Ахмадууд “шүлс” төдий “юм” нулимууллаа
Монголын ахмадууд тэтгэврийн доод хэмжээг 1.500.000 төгрөг болгохыг шаардаж энэ оны зургадугаар сарын 19-нээс эхэлж Төрийн ордны баруун хаалган дээр “Чимээгүй суулт” зарласан. Өдөр алгасахгүй шахуу сууцгаасан. Зуны аагим, бороо, намрын сэрүүн, жавар, бүр цастайд ч 60-80 гаруй настай ахмадууд хүйтэн чулуун дээр хайрагдан өдрийг өнгөрөөж байна.

Өчигдөр гадаа өдөр -13 хэмд ахмадууд жагсаал хийсэн. Тэтгэврийг нь 8.6%-иар л нэмнэ гэсэн хариуг Засгийн газар өгсөн бөгөөд үүгээр бол 572.400 төгрөгийн тэтгэвэртэй ахмадын тэтгэвэр хэдхэн төгрөгөөр буюу анхны тавьсан 1.5 сая төгрөг гэх шаардлагынхаа хаана ч хүрэхээргүй “шүлс” төдий юм нулимууллаа.

Энэ хугацаанд тайван суулт хийж буй ахмадуудтай Засгийн газрын тэргүүн буюу Ерөнхий сайд Г.Занданшатар биечилж уулзаагүй бөгөөд өөрийн намын харьяаны шахуу гэгддэг Монголын ахмадын холбооны тэргүүн хэмээх хүнийг л авч уулзжээ. Энэ хүн нь Төрийн ордны гадаа 151 хоног сууж буй ахмадууд дээр ирдэггүй бөгөөд эрх баригчдын талд ажиллаж буйг ахмадууд шүүмжилж байна.
Есдүгээр сар гараад багш нар цалингаа нэмүүлэхийн тулд дараалсан тэмцлийн арга хэмжээ авсан (жагсаж, сууж, улс орон даяар ажил хаясан). Багш нар 13 хоног ажил хаясны дараа Засгийн газар хэлэлцээ хийж ажил хаялт зогссон бол эмч нарыг ажил хаяхын урд өдөр хэлэлцээр хийж ажил хаялтыг нь зогсоосон.
Гэтэл ахмадууд тэмцлийн хурц хэлбэр болох өлсгөлөн зарлахыг хүссэн ч зөвшөөрөл өгөөгүй, 151 хоног гадаа сууж, зогсож, тэмцсэн ч ямар нэг хариу бас өгсөнгүй.
Хүний эрхийн үндсэн зарчим: Ялгаварлан гадуурхахгүй байх
Тайван замаар үзэл бодлоо илэрхийлж, нэгдэх нь Үндсэн хуулиар баталгаажсан эрх. Монгол Улсын Үндсэн хуулийн 16.16-д “Жагсаал, цуглаан хийх, үзэл бодлоо илэрхийлэх эрх”-ийг төр хүндэтгэх үүрэгтэй гэж заасан. Ахмадуудын “Чимээгүй суулт” бол яг энэ заалтын бодит хэрэгжилт.

Гэвч төр энэ эрхийг хамгаалах бус, бүр эсрэгээрээ үл тоомсорлосноор хүний эрхийн хариуцлагаас зайлсхийж буй хэрэг болж байна.
Монгол Улс НҮБ-ын “Иргэний болон улс төрийн эрхийн тухай пакт”, “Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай пакт”, “Ахмад настны эрхийг хамгаалах Мадридын үйл ажиллагааны хөтөлбөр” зэрэг баримт бичгүүдэд нэгдэн орсон байдаг. Эдгээрээр бол Монголын төр иргэн бүрийн илэрхийлэх эрх чөлөө, тайван жагсах эрх, нийгмийн халамж, амьдрах зохистой түвшинд хүрэх эрхийг хамгаалах үүрэгтэй.



