итгэлцэлд суурилсан харилцааг үргэлжлүүлэн бэхжүүлэхээр тогтов.

ЭДИЙН ЗАСАГ, ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ
Талууд “Иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийг зарчмын хувьд тохирсныг сайшааж, уг хэлэлцээр нь хоёр улсын харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт санал нэгдэв.

ЗАМ, ТЭЭВЭР, ДЭД БҮТЭЦ
Тээвэр, логистикийн дэд бүтэц нь хоёр улсын эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжлийн чухал үндэс суурь гэдэгт санал нэгдэж, авто зам, төмөр зам болон зам, тээврийн дэд бүтцийн салбар дахь харилцан ашигтай, ирээдүйд чиглэсэн хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхээр тохиролцов.

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧ
Монгол Улсын чухал ашигт малтмалын нөөц болон БНСУ-ын дэвшилтэт технологид тулгуурлан бие биеэ нөхсөн, харилцан ашигтай, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхээр санал нэгдэв. Улаанбаатар хотноо байгуулагдсан “Ховор металлын хамтарсан судалгааны төв”-ийг түшиглэн чухал ашигт малтмалын хайгуул, олборлолт, баяжуулалт, боловсруулалтын чиглэлээр технологи дамжуулалтыг эрчимжүүлэх, улмаар өндөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн төлөө хамтран ажиллахаар тохиролцов.

ЭРҮҮЛ МЭНД, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ
2011 онд “Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулснаас хойш эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан эмнэл зүйн сургалт болон зөвлөгөө өгөх зэрэг олон чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж ирснийг өндрөөр үнэлэв.

КОВИД-19 цар тахлын улмаас тасалдсан Эрүүл мэндийн яам хоорондын зөвлөлдөх механизмыг 8 жилийн дараа дахин сэргээснийг сайшаав. Цаашид эрүүл мэндийн салбарыг хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны тэргүүлэх салбаруудын нэг болгон хөгжүүлэхээр тохиров.

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ
Тэтгэлэгт болон оюутан солилцооны хөтөлбөрүүдийг нэмэгдүүлэхээр санал нэгдэж, хамтарсан судалгаа явуулах, хиймэл оюун, дижитал боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургуулийн хоолны салбарт хамтран ажиллах, дээд боловсролын байгууллагуудын хамтын ажиллагааны суурийг системтэйгээр хөгжүүлэхийг дэмжив.

БАЙГАЛЬ ОРЧИН, ХӨДӨӨ АЖ АХУЙ
Хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох болон ногоон хөгжлийг дэмжих чиглэлээрх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх эрмэлзэлтэй байгаагаа дахин нотлов.

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ
Түүх, соёлын уламжлалт хэлхээ холбоо нь харилцааны хөгжлийн бат бөх суурь болж ирснийг онцлон тэмдэглэж, иргэд хоорондын харилцан ойлголцол, итгэлцлийг гүнзгийрүүлэх зорилгоор соёлын болон иргэдийн солилцоог өргөжүүлэхээр тохиров.

ИРГЭДИЙН СОЛИЛЦОО
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын иргэд хоорондын солилцоог дэмжиж, “Богино хугацааны зорчигч тээврийн хэрэгсэл жолоодох болон жолоочийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, хоёр улсын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах хүрээнд “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын Консулын хэлэлцээр” байгуулах болсныг тус тус сайшаав.

Иргэдийн зорчих хөдөлгөөн, хөдөлмөр эрхлэлт, виз олголтыг хөнгөвчлөх, хилээр нэвтрэх нөхцөл байдлыг сайжруулах чиглэлээр хийж буй яриа, хэлэлцээг сайшааж, монголын талаас иргэд, оюутан залууст чиглэсэн “Хариуцлагатай амьдарцгаая”, “Хариуцлагатай аялцгаая” зэрэг хөтөлбөр хэрэгжүүлж байгааг дэмжиж, цаашид хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Консулын харилцаанд гарч буй ололт, амжилтад түшиглэн аялал жуулчлалын зорилгоор зорчих хөнгөвчилсөн нөхцөлийг үргэлжлүүлэх, хоёр талаас тавьсан зорилтдоо хүрэх хамтарсан “Замын зураглал” боловсруулж, бодит нөхцөл байдалд нийцүүлэн үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр санал нэгдэв.

ОЛОН УЛС, БҮС НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА
Төрийн тэргүүн нар талууд олон улс, бүс нутгийн тавцанд болон Нэгдсэн Үндэстний Байгууллага, олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтран ажиллаж хуримтлуулсан туршлага, харилцан бие биеэ дэмжиж ирсэн уламжлалаа хадгалж, бэхжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг нотлов.

Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого болон гадаад харилцааг төрөлжүүлэн үндэсний эрх ашгийг дээдэлсэн БНСУ-ын шинэ Умардын бодлогын ач холбогдлыг тэмдэглэж, тэдгээрийг харилцан дэмжиж байгаагаа илэрхийлэв. Үүний үндсэн дээр бүхий л салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлж, хоёр улсын хамтын хөгжил цэцэглэл, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд хувь нэмэр оруулахаар тохиролцов.

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны Монгол Улсад хийсэн төрийн айлчлал нь Монгол Улс, БНСУ-ын “Стратегийн түншлэл”-ийг бататган бэхжүүлэхэд чухал түлхэц болж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд шинэ хуудас нээсэн чухал ач холбогдолтой үйл явдал болов.

Ерөнхийлөгч И Жэ Мён БНСУ-ын дээд түвшний төлөөлөгчдийг эх орондоо найрсаг дотноор хүндэтгэн хүлээн авч байгаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Монголын ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.Хамтарсан тунхаглалыг 2026 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотноо монгол, солонгос хэлээр байгууллаа.

Хуваалцах
Төсөөтэй нийтлэлүүд
TVУлс төр

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтах ёслолын агшнаас…

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос...

Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Солонгос Улсын...

ГадаадУлс төр

Манай улс “Энхийн зөвлөл” -д элссэний дараах Монгол-АНУ-ын харилцаа

Ерөнхий сайд Г.Занданшатар Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн форумд оролцох үеэрээ...