Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Д.ГАНСАРУУЛ: Өнгөрсөн оны зургадугаар сараас эхэлсэн ахмадуудын “Чимээгүй суулт” явсаар “Монголын ахмадын дуу хоолой хөдөлгөөн” болж өргөжиж, орон нутгийн ахмадууд ч нэгдсэн.


Зунжин суусан ахмадууд тэтгэврийн доод хэмжээг 1.500.000 төгрөг болгож чадаагүй тул ӨЛСГӨЛӨН ЗАРЛАХАА мэдэгдсэн ч зөвшөөрлийг нь олгоогүй. Ингээд ахмадууд намаржин, өвөлжин суув. Хоёр он солигдох мөчид СЮРПРИЗ барих нь гэж хүлээж байтал 80 мянган төгрөгөөр тэтгэврийг жигд нэмнэ гэсэнд ахмадууд дургүйцэв.

Нэгэн өндөр настан шинэ жилийн баярын өдрөөр Төрийн ордны баруун хаалган дээр нүцгэлснийг бүгд түгшин харсан. Энэ бол ДОХИО байсан. Энэ бол тэмцлийн ХУРЦ ХЭЛБЭР байсан.
Гэсэн ч төр, Засгийн газар огтхон ч цочроо авсангүй. Ахмадууд -20 хэмийн хүйтэнд жагссаар, орилсоор л байв. Ерөнхий сайд “САЙН МЭДЭЭ” дуулгана гэж шилний цаанаас чихэр долоолгоход ахмадууд итгээгүй ч битүүхэндээ сайн мэдээ дуулах байх гэсэн горьдлого тээж байжээ. Гэтэл тэтгэвэртэй холбоотой сайн мэдээ биш тул өнөөдөр ахмадууд хэвлэлийн хурал хийж “Цагаан сараас өмнө тэтгэврийн доод хэмжээг 1.500.000 төгрөг болгохыг шаардсан шаардлагыг нь биелүүлэхгүй бол ТЭМЦЛИЙН ХУРЦ ХЭЛБЭРТ ШИЛЖИНЭ” гэлээ.


Ерөнхийд нь тоймлобол ийм үйл явдлууд болж өнгөрөв. Энэ бүгдээс ажигласан хэд хэдэн онцлох зүйл, магадгүй анхаарах ёстой өнцгүүд байна.
●Энэ асуудал дээр Засгийн газар яалтгүй ч үгүй ХҮНИЙ ЭРХИЙГ НОЦТОЙ ЗӨРЧИЖ, АХМАД НАСТНЫГ ЯЛГАВАРЛАСАН нь хүний эрхийн эрхзүйн бичгүүд болон олон улсын хэд хэдэн конвенцийг зөрчөөд байна.
●Ахмадуудын тэмцэл зөөлнөөр эхэлсэн ч хүнд хэлбэр рүү шилжчихлээ. Ахмадууд тэмцлийн маш зөв тактик ашигласан буюу тэмцлийн хэлбэрүүдийг зөв зүй тогтлоор нь шат дараалалтай авч хэрэгжүүлсэн. Суулт – Жагсаал – Шаардлага хүргүүлсэн-Хэвлэлийн хурал – Өлсгөлөн – Нүцгэлсэн.
●Зунжин, намаржин суусан ахмадууд бол голдуу эмэгтэйчүүд байсан шүү. Тэд 10, 11 дүгээр сараас эхэлж өвдөцгөөж, эмнэлэгт хэвтэж, гэр орондоо хэвтэрт орж, хууч нь ноцтой хөдөлсөн. Нэг хэсэг Монголын ахмадын холбооны байранд дулаан сууж хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн.

Үүний дараа эрэгтэй ахмадууд, өвөө нар гарч ирсэн. Барагтай юман дээр дуугарддаггүй өвгөд маань талбайд гарч ирж, нүцгэлсэн. Нэгдүгээр сараас хойшхи жагсаалыг ажиглахад эрэгтэйчүүд голдуу зогсож байгаа. Өнөөдрийн хэвлэлийн хурлыг ч хар! Энэ юуг илэрхийлж байна вэ гэвэл ахмадуудын тэмцэл яах аргагүй хурцдаж байна шүү…гэдгийг харуулж байна.
Энэ үед хүний эрхийн төлөө тэмцэгчид, хүний эрхийг хамгаалагчид дуугарч, Засгийн газарт сануулах ёстой. Ахмадууд айлгаагүй. Тэдний сэтгэлзүй, ахуй байдал, амьдрал нь тэмцлийн ХУРЦ ХЭЛБЭРТ ШИЛЖИХЭД нөлөөлөх бүхий л нөхцөлийг бүрдүүлчихэж. Одоо ганц үйлдэл л үлдлээ.
Сар шинэ гарахад хэдхэн хоног дутуу байна. Ахмадууд яаж ч мэдэхээр байгаа тул Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлчийн хувиар энэ асуудалд анхаарал хандуулахыг Ерөнхий сайдаас шаардаж байна. Нөгөөтэйгүүр хувь хүний хувьд эмзэглэж байна. Жагсагчдын төлөөллийг хүлээн авч галыг намжаах зэргээр уян хатан хандана уу.