Гэвч ахмадууд нас, нийгмийн байдал, үзэл бодлоороо ялгаварлагдаж буй нь хүний эрхийн зөрчил мөн. Засгийн газар ахмадуудын шаардлагыг үл тоомсорлож, өөрсдийн байр суурийг хүчээр тулгаж, “Монголын ахмадын дуу хоолой хөдөлгөөн”-ий төлөөлөлтэй уулзахаас зайлсхийж, зугтааж, харин эрх баригчдад ойр хүнээр дамжуулан “илбийн уулзалт” хийж байгаа нь жинхэнэ оролцогчдын дуу хоолойг дарах, үзэл бодлын эрх чөлөөг хязгаарлахыг оролдсон гэж үзэж болно.
Төр багш, эмч гэсэн мэргэжлийн бүлгүүдийн жагсаалд шударгаар хариу өгч, харин өндөр настай иргэдийн тэмцлийг үл тоомсорлож, харилцахаас тээршааж буй нь насны ялгаварлан гадуурхалтын шинжийг бүрэн илтгэж байна.
Ахмад настнууд бол нийгмийн хамгийн эмзэг бүлэгт тооцогддог учир гадны улс орнууд тэдний амьжиргаанд ихэд анхаардаг. Гэтэл эрх баригчид ахмадуудыг сонгуультай жилдээ л “ашиглачихаад” бусад үед хэрэгсдэггүй. Энэ бол ёс суртахуун болон хүний эрхийн хувьд хүлээн зөвшөөрөх аргагүй хандлага. Ахмадуудыг хүний тооноос хассанаас ялгаагүй юм.
Тэтгэврийн 8.6%-ийн нэмэгдэл бол “Амьд явах эрх”-ийг хангаж чадахгүй
572.400 төгрөгийн тэтгэвэртэй ахмад 8.6 хувийн нэмэгдлээр дөнгөж 621.000 орчим төгрөг авах нь. Энэ нь өнөөгийн амьжиргааны өртөг, хүнсний үнийн өсөлттэй харьцуулахад амьдралын наад захын хэрэгцээг хангахгүй! Цаашилбал, амьд явах зохистой нөхцөлийг хангах төрийн үүргээ биелүүлээгүй хүний эрхийн зөрчилд тооцогдоно. Өнөөгийн амьжиргааны өртөгтэй харьцуулахад амьд явах наад захын хэрэгцээг хангахгүй хэмжээнд ахмадуудыг хүчээр барьж буй нь төрийн халамж, хамгааллын үүргээ биелүүлэхгүй байгаа хэлбэр гэж дүгнэх үндэстэй байна аа.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисс (ХЭҮК) болон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөмжүүдэд “Амьдрах зохистой орчныг хангахуйц тэтгэвэр, халамж олгох нь төрийн үүрэг” гэж тодорхой заасан байдаг.
Ахмадуудын суулт мөнгөний төлөө бус хүний нэр төр, тэгш байдлын тухай тэмцэл болж томорч байна!
Ахмадуудын суулт, жагсаалд төрөөс үл анхаарч, бодит хэлэлцээр хийхгүй байгааг,
Нэгдүгээрт, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг үл хүндэтгэсэн зөрчил,
Хоёрдугаарт, насны ялгаварлалт,
Гуравдугаарт, амьдрах зохистой түвшний эрхийг хангах төрийн үүргээ биелүүлээгүй байдал
Дөрөвдүгээрт, төр–иргэний харилцаанд шударга ёс, тэгш байдлыг алдагдуулсан үйлдэл болжээ гэж дүгнэхээр байна.
Ахмадуудын эсрэг Засгийн газраас үзүүлж буй эдгээр зөрчил, ялгаварлалыг НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар зэрэг хүний эрхийн төлөө ажилладаг олон улсын байгууллагууд судалбал, дээрх үндэслэлүүдийн хүрээнд “Төрийн анхаарал хандуулж, хариуцлагын дүн шинжилгээ хийх шаардлагатай” гэж үзэх магадлал маш өндөр.

Хасах 13-15 хэмийн хүйтэнд сууж буй ахмадуудын шаардлага бол эхэндээ тэтгэвэр, амьжиргааны хэмжээний асуудал байсан. Гэтэл одоо савнаасаа хальж зөвхөн мөнгөний төлөө бус хүний нэр төр, тэгш байдлын тухай тэмцэл болж, томорч байна шүү, Засгийн газрынхаан!
Азийн хүний эрхийн шагналт сэтгүүлч Д.ГАНСАРУУЛ





